Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомын асуудал Монгол Улсад хурдацтай нэмэгдэж, олон нийтийн анхаарлыг татах болжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлт мэдээлэл өглөө.
Цахим мөрийтэй тоглоомын хууль эрхзүйн зохицуулалт
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг хориглосон байдаг. Үүнд цахим орчинд явагдаж буй мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа мөн хамаардаг. Өмнө нь мөрийтэй тоглоом гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс хөзөр тоглон бооцоо тавихыг хэлдэг байсан бол өнөө үед цахим платформуудын тусламжтайгаар онлайнаар мөрий тавих боломжтой болжээ.
Хуульд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гэтэл сүүлийн үед гадаад улсаас нэвтэрсэн "Bet" гэх мэт бооцоот тоглоомын платформууд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Цахим мөрийтэй тоглоом хэрхэн явагддаг вэ?
Эдгээр платформууд нь казиногийн адил системтэй бөгөөд:
-
Тоглогч гуравдагч этгээд буюу "агент"-аар дамжуулан дансаар мөнгө шилжүүлдэг.
-
Бооцоогоо тавьсны дараа ялалт байгуулсан тохиолдолд мөнгөө буцаан авахдаа мөн л агентуудаар дамжуулан авдаг.
-
Платформ дотор зөвхөн спортын бооцоо биш, казино, рулет, слот тоглоомууд зэрэг мөрийтэй тоглоомын бүх хэлбэр бий.
-
Тоглогчдын ихэнх нь "их хэмжээний мөнгө тавьбал илүү ихийг хожно" гэсэн буруу ойлголттой байдаг.
Гэтэл эдгээр тоглоомууд казинотой ижил алгоритмтай ажилладаг бөгөөд эхэндээ бага ялалт өгч, улмаар тоглогчийг их хэмжээний бооцоо тавиулах замаар хожигдуулж, мөнгийг нь алддаг байна.
Иргэдийн хохирол
Цахим мөрийтэй тоглоомд насаараа хуримтлуулсан мөнгөө алдсан, өрөнд орсон иргэдийн тоо өссөөр байна. Олон иргэн бусдаас мөнгө зээлж, найз нөхдөө уруу татаж, хожих гэж оролдсоор улмаар бүхнээ алдах эрсдэлтэй нүүр тулдаг.
Цагдаагийн байгууллагад иргэд шууд хандах нь бага байдаг. Ихэвчлэн гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллагад ханддаг бөгөөд хожимдсон байдаг тул алдагдсан мөнгийг буцаах боломжгүй болох тохиолдол их байдаг.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх алба болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна:
-
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг хүргэх,
-
Контент бүтээгчидтэй хамтран залуучуудад мэдээлэл түгээх,
-
Цагдаагийн шуурхай ажиллагааны хэлтэс-ээр дамжуулан залилуулсан иргэдийн мөнгийг шуурхай царцаах,
-
Телеграм, Фэйсбүүк, Инстаграм зэрэг платформ дээр мөрийтэй тоглоомын сурталчилгааг хаах арга хэмжээ авах.
Бусад улс орнуудын туршлага
-
ОХУ, БНХАУ зэрэг улсад цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон бөгөөд онлайн платформуудыг хянаж, зохих арга хэмжээ авдаг.
-
АНУ, Европын өндөр хөгжилтэй орнууд мөрийтэй тоглоомыг хуулиар зохицуулж, татварын хяналттай явуулдаг.
Монгол Улсад ямар өөрчлөлт хийгдэх вэ?
Одоогоор УИХ-д цахим мөрийтэй тоглоомын хууль батлах асуудал яригдаж байгаа. Гэвч энэхүү хууль батлагдах эсэх нь тодорхойгүй байгаа ч одоогийн нөхцөлд мөрийтэй тоглоомын платформуудыг бүрэн хориглох шаардлагатай гэж үзэж байна.
Иргэдэд өгөх зөвлөгөө
-
Цахим мөрийтэй тоглоомын платформд бүртгүүлэхгүй байх, хандалт хийхгүй байх.
-
Фэйсбүүк, Инстаграм, Телеграм дээрх мөрийтэй тоглоомын зар сурталчилгааг устгах.
-
Санхүүгийн хувьд эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх.
-
Залууст мөнгөний хялбар аргаар баяжих гэсэн сэтгэлгээг бус, хөдөлмөрлөж амжилтад хүрэх ойлголтыг түгээх.
"Мөрийтэй тоглоом ашиг өгдөг зүйл биш. Харин ч таны санхүү, амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлнэ" гэдгийг бүх иргэн ухамсарлах хэрэгтэй гэж цагдаагийн байгууллагаас онцоллоо.
Сэтгэгдэл (2)