Филиппин Улсад 2024 оны хоёрдугаар сарын 5-7-нд болсон Нээлттэй Засгийн түншлэлийн Ази, Номхон далайн гишүүн орнуудын Бүсийн чуулганд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар оролцлоо.
Тэд Сайд нарын түвшний хэлэлцүүлэг, ярилцлага, уулзалтуудад оролцож, сонгуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан, туршлага солилцсон байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо 2024 оноос хэрэгжиж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах сорилтод Азийн орнуудаас анх удаа нэгдсэн бөгөөд тус түншлэлийн хяналтын хороо Монгол Улсын оролцоог баталгаажуулж, чуулганы үеэр гэрчилгээ олгожээ.
Чуулганд Ази, Номхон далайн бүсийн 800 гаруй төлөөлөгч оролцож, ардчиллыг бэхжүүлэх, төр засгийн ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцсэн байна. Мөн бүс нутгийн түвшинд Нээлттэй Засгийн түншлэлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг хөндөж, шийдэл эрэлхийлсэн гэж СЕХ-ноос мэдээллээ.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо