Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лиг “Бүх оддын тоглолт”-ын дараа түр завсарлаад байна. Тус тоглолтын үеэр үе үеийн шилдэг тамирчид цугларч, сагсан бөмбөг сонирхогчдод баяр бэлэглэсэн бол Монголын шигшээ баг өчигдрөөс нэгдсэн бэлтгэлдээ гарлаа.
Манай шигшээ баг энэ сарын 20, 23-нд Азийн аварга шалгаруулах тэмцээнд (ААШТ) оролцох эрхийн төлөө чухал хоёр тоглолтоо хийх юм.
- Хоёрдугаар сарын 20-нд – Гуамын талбайд зочлон тоглоно.
- Хоёрдугаар сарын 23-нд – Улаанбаатар хотноо Японы шигшээ багийг хүлээн авна.
Гуамын эсрэг хийх тоглолт хамгийн чухал бөгөөд хэрэв Монголын шигшээ тэднийг 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал ААШТ-д оролцох боломжоо хадгалах юм. Харин үүнээс бага оноогоор хожих, эсвэл хожигдвол шигшээ багийн тэмцээн өндөрлөх юм.
"C" хэсгийн байдлыг харвал:
- Япон – 8 оноо (нэгдүгээр байр)
- Хятад – 7 оноо (хоёрдугаар байр)
- Гуам – 5 оноо (гуравдугаар байр)
- Монгол – 4 оноо (дөрөвдүгээр байр)
Гуам, Монгол ижил 6 оноотой болох тохиолдолд харилцан тоглолтын үр дүнг тооцно. Гуамын шигшээ өнгөрсөн онд Монголыг 74:63 оноогоор хожсон тул манай баг 12 болон түүнээс дээш онооны зөрүүтэй хожих шаардлагатай.
Монголын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн:
Грек мэргэжилтэн Фрагкиас Василойс нийт 18 тамирчныг шигшээд дуудаж, өргөтгөсөн бүрэлдэхүүнийг тодруулжээ. Үүнд:
- Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, О.Энхбаатар, Ч.Тэмүүлэн, Б.Барсболд, Г.Балжинням, Б.Энх-Амар, Ч.Маргад, Т.Ууганбаяр, Ч.Ихбаяр, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Э.Саруул-Эрдэнэ, Э.Энхбаясгалан, Г.Болор-Эрдэнэ, А.Азбаяр нар багтлаа.
Эдгээрээс Ш.Энхийн-Одоос бусад нь шигшээд тоглох боломжтой бөгөөд Г.Дөлгөөн, Э.Сугар-Очир нар эх орондоо ирсэн бол Д.Баясгалан ирэх боломжтой гэдгээ илэрхийлжээ.
ААШТ-д өрсөлдөх эрхээ авсан багууд
2024 оны наймдугаар сарын 5-нд Саудын Арабын Жедда хотод эхлэх ААШТ-д одоогоор дараах 7 баг оролцох эрхээ аваад байна:
- Саудын Араб
- Австрали
- Япон
- Филиппин
- Шинэ Зеланд
- Ливан
- Йордан
Монголын шигшээ багийн цаашдын хувь заяаг шийдэх Гуамын эсрэг тоглолт өндөр ач холбогдолтой болж байна.
Эх сурвалж: Монголын сагсан бөмбөгийн холбоо