Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайтай ярилцлаа.
-Та нийслэлийн засаг даргын орлогчоор томилогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ажлаа юунаас эхлүүлж, юу хийж амжуулав?
-Би инженер хүн. Инженерийн салбарт 17 жил ажиллаж байна. Монголын том компаниудад бүгдэд нь ажилласан туршлагатай. Анх туслах машинч, засварчнаар ажлын гараагаа эхлүүлсэн. Хамгийн сүүлд Монголд 109 сая ам.долларын шилдэг том төслийг ТЭЗҮ-ээс нь эхлээд ашиглалтад ортол удирдсан. Тиймээс том төслүүд, хууль эрх зүйг хамгийн сайн ойлгох байх гэж боддог. Манай аав, бас эхнэр инженер. Орон нутгийн сонгуулийн дараа аравдугаар сарын 15-наас Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон. Улаанбаатарт агаарын бохирдол, түгжрэл гэж харагдаж буй хоёр “өвчлөл”, дээрээс нь өнгөрсөн жилээс эхлээд эрчим хүчний дутагдал, зуны үер нэмэгдсэн. Энэ бүхэн харагдаж буй шинж тэмдэг. Эдгээр нь юунаас үүссэн бэ гэхээр Улаанбаатар хотод 1983 оноос хойш 42 жилийн хугацаанд нэг ч том суурь дэд бүтэц хийгдээгүй.
-Тухайлбал?
-Төв магистраль, зам, нийтийн тээвэр, шинэ дулааны, цахилгааны эх үүсвэр гээд хотод байх ёстой суурь дэд бүтцүүд. 1984 онд ТЭЦ-4-ийн IV блок л анх ашиглалтад орсон юм билээ.
Бидэнд ТЭЦ-5 гэж байдаггүй. Инженерийн суурь дэд бүтцээ хөгжүүлээгүйгээс агаар маш хүнд болсон. Түгжрэл дээд цэгтээ хүрсэн. Өнгөрсөн 42 жилд дэд бүтцүүдээ зөв хийгээд явчихсан бол өнөөдөр асуудал ингэж их хүндрэхгүй байсан. Нийслэл бол маш том айл. “Автобус I”, “Автобус II” дугаар бааз, Нийтийн тээврийн бодлогын газар гээд зуу гаруй газар байна.
-Нийслэл ийм өрөвдөлтэй байгаад хотын үе үеийн удирдлага буруутай юу?
-Тэднийг буруутгахаас илүү, нэгдүгээрт нийслэл гэж юу вэ, Засгийн газар гэж юу вэ гэдэг ажлын цар хүрээгээ ялгадаггүй юм байна. Засгийн газар юу хийх ёстой вэ. Ерөнхий сайд 22 сайдтай. Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, 20 минутын сайд, Эрчим хүчний яам гээд ажлын цар хүрээгээ ялгадаггүй учраас ажлуудаа давхардуулж хийгээд байдаг. Үр дүн гардаггүй. Дундаа хаядаг асуудлууд байна. Давхардуулж хийдгийн улмаас нийслэлийнхэн ажлаа хийх завгүй болдог. Өөрөөр хэлбэл, нийслэлийнхэн Засаг дээр л байнга ажиллаад байдаг. Хоёрдугаарт, нийслэлийн дотоод бүтэц зохион байгуулалт буруу. Улаанбаатар хот гэдэг менежментээ ойлгоогүй. Монголчууд бүх шатанд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэдэг томьёоллоо ойлгодоггүй юм байна. Энэ дээрээ алддагаас болоод бүтэц нь буруу, бүгд замбараагүй байна. Энэ хоёр зүйлийг засаад янзалчихвал одоо иргэдийн нүдэнд харагдаад буй зам тавих, цэвэрлэгээ үйлчилгээ сайжрах гээд нийгмийн асуудлууд шийдэгдээд явчихна. Яриад байвал маш олон юм байна. Эхлээд би энэ хоёр асуудлыг олж харсан. Энэ талаар саналуудаа тавиад, ойлголтууд өгөөд явж байна.
-Улаанбаатар хот замбараагүй байна гэлээ. Бодлогын түвшинд гол алдаа байна уу?
-Ул аанбаатарын зам болон орон сууцны төлөвлөлт тоолсон чинь долоон өөр газарт явагддаг юм байна. Замыг төлөвлөөд, таван өөр газар, гурван яам гээд долоон газар төлөвлөдөг. Долоон өөр эзэнтэй. Өнөөдөр шугам хоолой тавиад, ирэх жил тэрийгээ эвдээд, шинээр зам тавиад байна гээд хүмүүс уурладаг. Нэг юмны төлөвлөлт долоон өөр газарт явахаар аргагүй шүү дээ. Нэгдсэн нэг бодлого байхгүй. Миний хувьд олон улсын сонгодог жишгээр Улаанбаатар хотыг тайлбарлаад байгаа юм. Хот гэдэг ерөнхий архитектор. Доороо төлөвлөлтийн газартай байх ёстой. Тэрнээс хот бодлого гаргадаг газар биш шүү. Яам бодлого гаргадаг. 20 минутын хотын концепцтой бай гэдэг бодлогыг яг үнэндээ БХБЯ гаргах ёстой. Яамнаас гаргасан бодлогыг хот гүйцэтгэнэ.
Энэ бол хотын захиргаа буюу ерөнхий архитектор (самбар дээрх схем зургийг тайлбарлав. сурв). Ерөнхий архитекторын дор газар, нийтийн тээвэр, орон сууц төлөвлөлт нь хийгдэнэ. Нийтийн тээврийг Зам тээврийн яам, дээрээс нь цахилгаан дулааныг Эрчим хүчний яамны бодлого чиглэлээ уялдуулаад, төлөвлөсний дагуу ерөнхий архитектор тэр төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлээд, дуусахаараа том СӨХ ажиглалтад орж байгаа юм. Хөгжсөн газруудад хот гэж юу байдаг вэ гэхээр зүгээр том СӨХ. Жишээлбэл, Европын хөгжсөн хотуудын 60 давхраар аваад үзэхэд, иргэд нь аюулгүй, орц нь цэвэрхэн байх ёстой. Гэртээ ороход нойлоороо бохир нь гүйдэг, халуун ус нь гоождог, хоггүй, орчин нь цэвэрхэн. Орчныхоо гадаа харахад суух талбайтай, эрүүл орчинтой. Ийм л СӨХ байх юм.
-Анхнаасаа Улаанбаатар хотыг 500-гаад мянган хүн амьдрахаар төлөвлөсөн гэдэг. Хүн амын тоо өсөх хэрээр зайлшгүй өөрчлөх шаардлагатай болж байгаа болов уу?
-Манайх хөгжиж буй ядуу орон. 42 жил юу ч хийгдээгүй. Улаанбаатар хотыг 470 мянгаар төлөвлөөд, суурь дэд бүтцүүдээ хийсэн. Гэтэл 42 жилийн хугацаанд хүн ам нь албан бусаар хоёр сая хүрчихсэн. Гэр хороолол нь 5-6 дахин тэлсэн. Тэгсэн хэрнээ хотын төвд байгаа дулаан, бохирын шугам хуучин наян хэдэн оныхоороо байна. Үүнээс болоод бүх асуудал үүсч байна. Гэр хороололд амьдарч байгаа иргэд нийгмийн үйлчилгээ авах гээд хотын төвд орж ирээд, бүгд зам дээрээ түгжирч байна. Тэгэхээр хоёр сая хүнтэй шинэ хот хийхийн тулд тус тусдаа биш, ерөнхий архитектор нэг төлөвлөөд явах хэрэгтэй. Тэгиймээс төслүүдээ хэрэгжүүлээд, том дэд бүтцүүдээ хийгээд, нөгөө “СӨХ”-дөө өгөөд л бол оо.
Бид эхлээд концепцоо гаргаад, бага багаар өөрчилж эхэлж байна. Төлөвлөлтөө нэг болгож уялдуулчихаар миний түрүүний ярьсан нэг жил нь зам тавьснаа дараа жил нь хуулж эвддэг байдал арилна. Маш том газар учраас хурдан цэгцрэхгүй юм билээ. Би яриад, цэгцэлье гээд тайлбарлаад л байна. Дараагийн асуудал нийслэлийн удирдлагууд ажлаа хийж чаддаггүй.
-Чадваргүй байна гэж үү?
-Засгийн хурал, Үндэсний хороо, яамд дээр байнга дуудагддаг. Архангай, Дарханы Засаг дарга нар Засаг дээр байн байн ирдэг бил үү, ирдэггүй. Засаг нь засгийнхаа ажлыг хийгээд, бодлогоо гаргаад, бид орон нутгийнхаа ажлыг тусдаа хиймээр байгаа юм. Бид чинь өөрсдөө Иргэдийн төлөөлөгчийн хуралтай. Нийслэлийн гүйцэтгэж байгаа багт тусдаа тав, зургаан дарга байна. Бид ИТХ дээр орж тайлбарлаж, баахан шийдэл авна, яг УИХ шиг. Дээр нь УИХ дээр байнга очдог. Орон сууцжуулах үндэсний хороо, өвөлжилтийн байнгын хороо гээд, байнга дуудна. Нэг юм хэрэгжүүлж байгаа газрыг дөрвөн талаас дууддаг. Бид ажлаа хэзээ хийх вэ. Бодоод байхад орон нутгийн өөрөө удирдах байгууллага манай Иргэдийн төлөөлөгчид л бидний дарга байг л дээ. УИХ дээр улсынхаа юмыг ярьдаг юм байгаа биз. Би чинь энэ Улаанбаатар хотын л удирдлага. Ажил үүргийн тухай ярих тэр Чойбалсангийн хүнд огт хамаагүй шүү дээ. Улаанбаатар хотынхоо иргэдийн төлөө үүрэг х ү лээгээд, сайхан амьдруулах гээд ажлаа хийж байгаа бол нийслэл, хотын иргэдийн төлөөлөгчдөө л захирагдъя л даа. Би хаа байсан Ховдоос сонгогдсон гишүүнд очиж тайлбар хэлэх ямар хэрэг байгаа юм бэ. Ховдын иргэд Ховддоо очоод л сонсоно биз дээ. УИХ, яамд бодлогоо шийдэхгүй бид хэдийг яагаад ажил хийлгэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч байна. Тэгэхээр энэ буруу явсан жишгээс болоод нийслэлийн удирдлагууд завгүй, ажлаа хийх боломжгүй, дээрээс нь байнгын дарамттай байна. Төлөвлөлт буруугаас ажил урагшилдаггүй. Тэгэхээр эндээс нь цэгцлээд явж байна. Яриад байвал олон асуудал байна даа.
-“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцэж байна. Гол барьж буй чиглэлийн тухайд ярихгүй юу?
-Улаанбаатар хотыг 24 мега төсөл, нэгдсэн нэг төлөвлөлттэй болгож байна. Анх удаа бүх төслийг нэгд тавилаа. Одоо 24 мега төслүүдээ эрэмбэлж байна. 20 нь Улаанбаатар хотын төсөл. Зам тээврийн яамны гурван төсөл, нэг нь 20 минутын хот үндэсний хорооных. Энэ төслүүдийн төлөвлөлтийг олон улсын прожект менежментээр түлхэж байна.
Улаанбаатар хот том төсөл хэрэгжүүлж үзээгүй. Туршлагатай хүн маш ховор, бараг Монгол Улсын хэмжээнд. Тэгэхээр энэ бүгдийг зааж өгөх, чиглүүлэх, олон улсын жишгээр нь зөв явуулахыг хичээж байна. Би “Вагнер Ази”, Оюу толгой гээд олон улсын инженерийн том төслүүд дээр тэр жишгээр ажиллаж байсан. Одоо бид мега төслүүдээ олон улсын хэмжээнд, олон улсын сэтгэхүйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг тэрбум ам.долларын төслийг олон улсынхаар сэтгэхгүйгээр ажиллахгүй, ойлгохгүй, хүлээж авахгүй. Гэрээний маргаанд орох учраас болохгүй. Манай улсын салбар хуулиуд их буруу байна. Улаанбаатар хот том төсөл хэрэгжүүлж үзээгүй. Туршлагатай хүн маш ховор. Тэгэхээр энэ бүгдийг зааж өгөх, чиглүүлэх, олон улсын жишгээр нь зөв явуулахыг хичээж байна.
-Засгийн газар 14 мега төсөл, хот 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэхээр зарим иргэд их шүүмжлэлтэй хандаж байна. Нэгдсэн бодлогоор зангидаад, хөгжлийг нэг харж байдлаар болохгүй юу?
-Манай Улаанбаатар хотын хэрэгжүүлэх гээд байгаа 24 мега төсөл улсын хэрэгжүүлэх гэж байгаа 14 мега төслөөс илүү ач холбогдолтой, илүү хүндрэлтэй. Яг үнэндээ том мега төслүүд хэрэгжүүлэхэд, тухайлбал, гангийн том төсөл дээр гэхэд эрчим хүч нь ч байна, зам тээвэр нь ч байж байдаг. Том барилга, үйлдвэр нь ч байж байдаг. Том төсөл хэрэгжүүлэхэд салбарын хуулиуд бүгд хэрэглэгддэг. Салбар хуулиа нийцүүлж, олон улсын стандартын дагуу харах биш, өөр өөрсдөө хөгжөөд явчихдаг. Засгийн газар инженерийн сэтгэл зүй, том төслийн сэтгэл зүйтэйгээр харахгүй бол сайд нар нь өөр өөрсдийнхөөрөө хөгжүүлээд яваад байдаг. Том төслүүд хэрэгжүүлэхэд дунд нь нөгөө хэдэн хуулиуд нь нийлэхгүй, өөр өөр утгатай, буруутгаад байдаг. Жишээлбэл, зураг төсөл гэдэг нэг утга байдаг. Зураг төсөл гэдэг тодорхойлолт нь саяны хэлсэн дөрвөн салбар, зургаан хууль дээр зургаан өөр тодорхойлолттой. Тэгсэн хэрнээ Төсвийн хуулин дээр төсөв, хөрөнгө оруулалт, Монгол Улсын Худалдан авалтын тухай хуулин дээрээ зураг төсөл гэдэг нэг утгатай. Тодорхойлолт нь зургаан салбарын хуулинд зургаан өөр байдаг. Тэгэхээр хүн хүссэнээрээ ойлгож болохоор байгаа биз дээ. Гэх жишээний зөрчлүүд зөндөө байна.
-Нийслэл хот 2040 оны төлөвлөгөөгөөр хэрхэн өөрчлөгдөх вэ?
-15 жилийн дараахь ерөнхий төлөвлөгөө. Улаанбаатар хот хэдэн хүнтэй байх вэ, хүн амын өсөлт тийм байна, 20 минутын хот ийм байна, нэг хүнд ногдох ногоон байгууламж тэд байна, хүнд ээлтэй хот байна гэдэг ерөнхий философи нь. Бид Туулын хурдны зам барина гээд зарлачихсан. Метро, хэмжээ бүгд тусгагдаад явж байна. Нэг ёсондоо Туулын хурдны зам, метро нэг тавигдаад цаашаа 50, 100 жилийн дараа байж л байна шүү дээ. Тийм учраас “Алсын хараа” руугаа том төслүүдээ илүү уялдуулж явна. Жижиг нарийн асуудлуудыг хэсэгчилсэн төлөвлөгөөндөө тусгаад явна. 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн амыг албан байдлаар хоёр сая, албан бусаар 2.4 сая байна гэж тооцоолсон. 20 минутын 14 хот, дагуул дөрвөн хоттой. 14 жижиг хот болгондоо хүмүүс нь алхаад юм уу, 20 минутын зайд бүх нийгмийн үйлчилгээндээ хүрч чаддаг байхаар явъя. Хүндээ ээлтэй, 20 минутын дотор ажилдаа ч оччихдог, сургууль цэцэрлэгтээ ч хүүхдүүд орчихдог байхаар төлөвлөөд, бүх юмаа уялдуулж хийж байна. Сүүлийн 30, 40 жилд Монгол Улс анх удаа ийм гоё нэгдсэн байдлаар төлөвлөж байгаагүй. “Алсын хараа”-тайгаа уялдуулаад, том төслүүдээ гараанаас гаргаж чадаж байна гэж бодож байна.
-Том төслүүдээ явуулахад хөрөнгө мөнгө санхүү, ажиллах хүч мэдээж дутна. Энэ асуудлыг яаж зохицуулахаар төлөвлөсөн бэ?
-Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд макро түвшинд хоёр асуудал бий. Өөрөөр хэлбэл, зөөлөн талдаа хоёр, материаллаг талдаа хоёр асуудал байна. Бид бүгдээрээ энэ төслүүдийг хэрэгжүүлье гээд улс төрийн шийдэлд хүрчихлээ. Мөнгийг нь шийдчихлээ гэхэд энэ чинь бодит материаллаг төсөл. Монгол Улсад хэрэгжүүлэхэд хоёр асуудал тулгарна. Нэгдүгээрт, таны хэлж байгаа ажиллах хүч. Монголд байгаа ажиллах хүчин хүрэхгүй учраас гадаадаас тодорхой хэмжээгээр квот заагаад ажиллах хүч оруулж ирэхээс өөр арга байхгүй. Яагаад вэ гэхээр, ийм олон төсөл түүхэндээ хэрэгжиж байгаагүй. Энэ онд гэхэд 2.5 тэрбум ам.долларын төсөл бий. 24 мега төслийн нийт хөрөнгө оруулалт 16 тэрбум ам.доллар. Бид үүнийг хийнэ. Тэгэхээр ажиллах хүч дутна. Энийг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэгд, мөнгө, шийдэл нь байгаад ажиллах хүн байхгүй бол төсөл хэрэгжихгүй. Сая ажиллах хүчний хууль өргөн бариад уначихлаа. Маш их харамсалтай. Хоёрдугаарт, энэ чинь бүгд материаллаг зүйл. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй дэд бүтцүүдийн төслийн 20-30 хувь нь ложистик байдаг. Учир нь, Монгол Улсад үйлдвэрлэл байхгүй. Бүх юм нь Хятадаас орж ирнэ. Тийм учраас зам, ложистикийн асуудлууд дээр бодлого барих ёстой.
-Ложистик хэчнээн хэрэгтэй вэ гэдгийг ковидын үед бидэнд сайн ойлгуулсан шүү?
-Тийм ээ. Юу ч орж ирэхээ болиод, сүүлдээ бүр хүнсгүй болоо биз дээ. Шийдэл нь Замын-Үүдийн хил нэвтргэх чадамж, дээрээс нь замын даацыг чөлөөлж, тээврийн зардлыг буулгаж байж энэ төслүүд хямдхан хэрнээ бодитой хэрэгжинэ. Эрх зүй талдаа хоёр асуудал байна. Бид энэ том төслүүдийн санхүүжилтийн моделийг их зөв гаргах ёстой. Манайх сая их буруу юм хийчихсэн.
-Тэр нь юу вэ?
-Алдагдалгүй төсөв баталлаа гээд. Хөгжиж байгаа улс хэзээ ч алдагдалгүй төсөв баталдаггүй. Алдагдалтай баталж байж, хасахтай байж, зарим юм дээр мөнгө хэмнэж, эсвэл өртэй үлдэж байж, дэд бүтцүүдэд хөрөнгө оруулалт орж байж хийгдэн, эдийн засаг өөрөө тэлж явдаг. Макро эдийн засаг дээр, өөрөөр хэлбэл 40, 50 онд нэгдүгээр цахилгаан станц хийж байх үеийн манай эдийн засаг маш жижигхэн. Тийм үед цахилгаан станц хийгээд ашиг олно гэж хэзээ ч байхгүй. Ямар нэг байдлаар заавал өр гаргаж байж, Оросын, энд тэндхийн тусламжаар хийж эдийн засаг үүсдэг. Тэгэхээр суурь дэд бүтэц, цахилгаан станц, ус цэвэрлэх байгууламж, метро зэрэг нь хувь хүний халаас жижиг, микро эдийн засаг биш. Энийг хийх хэрэгтэй, хийнгүүт шинээр эдийн засаг үүсдэг. Зах зээл, ажлын байр гээд энэ чинь өөрөө эдийн засгаа тэлж байгаа юм. Тэгэхээр бидний яриад байгаа мега төсөл гэдэг Монгол Улсын хүн амын суурь хэрэгцээ. Дэд бүтцийг заавал солих хэрэгтэй. Эдгээрийг хийхдээ бид макро эдийн засгийн хувьд санхүүгийн зөв механизмуудыг ашиглахгүй бол болохгүй.
-Та түрүүн алдагдалгүй төсөв баталлаа гэлээ. Жилийн жилд л алдагдалгүй төсөв батлах ёстой гэж ярьсаар ирсэн шүү дээ?
-Энэ маш буруу. Араас нь олон улсаас зээл аваад, баталгаа гаргах гэхээр Засгийн газрын өрийн тааз тулчихаад байдаг. Бидэнд эх үүсвэр олддог. Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас мөнгийг нь өгье гэдэг. Өрийн тааз нь тулчихдаг учраас зээл авч чаддаггүй. Гэлээ гээд бидэнд хийж чадахгүй нь гэх эрх байхгүй. Төр ашгийн төлөө газар биш. Иргэдэд юу хэрэгтэй вэ гэхээр аюулгүй, агаарын бохирдолгүй орчинд үр хүүхдээ өсгөөд, тайван амьдрах. Хүний амьдрал ерөөсөө л тэр. Эцсийн эцэст тодорхой ажилтай, цалинтай, нийгмийн амьдрал нь гоё, гоё байртай, стрессгүй, аюулгүй, нийтийн тээвэр нь хөгжсөн нийгэмд хүн амьдрахыг хүснэ. Тэгэхээр төр гэдэг макро эдийн засаг дээр санхүүгийн менежментийн маневр хийж, иргэддээ сайхан амьдрах орчин бүрдүүлж өгөх ёстой. Улаанбаатар хотын захиргааны үндсэн үүрэг. Улсын хувьд санхүүгийн механизмаа зөв шийдэхгүй буруу шийдэл гаргаад, иргэд нь түүнд баярлаад байгаа байхгүй юу. Иргэддээ зөв ойлгуулмаар байгаа юм. Алдагдалгүй төсөв баталснаар бид өөрсдийнхөө ирээдүйгээ л хорлож байгаа юм. Эдийн засгийн ойлголтгүй УИХ-ын гишүүд нь худлаа шоудаад, алдагдалгүй төсөв батлуулах хэрэгтэй гэж иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Ингэж буруу ярьдаг УИХ-ын гишүүн Баярмаа нарт хэлмээр байгаа юм. Эдийн засгаа уншаад ойлгохгүй, юм хийж үзээгүй байж сенсацилах хэрэггүй. Худлаа сенсацилж, иргэдийн амьдралыг гацаадаг хүмүүс нь НИТХ-ын зарим төлөөлөгчид, УИХ-д сонгогдож гарч ирсэн хүмүүс байдаг юм билээ.
-Нийслэл метро барина гэдэг итгэл хүмүүст тэр бүр төрөхгүй байгаа нь ажиглагдаж байна. Энэ төсөл урагштай байна уу?
-Метроны техник эдийн засгийн үндэслэл өнгөрсөн долоо хоногт зөвлөлөөр орж, 70 хувийн саналаар батлагдсан. ТЭЗҮ батлагдсан учраас эхний үе шатаа хаагаад, хоёрдугаар үе шатан дээрээ тодорхой нөхцөлүүдээ тавьж зарлаад, түүний араас шалгаруулалтаа хийгээд, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт гүйцэтгэгчийг шалгаруулаад ажилд нь оруулна даа.
Өдрийн сонин