АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлигт пүрэв гарагт гарын үсэг зурсан талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
АНУ-ын Засгийн газар ОУЭШ-ийг АНУ болон түүний холбоотнуудын эсрэг хууль бус, үндэслэлгүй ажиллагаа явуулж байна гэж үзэн уг шийдвэрийг гаргасан байна. Трампын зарлигт дурдсанаар, шүүхийн үйл ажиллагаа АНУ-ын тусгаар тогтнолд халдаж, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын салбарт чухал ажлыг алдагдуулж байгаа аж.
Шинэ зарлиг нь АНУ болон түүний холбоотнуудын иргэд, гэр бүлийн гишүүдийг мөрдөн шалгахад оролцож буй ОУЭШ-ийн ажилтнуудад санхүүгийн болон визийн хязгаарлалт тогтоох боломжийг олгож байна.
АНУ нь Ромын дүрмийг соёрхон батлаагүй тул тус улсын иргэдийг ОУЭШ шүүх эрхгүй гэж Вашингтон өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард ОУЭШ-ээс Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галант нарыг Газын зурвас дахь мөргөлдөөнтэй холбоотой хүмүүнлэгийн эсрэг болон цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах зөвшөөрөл олгосон юм.
АНУ-ын Бүгд найрамдах намынхан өнгөрсөн сард ОУЭШ-д хориг арга хэмжээ авах төслийг санаачилсан боловч Ардчилсан намынхан уг төслийг хоригложээ.
Д.Трампын хоёрдугаар сарын 6-нд гаргасан зарлиг нь ОУЭШ-ийн эсрэг хоёр дахь удаагийн хориг арга хэмжээ авах шийдвэр юм. Түүний эхний зарлигийг 2020 онд гаргаж байсан бөгөөд тухайн үед Афганистанд явуулсан АНУ-ын ажиллагааг мөрдөн шалгасан ОУЭШ-ийн өндөр албан тушаалтнууд хориг арга хэмжээнд өртөж байв.