Японы Сумогийн холбоо өнөө өглөө болсон Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлаар Монголын бөх Хоошёорюү С.Бямбасүрэнд ёкозүна цол олгох шийдвэрийг албан ёсоор гаргалаа.
Өдгөө 25 настай тэрбээр ням гарагт Токиогийн Рёогокү Кокүгикан ордонд өндөрлөсөн шинэ оны анхны башёд 12 давж, гурав унасан амжилтаар түрүүлсэн юм.
Хоошёорюү авга ах Асашёорюү, мөн хамгийн сүүлд шинэ оны барилдааны үеэр гэмтлийн улмаас зодог тайлсан их аварга Тэрүнофүжи нарын дараа сумогийн спортын 74 дэх ёкозүна, Монголоос төрсөн зургаа дахь ёкозүна болж байна.
Сумогийн холбооны хурлын дараа Токио хот дахь Хоошёорюүгийн Тацүнами дэвжээнд аваргын цол олгох ёслол болно.
Эзэн хааны цомын хошой аварга С.Бямбасүрэн ирэх гуравдугаар сард Осакагийн Эдион Аренад болох хаврын башёд барилдах цорын ганц ёкозүна цолтон байх юм.
Тэрбээр Тэрүнофүжиг зодог тайлсны дараа цолоо ахиулснаар сумогийн ертөнц сүүлийн 32 жилийн хугацаанд анх удаа их аваргагүй болохоос зайлсхийж чадлаа.
Сэтгэгдэл (1)