УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 28-нд намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа.
Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Энэ хугацаанд байнгын хороо 19 удаа хуралдаж, 39 асуудлыг хэлэлцэн, 12 хуулийн төсөл, УИХ-ын 25 тогтоолын төсөл, байнгын хорооны 6 тогтоолын төслийг шийдвэрлэсэн” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн УИХ-ын даргын захирамжаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дөрвөн ажлын хэсэг ажиллаж байгааг дурдсан байна.
УИХ-ын гишүүн С.Зулпхар “Чуулган завсарлах хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд, салбарын төлөөллүүдтэй уулзан, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зохион байгуулалтын ажлууд хийнэ” гэв.
Тэрбээр цааш нь “Намрын чуулганы хүрээнд УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг баталсан бөгөөд тус төлөвлөгөөнд УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг бэхжүүлэх зорилтыг тусгасан. Цаашид УИХ хууль баталдаг, тогтоол, шийдвэр гаргадаг байгууллага байгаад зогсохгүй хяналтын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн онцоллоо.