Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд энэ онд 90 мянга орчим иргэнийг эрт илрүүлэгт хамруулах зорилт тавиад байна. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ердөө 25 мянга гаруй хүн энэ үйлчилгээнд хамрагджээ.
Эрт илрүүлэг нь иргэдийг насны бүлгээр нь дөрөв ангилан, тухайн насанд зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх зарчмаар хийгддэг. Тухайлбал:
- 18-30 насныханд БЗХӨ болон элэгний В, С вирусийн халдвар түгээмэл илэрч байна.
- 31-45 насныхан, 46-60 насныханд хоол боловсруулах замын өвчин, дотоод шүүрлийн эмгэгүүд илүүтэй тохиолдож байна.
Өвчнийг эрт илрүүлэх ач холбогдол
Эрт илрүүлэг нь зөвхөн оношлох бус, сэжигтэй тохиолдлуудыг нарийн шинжилгээнд хамруулж, шаардлагатай эмчилгээнд шилжүүлэх үүрэгтэй. Жишээ нь, БЗХӨ сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн иргэнийг холбогдох диспансерт шилжүүлж, онош тодруулан эмчлэх үйл явцыг зохион байгуулдаг. Бусад өвчний хувьд ч нарийвчилсан шинжилгээ хийж, онош батлагдсан тохиолдолд өвчтөнүүдийг хяналтад авч, эмчилгээ эхлүүлдэг.
Өнгөрсөн хугацаанд тус эмнэлэгт эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн дунд 87 тохиолдол ходоод, улаан хоолойн хорт хавдраар оношлогдсон бөгөөд ихэнх нь хожуу шатандаа илэрсэн байна. Судлаачид үүнийг иргэдийн амьдралын хэв маяг, хоол хүнстэй шууд холбоотой гэж дүгнэж байна. Ялангуяа түргэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаатай уялдан хоол боловсруулах замын өвчлөл эрчимтэй өсөж буй аж.
Харамсалтай нь эрт илрүүлэгт залуучуудын оролцоо хангалтгүй байна. Шинжилгээнд хамрагдаж буй иргэдийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан бөгөөд ажил, амьдралын шалтгаанаар залуу хүмүүс оношилгоог хойшлуулах хандлагатай байна. Эрүүл мэндийн байгууллагууд залуусыг эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Орон нутгийн эрт илрүүлгийн явц
Орон нутгийн эрт илрүүлгийн хамрагдалт харилцан адилгүй байна. Ховд аймагт 18-аас дээш насны иргэдийн 60 орчим хувь нь эрт илрүүлэгт хамрагдаж, нийт 53 мянган иргэнээс 20 гаруй хувьд нь хоол боловсруулах болон зүрх судасны өвчлөл илэрчээ. Мөн 181 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд элэг, хоол боловсруулах замын хавдрууд хамгийн түгээмэл илэрч байна.
Говь-Алтай аймагт жилд 1500-2000 орчим иргэн эрт илрүүлэгт хамрагддаг бөгөөд газар зүйн онцлогоос шалтгаалан зүрх судасны өвчлөл хамгийн түгээмэл бүртгэгджээ. Өнгөрсөн онд 192 иргэн тархины цус харвалт, 23 иргэн зүрхний шигдээсийн оноштойгоор эмнэлэгт хандсан бол энэ онд 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр өвчтөнүүдийн зарим нь Ховд аймгийн бүсийн оношилгооны төвд, зарим нь Улаанбаатар хотод ангиографийн шинжилгээ, эмчилгээнд хамрагджээ. Тархины харвалт, зүрхний шигдээсийн үед цаг алдалгүй эмчилгээ хийх нь өвчтөн сэргэх, амьдрах чадварт эерэг нөлөөтэй тул орон нутгийн эмнэлгүүдэд ангиографийн аппарат нэн шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Эрт илрүүлэг – урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга
Монгол Улсад иргэд хоёр жил тутамд эрт илрүүлгийн багц шинжилгээнд хамрагдах боломжтой. Энэ жилээс өмнө нь эрт илрүүлэгт хамрагдаж байсан иргэд дахин оношилгоонд орох боломжтой болжээ.
Эрт илрүүлэг нь өвчнийг далд шатанд нь оношилж, хүндрэлийн эрсдлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга учраас иргэдийг идэвхтэй хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд уриалж байна.