Coca-Cola брэндийн Европын салбар болох Coca-Cola Europacific Partners Plc Бельги, Люксембург, Нидерландын зах зээлээс өөрсдийн зарим бүтээгдэхүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Энэхүү арга хэмжээ нь ундааны тодорхой хэсэг хлорат гэх химийн бодисоор бохирдсон байж болзошгүй хэмээн тогтоогдсонтой холбоотой гэж Bloomberg мэдээлэв.
Хлорат гэж юу вэ, ямар аюултай вэ?
Хлорат нь их хэмжээгээр хэрэглэх үед хүний биед хор нөлөө үзүүлэх боломжтой химийн нэгдэл юм. Энэ бодис нь бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, цусны улаан эсийн исэлдэлтийг үүсгэж, цаашлаад бөөрний дутагдалд хүргэж болзошгүй аж. Хэдийгээр бага тунгаар байгальд байдаг ч хүнсний бүтээгдэхүүнд хяналтгүй хэмжээгээр агуулагдвал эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй юм.
Ямар бүтээгдэхүүн эргүүлэн татагдсан бэ?
Хордлогын эрсдэлтэй бүтээгдэхүүнүүд нь Coke, Fanta, Sprite зэрэг ундааны тодорхой багцуудад хамаарч байгаа бөгөөд эдгээр нь 328 GE - 338 GE кодтой лааз, шилтэй бүтээгдэхүүнүүд юм. Химийн бодисын бохирдол компанийн нэгэн үйлдвэрийн тээвэрлэлтийн чингэлгээс үүссэн байх магадлалтай гэж урьдчилсан байдлаар үзэж байна.
Энэ асуудал Coca-Cola компанид хэрхэн нөлөөлөв?
Эргүүлэн татах ажиллагаа зах зээлд дорвитой нөлөө үзүүлсэнгүй. Харин ч эсрэгээрээ Coca-Cola-гийн хувьцаа 3%-иар өсөж, бараг 64 ам.долларт хүрсэн байна. Энэ нь компанийн хариу арга хэмжээ хурдан, ил тод байсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаагүйтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: OfficeLife