ОХУ-аас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт хандан, нацистууд болон тэдний хамсаатнуудыг алдаршуулсан тухай баримтуудыг хавсаргасан захидал илгээжээ. Тус захидлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн баримт бичгийн нэг хэсэг болгон түгээн дэлгэрүүлэхийг хүссэн байна.
ОХУ-ын НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя Холокост буюу хоморголон устгалтад өртөж амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдрийн арга хэмжээний үеэр энэ тухай мэдэгдэв. Тэрбээр “1945 оны Аугаа ялалтгүйгээр бидний мэдэх НҮБ ч, дэлхий ч байхгүй байх байсан. Гитлерийн эсрэг эвслийн орнууд НҮБ хэмээх нэрийг авч, бид үүнийг мартах ёсгүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Холокостын олон улсын өдрийг нэгдүгээр сарын 27-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр нь 1945 онд Зөвлөлтийн Улаан арми нацистуудын хамгийн том үхлийн лагерь болох Аушвиц-Биркенауг чөлөөлсөнтэй холбоотой юм. Тус лагерийн ажиллагааны үеэр 1.4 сая орчим хүн амь үрэгдсэний 1.1 сая нь еврейчүүд байжээ.
1947 онд Аушвиц-Биркенаугийн нутаг дэвсгэрт музей байгуулж, 1979 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэ онд тус лагерь чөлөөлөгдсөний 80 жилийн ой тохиож байгаа ч Оросын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг тэмдэглэлт арга хэмжээнд уриагүй байна.
Эх сурвалж: RIA Novosti