Монгол Улсын нутаг дэвсгэрээс 1000 гаруй хүн чулуун хөшөө олдсон байдаг ч, Ингэт толгой орчмоос илрүүлсэн энэхүү хүн чулуу нь онцгой ач холбогдолтой болохыг археологичид тогтоолоо. Судалгаагаар уг хүн чулуу нь 1500 орчим жилийн настай буюу Жужан улсын төгсгөл үеэс хамаарах Буддагийн дүрслэлтэй шашны эхэн үеийн дэлгэрэлтийг батлах анхны биет өв болох нь тогтоогджээ.
Буддагийн дүрслэл бүхий хөшөө
Хөшөөний баруун гар тохойгоор нугарч, алгаа урагш харуулсан нь "дээдийн бөхийн мутарлаг", зүүн гар нь мөн тохойгоор нугарч, алгаа урагш харуулсан нь "өглөгийн мутарлаг" хэмээн тайлбарлагддаг. Буддагийн үсийг орой дээрээ овоолсон байдлаар дүрсэлсэн нь Хятад, Дундад Ази, Энэтхэгийн Буддагийн босоо баримлуудтай ихээхэн төстэй гэж үзэж байна.
Монголд бурхны шашин 2000 жилийн түүхтэй гэж үздэг ч, энэ олдвор 1600 орчим жилийн өмнө Буддын шашин Монголд бодитоор дэлгэрч байсан бодит нотолгоо болж байгаа аж. Өмнө нь Монголын тал нутагт иймэрхүү босоо дүрслэлтэй Буддагийн хөшөө илрээгүй байсан нь тус олдворын үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна.
Тахилын сүмийн туурь болон бусад олдворууд
Малтлагын явцад нийтийн тооллын 416-538 оны үед хамаарах тахилын сүмийн туурь илэрчээ. Сүмийн төв хэсэгт наран ургах зүгт харсан гэрэлт хөшөөний суурь бүхий чулуу, яст мэлхийн дүрстэй чулуун суурь хөндөгдөөгүй байдлаар олдсон байна. Энэ нь шашны эхэн үеийн дэлгэрэлтийн хосгүй үнэт гэрч болохыг судлаачид онцолж байгаа юм.
Энэхүү тууриас нийт 200 гаруй олдвор илрүүлж, нарийвчлан судалж байгаа бөгөөд тухайн үеийн архитектур, барилгын хэв шинжийг тодорхойлох чухал мэдээллүүдийг өгч байна. Олдворуудын дотор Умард Вэй гүрний үеийн барилгын нүүр ваар, чимэглэл, сүмийн хэрэглэгдэхүүнүүд багтаж байгаа нь сонирхол татаж байна. Умард Вэй нь 380-530-аад оны хооронд умард Хятадын нутагт оршин тогтнож байсан сяньби угсааны тоба нарын байгуулсан эзэнт гүрэн юм.
Эзэнт гүрний нөлөө ба язгууртны тахилын сүм
Малтлагын явцад илэрсэн барилгын чимэглэл нь зөвхөн хаад, язгууртнуудад зориулсан барилгуудаас олддог онцлогтой бөгөөд Ингэт толгойн тахилын сүм нь хаан угсааны хүнд зориулж баригдсан байх өндөр магадлалтай гэж судлаачид үзэж байна. Тус сүмийн дэргэд байсан гэрэлт хөшөөний гарал үүсэл одоогоор тодорхойгүй ч, судалгааны үр дүнд энэ талаар илүү нарийн мэдээлэл гарах боломжтой юм.
Энэхүү археологийн олдвор нь Монгол дахь Буддын шашны хамгийн эртний биет нотолгоо төдийгүй, тухайн цаг үеийн шашин, соёл, улс төрийн нөлөөллийг судлах үнэ цэнтэй түүхэн баримт болж байна.