Хятад, Энэтхэг хоёр гуравдугаар сарын нийлүүлэлтийн Оросын нефтийг худалдан авахаа түр зогсоосон талаар мэдээлж байна. Энэ нь АНУ-ын шинэ хориг арга хэмжээний улмаас зарим танкеруудын түрээсийн зардал нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна.
АНУ нэгдүгээр сарын 10-нд Оросын эрчим хүчний салбарт шинэ хориг тавьсан бөгөөд үүний улмаас Brent нефтийн гуравдугаар сарын нийлүүлэлтийн үнэ Лондоны ICE бирж дээр торх нь 80 ам.доллар хүрсэн байна. Энэхүү хоригт 180 орчим нефтийн танкер өртсөн бөгөөд зарим хятад, энэтхэгийн компаниуд эдгээр танкеруудыг хүлээн авахаас татгалзжээ.
Өнгөрсөн онд Оросын түүхий нефть Энэтхэгийн нийт импортын 36 хувийг, Хятадын импортын тавны нэгийг бүрдүүлж байсан юм. Энэтхэгийн Bharat Petroleum Corp компани гуравдугаар сарын нийлүүлэлтийн шинэ санал аваагүйгээс шалтгаалан өмнөх хоёр сарын хэмжээнээс тээвэрлэлт буурах төлөвтэй байна. Тус улс сар бүрийн дундуур Оросын нефть нийлүүлэх саналыг хүлээн авдаг ч энэ удаад шинэ санал ирээгүй аж.
Энэтхэгийн нефть, байгалийн хийн яамны орлогч сайд Панкаж Жайны мэдэгдснээр, АНУ-ын шинэ хоригийн дагуу Вашингтон Оросын нефть тээвэрлэж буй танкеруудыг хоёрдугаар сарын 27-ны дотор ачаагаа буулгаж, төлбөрийг гуравдугаар сарын 12-ны дотор хийхийг шаардсан байна. Хятадад ч мөн адил танкеруудын ачааг буулгахад саатал гарч байгаа аж.
Эх сурвалж: OfficeLife