АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн "Осирис-Рекс" хөтөлбөрийн хүрээнд авчирсан Бенну астероидын дээжнээс амьдрал үүсэн бий болоход зайлшгүй шаардлагатай органик нэгдлүүд болон эрдэс бодис илрүүлсэн нь эрдэмтдийн дунд шуугиан тариад байна.
Эртний усны ул мөр бүхий сансрын биет
Эрдэмтдийн үзэж буйгаар, эдгээр нэгдлүүд нь дэлхий дээр амьдрал үүссэн шалтгааныг тайлбарлах боломжтой бөгөөд амьдралын үндэс болсон элементүүд анх сансраас ирсэн байх магадлалыг бататгаж байна. Судалгаагаар натриар баялаг эрдэс бодис, аминхүчил, аммиак хэлбэрээр азот агуулагдаж байгаагийн зэрэгцээ генетикийн кодын хэсгүүд болох пурины суурь зэрэг 20 гаруй төрлийн органик молекулыг илрүүлжээ.
4.5 тэрбум жилийн настай сансрын түүхийн гэрч
Бенну астероидын дээж нь 4.5 тэрбум жилийн өмнө Нарны аймаг үүсэх үед бий болсон сансрын биетийн үлдэгдэл юм. NASA-гийн "Осирис-Рекс" төхөөрөмж 2020 онд энэхүү дээжийг цуглуулж, 2023 оны есдүгээр сард Дэлхийд авчирсан билээ. Эрдэмтэд судалгаагаа ариутгасан орчинд явуулж, анхны шинжилгээ хийхэд хоёр жил зарцуулжээ.
Солирын аюулаас хамгаалах судалгаанд хувь нэмэр оруулна
НАСА-гийн захирал Ники Фокс энэ талаар "Бенну бол Нарны аймагт амьдрал хэрхэн үүссэн талаар ойлголт өгөх цаг хугацааны капсул юм" хэмээн онцолсон бөгөөд энэхүү нээлт нь цаашид дэлхийд аюул учруулж болзошгүй астероидуудыг судлах, хамгаалах стратеги боловсруулахад чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэжээ.
Эх сурвалж: The Independent