Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ
АНУ-ын Нью-Жерси мужаас сонгогдож байсан сенатч асан Боб Менендест шүүхээс авлига, хээл хахуулийн хэрэгт буруутган 11 жилийн хорих ял оноолоо.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл
Өнгөрсөн долоодугаар сард тангарагтны шүүх түүнийг гадаад улсын засгийн газруудад тусламж үзүүлснийхээ хариуд алт, их хэмжээний бэлэн мөнгө, үнэтэй автомашин зэрэг хахууль авсан хэрэгт буруутай гэж тогтоосон юм. Тэрээр 16 зүйл ангиар гэм буруутай болох нь нотлогджээ.
Ялын хугацааны маргаан
Прокурорууд түүний үйлдлийг онц ноцтой хэмээн үзэж, хамгийн багадаа 15 жилийн хорих ял оноохыг шүүхээс хүссэн бол Менендесийн өмгөөлөгчид ял шийтгэлийг нийтийн ажил хийх нөхцлөөр багасгахыг уриалсан байна. Харин шүүх түүнийг 11 жилийн ял эдлэх шийдвэр гаргав.
Ойр дотнынхны байр суурь
Шүүх хурлын үеэр түүний хүү, Ардчилсан намаас сонгогдсон Конгрессын гишүүн Роб Менендес болон MSNBC телевизийн хөтлөгч охин Алисиа Менендес нар эцгийнхээ ард сууж байв.
Хамсаатнуудын ял шийтгэл
Лхагва гаргийн өглөө Б.Менендестэй хамтран ажиллаж байсан хоёр ч хүнийг ялласан байна.
- Нью-Жерсигийн үл хөдлөх хөрөнгийн магнат Фред Дайбесийг сенатчид алт, бэлэн мөнгө өгсөн хэрэгт долоон жилийн хорих ял, 1.75 сая ам.долларын торгууль оноосон.
- Египетийн засгийн газрын төлөөлөгчидтэй тохиролцоонд зуучилсан Америк-египет гаралтай бизнес эрхлэгч Уаэл Ханад найман жилийн хорих ял, 1.25 сая ам.долларын торгууль ногдуулжээ.
Мөн энэ хэрэгт холбогдсон Хосе Урибе гэм буруугаа хүлээсэн бөгөөд энэ оны сүүлчээр түүний ялыг тогтоох төлөвтэй байна. Тэрээр шүүх хурлын үеэр Б.Менендесийн эсрэг мэдүүлэг өгсөн аж.
Шүүхийн нотлох баримтууд
Шүүх хурал есөн долоо хоног үргэлжилсэн бөгөөд Б.Менендесийн гэрээс Холбооны мөрдөх товчооны ажилтнууд 100,000 гаруй ам.долларын үнэ бүхий алтан гулдмай, 480,000 гаруй ам.долларын бэлэн мөнгө илрүүлэн хураасан нь хээл хахуулийн нотлох баримтад тооцогджээ.
Египеттэй холбоотой авлигын хэрэг
Прокуроруудын мэдэгдсэнээр, Б.Менендес хахууль авсныхаа хариуд АНУ-аас Египетэд олон сая ам.долларын тусламж үзүүлэхэд нөлөөлсөн байна. Гэвч түүний өмгөөлөгчид "бэлэг хээл хахуулийн ангилалд хамаарахгүй" гэх үндэслэлээр түүнийг буруугүй гэж үзэж байгаа бөгөөд авлигын шанд Б.Менендес ямар үйлдэл хийснийг нотлох баримт байхгүй гэж мэдэгдсэн юм.
Шүүхийн шийдвэрийг давж заалдах төлөвтэй
Өдгөө 71 настай Б.Менендес өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэж, шүүхийн шийдвэрийг давж заална гэж мэдэгдсэн байна. Тэрээр Сенатын Гадаад харилцааны хороог даргалж байсан ч өнгөрсөн наймдугаар сард Сенатын гишүүнээс огцорчээ.
Гэр бүлийнх нь оролцоо
Б.Менендесийн эхнэр Надин Менендесийг мөн авлигын сүлжээнд оролцсон хэргээр буруутгаж байгаа бөгөөд тэрбээр хөхний хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хурал ирэх гуравдугаар сард болно. Гэсэн ч тэр өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC