Америкийн дуучин Майкл Жексоны тухай намтарчилсан киноны нээлтийг зургаан сараар буюу энэ оны 10 дугаар сар хүртэл хойшлуулсны The Times мэдээлжээ.
Хойшлуулсан шалтгаан нь дуучныг "хүүхдүүдтэй зүй бус харьцсан" гэж буруутгасан хүмүүсийн нэг нь кинонд гарсан тул үүнээс болж хэд хэдэн үзэгдийг дахин зураг авах шаардлагатай болсон байна. Тус сонинд бичсэнээр, “Aviator” (2004), “Bohemian Rhapsody” (2018) зэрэг кино бүтээсэн Оскарын шагналт, продюсер Грэм Кинг 1993 онд 13 настайдаа Жексоныг хүчирхийллийн хэрэгт анх буруутгаж байсан Жордан Чандлерийн гэр бүлтэй байгуулсан гэрээг зөрчсөн бололтой.
1994 оны нэгдүгээр сард хоёр тал нууцыг задруулахгүй байх, 20 сая ам.долларын нөхөн төлбөр өгөх болзолтойгоор гэрээ байгуулж, гэрээний нарийн ширийн зүйлийг задруулахгүй, цаашдаа ямар ч кинонд Чандлерын дүрийг бүтээхгүй байхаар тохиролцжээ. Гэтэл өнгөрсөн оны тавдугаар сард зургийг нь авч дууссан дээрх кинонд Чандлерын гэр бүлийнхэн болон Жексоны багийнхны хоорондох зөрчилдөөнийг харуулсан үзэгдлийг оруулсан байна. Иймээс ирэх дөрөвдүгээр сард кинотеатруудын дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн киноны үзэгдлүүдийг дахин авахаар уран бүтээлийн төлөвлөгөөг өөрчилжээ.
Жексоныг 1990-ээд онд "хүүхдүүдтэй зүй бус харьцсан" гэж нэг бус удаа буруутгаж, 2005 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Харин шүүх дуучныг цагаатгасан байна.
Хүүхэд байхдаа Жексонд хүчирхийлүүлсэн гэж мэдэгдсэн хоёр эрэгтэйн тухай баримтат кино 2019 онд АНУ-д гарчээ. Кино дэлгэцэнд гарсны дараа тэдний нэхэмжлэлийг Жексоны өв залгамжлагчидтай тохиролцсоны дагуу шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (1)