“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж, өчигдөр өндөрлөв.
Үдээс хойших хэлэлцүүлгээр “Электрон тамхитай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр олон улсын туршлага, мэдээллийг солилцов. Тодруулбал, электрон тамхины талаарх сүүлийн үеийн баримтууд болон ДЭМБ-ын зөвлөмжийг ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын Тамхины хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн Рэнти Фэеокүн танилцууллаа.
Рэнти Фэеокүн:
-"Электрон тамхийг тоглоом, уруулын будаг, үзэг, цагны гэх зэргээр дурын хэлбэр дүрстэйгээр, олон төрлөөр, үнэр, амтны өргөн сонголттойгоор үйлдвэрлэж, худалдаалах болсон нь хүүхдийн сонирхлыг ихэд татаж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчдаас нуух боломжийг олгож буй. Бүтээгдэхүүнд никотины агууламж байхгүй гэх хэдий ч энэ нь ташаа мэдээлэл. Уушги, тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, донтолт үүсгэдэг талаар хэллээ. Мөн зарим улс оронд электрон тамхи оруулж ирэхийг зөвшөөрдөг ч маш нарийн зохицуулалттай худалдаалдаг бөгөөд ДЭМБ улс орнуудад хориглох зөвлөмж хүргүүлдэг" гэв.
Үүний дараа дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж буй электрон тамхины зохицуулалтын арга хэлбэрийн харьцуулалтын талаар Хууль ба хорт хавдрын чиглэлээрх Австралийн Маккейбын төвийн захирал Хэйли Жонс болон Азийн бүс хариуцсан менежер Ма-Энн Розейли нар мэдээлэл танилцуулав. Тэд залуусыг тамхинд донтохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг Маккейбын төвийн үйл ажиллагааны талаар танилцуулсан. Ялангуяа, электрон тамхийг сурталчлахгүй байх, хэрэв нэвтрүүлэхийг хориглосон бол чанга зохицуулалт хийх ёстой талаар ярив.
Хэлэлцүүлэг үргэлжлэн электрон тамхины зохицуулалт, түүний хэрэгжилтийн талаарх Австрали Улсын туршлагыг танилцууллаа. Тус улсын Эрүүл мэндийн яамны Зохицуулалт, дэмжлэгийн хэлтсийн нэгдүгээр туслах, нарийн бичгийн дарга Крис Бэдфорд мэдээллээ хуваалцсан юм. Австрали Улсын Эрүүл мэндийн сайд 2023 онд хийсэн мэдэгдэлдээ "Электрон тамхи нь никотины өндөр агууламжтай болохыг" тодотгожээ. Түүний мэдэгдлийн дараа 2024 оны нэгдүгээр сараас тус улс никотины агууламжтай эсэхээс үл хамааран дотооддоо үйлдвэрлэхийг хориглосон байна. Дээрх мэдээлэл, танилцуулгуудтай холбогдуулан хэлэлцүүлэг өрнөж, оролцогчид асуулт асууж, холбогдох мэргэжилтнүүд, мэдээлэл танилцуулсан мэргэжилтүүдээс хариулт, тайлбар авсан юм.
УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг:
-Энэхүү хэлэлцүүлгээр тамхины татварын бодлогыг шинэчлэх, Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулагдаагүй электрон тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, дотоод орчны тамхины тусгай цэгүүд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд тавих хяналт, хариуцлагыг оновчтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын байгууллага болон бусад орны шилдэг туршлагаас сонсож, харилцан санал солилцлоо. Тус арга хэмжээний эхний өдөр бодлогын өөрчлөлт хийх, тамхины хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн бол хоёр дахь өдөр тамхины хяналтын үр дүнтэй бодлогыг тодорхойлоход шаардлагатай стратегийг боловсруулах чиглэлээр мэдээлэл солилцлоо.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар