Исландад болсон хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр тэр ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзулын хувьд өнгөрсөн онд мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнээс гадна шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ.