За, ёстой нөгөө "үхрийн сүүлэн дээр хутга" ч билүү юм болов. Соёлын сайдын багцад орсон соёлын ваучерийн 183 тэрбумыг төсвийн төслөөс хасуулчихлаа гээд улсаараа нэг хөөрөөд, найр наадам шахуу болж байв даа. Өчигдөр, уржигдархан. Соошлаар бүтэн 7 хоног нүдэлцэж, зарим нэг нь Соёлын сайдыг заамдаж авахдаа тулж байж чухам үр дүнд хүрлээ хэмээн хөөрч байсан юм чинь аргагүй. Бүхэл бүтэн 36 их наядын төсвөөс 183-хан тэрбум, нийт төсвийн 0,5-хан хувь шүү дээ.
Гэтэл Сангийн сайд жинхэнээсээ "үхрийн сүүлэн дээр хутга" тавив. Соёлын ваучерын 183 тэрбумыг Соёлын сайдын багцаас хасахгүй, боломжгүй, зориулалтыг нь өөрчлөхгүй гэв. Шалтгаан нь Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг явчихсан учраас гэнээ. "Орсон борооны араас цув нөмрөх хэрэггүй" хэмээн даапаалжээ. Хэрвээ өөрчилж болдоггүй төсөв юм бол яах гэж гурав дахь хэлэлцүүлэг хийдэг хэрэг вэ, хэлэлцүүлэг хийж байгаа харагдах гэж тэр үү?
Ингэхэд УИХ-ын баталдаг хуулиудаас хамгийн олон удаагийн хэлэлцүүлэг хийдэг нь Төсвийн тухай хууль. Эхлээд хэлэлцэх эсэх, дараа нь нэг, хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг, адагт нь "эцсийн хэлэлцүүлэг" гэж хийдэг. Таван шатны хэлэлцүүлэг шүү дээ. Тийм учраас төсвийг Засгийн газар биш, Сангийн сайд ч биш, УИХ баталдаг. Засгийн газрын боловсруулсан төсвийг батлах, эсэх эрх мэдэл нь УИХ-д байдаг. Гэтэл танхимынх нь нэг гишүүн орж ирээд "Та нар төсвийг өөрчилж чадахгүй" гэдэг чинь УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг мөн биз дээ. Сангийн сайд Б.Жавхлан ямар том болчихсон юм бэ. Эсвэл Ч.Номин сайдын багц учраас л өөрчилж болдоггүй юм уу?
Сангийн сайдын "улсаасаа том" болсон жишээ ганц үүгээр тогтоно гэж үү? Саяхан орон нутгийн сонгуулиар Дарханд ажлаар явж байсан ХХААҮЯ-ны хэлтсийн даргыг өөрийнх нь занхайж байсан уушийн газарт орж ирж, нүдэнд өртсөний төлөө барьж зодоод, "Ж.Энхбаярын гөлөгнүүд дахиад үүгээр үзэгдэх юм бол ална, тална" гэж танхайрсан байсан. Энэ бол төрийн өндөр албан тушаалтан байтугай хэвийн эрүүл хүний хийх үйлдэл, хэлэх үг биш.
Бодоод үз л дээ. Дарханы нэг атаман Сэлэнгийн нэг иргэнийг зам дээр зогсоогоод, барьж зодоод "Сэлэнгийнхэн Дарханы замаар явбал ална" гэж сүрдүүлсэн гээд бод доо. Дорхноо шоронд орно биз дээ. Аа, гэтэл Сангийн сайд маань зүв зүгээр, тарган цатгалан, эрх чөлөөтэй, бүр эрх мэдэлтэйгээ ч явж байгаа. Б.Жавхлан сайд ямар том, яасан хөндлөн юм бэ. Дарханых болохоороо тэр үү, Сангийн сайд болохоороо энэ үү? Энэ хүнийг насаар нь тэжээгээд, улсаараа зодуулах ямар гэм хийчихсэн юм бэ, бид?
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (3)