БНХАУ-ын дарга Ши Жинпиний санаачилсан “Бүс ба зам,Сахиусан тэнгэрийн аялал” төсөл Монгол Улсад бүх талаар өгөөжөө өгч байгаад монголчууд талархаж явдаг юм. Эхний жишээ гэхэд л БНХАУ-ын Засгийн газар, ХЭСЯ, БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, МУЗН-ийн хамтын ажиллагааны үр дүнд төрөлхийн зүрхний эмгэгтэй 125 эмчлэгдэж, эрүүл саруул болох юм. Энэ хүрээнд хоёр дахь ээлжийн 25 хүүхэд эцэг, эхийн хамт Бээжин хотыг зорив. Өвдөж зовж буй бяцхан үрсэд шинэ амьдрал, урт удаан нас хайрлах зорилго бүхий уг төсөл “Бүс ба зам” төсөл хэрэгжиж байгаа бүх оронд хэрэгжиж буй гэдгийг энд онцлон тэмдэглэх нь зөв байх.
Монгол Улсын тухайд “Бүс ба зам, Сахиусан тэнгэрийн аялал” төсөл 2017 онд Шастиний нэрэмжит гуравдугаар эмнэлгийг түшиглэн анх хэрэгжиж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хэсэг завсарлаад ийн үргэлжилж, нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтарч 75 хүүхдэд үзлэг, оношилгоо хийснээс 25 хүүхдэд дараагийн шатны үйлчилгээ буюу мэс засал хийхээр болсон байна. Тэднийг үдэн гаргах ёслолын ажиллагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр болсон бөгөөд уг ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуан өөрийн биеэр оролцсон юм. Энэ үеэр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг Элчин сайдад чин сэтгэлийн талархал дэвшүүлж, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагийн мэндчилгээг дамжуулсан.
Шэнь Миньжуан: Хүүхдэд амьдрал бэлэглэх шиг том буян байхгүй
/БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/
-БНХАУ “Эрүүл Хятад улс” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн дэлхийн бүх улс орны иргэд тэр дундаа хүүхэд эрүүл саруул, аз жаргалтай өсч торниход нь дэмжлэг үзүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган, хичээн ажиллаж байгааг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монгол Улсад ялгаагүй сайн сайхныг хүсч энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. “Бүс ба зам, Сахиусан тэнгэрийн аялал” төслийн хүрээнд төрөлхийн зүрхний эмгэгтэй төрсөн 125 хүүхдэд амьдрал хайрлах юм. Эхний 25 хүүхэд яваад эрүүл саруул болоод эх орондоо ирсэн. Өнөөдөр хоёр дахь ээлж сая мордлоо. Эд нар маань ч тун удахгүй эрүүл саруул болоод инээд цалгиулсаар эх орондоо ирнэ гэдэгт итгэлтэй байна. Төсөл маань 2017 оноос хэрэгжиж, цар тахлын улмаас түр завсарласан ч 2024 оноос амжилттай үргэлжиллээ. “Бүс ба зам, Сахиусан тэнгэрийн аялал” төслийг нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулдаг олон аж ахуйн нэгж дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн. Жишээ нь Эйр Чайнагийн хамт олон. Энэ байгууллага өнөөдөр гэхэд л хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад тусгайлсан үйлчилгээ үзүүлж байгааг үдэн гаргагчид харж байна. Харин Бээжинд газардахад мөн л онгоцны буудал дээр манай УЗН-ийн удирдлагууд, Бээжингийн томоохон эмнэлгүүдийн нэг болох АнЖа эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчид тосч авна. “Сахиусан тэнгэрийн аялал” төслийг БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг дангаараа хариуцаж хэрэгжүүлдэг. БНХАУ-аас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ХЭСЯ, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй олон жил хамтарч ажиллаж ирсэн түүхтэй. Хятад хүн настнаа хүндэлж, нялхсаа энэрэн хайрладаг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин тусч, өвчиндөө энэлэн шаналж буй хүүхдүүдэд туслахыг хичээсээр ирсэн. Хүүхдэд амьдрал бэлэглэх шиг том буян гэж үгүй. Хүүхдүүддээ эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Ээж, аавтайгаа урт удаан наслахын ерөөл талбия.
Т.Батчимэг: БНХАУ шаардлагатай бүх зардлыг хариуцаж байгаа
/МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч /
-“Бүс ба зам, Сахиусан тэнгэрийн аялал” төсөл хэрэгжээд удаагүй ч төрөлхийн зүрхний эмгэгтэй төрсөн маш олон хүүхдэд эмчийн үзлэг хийж, оношийг нь тодруулсан байна. Өнгөрсөн хавар зохион байгуулагдсан ээлжит үзлэгээ хүн ам олонтой, амьдралын дунджаас доогуур түвшинд аж төрдөг өрх олонтой Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг түшиглэсэн хэдий ч хөдөө, орон нутгаас ирсэн хүүхдүүдийг хамруулсан. Энэ удаагийн эрүүл мэндийн аялал хоёр дахь нь. Өмнө нь мөн 25 хүүхэд эмчилгээнд явж, ховдол нөхөх мэс засалд орцгоосон нь маш амжилттай болж, эх орондоо ирцгээсэн. Хятадын эмч нарын нэг онцлог нь мэс засал хийсэн хүүхдээ эмнэлгийн байнгын хяналтад байлгаж, Монголд үзлэгээр ирэх тоолонд хүүхдүүдээ үзэж, шаардлагатай гэж үзвэл Хөх хот, Жининь мужийн нэгдсэн эмнэлгийн зүрхний нарийн мэргэжлийн эмч нар руу илгээдэг байгаа. Тэнд эмчилгээгээ үнэ төлбөргүйгээр үргэлжлүүлдэг. Сая явсан аялалд дөрвөн сартайгаас 16 насны 25 хүүхэд хамрагдсан. Багийн бүрэлдэхүүн 54. Хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагчаас гадна МУЗН-ийн ажилтан, БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс томилогдсон эмч, сувилагч хоёр багтсан. Тэднийг Бээжингийн нисэх буудал дээр Хятадын УЗН-ийн ажилтнууд, Бээжингийн АнЖа эмнэлгийн эмч, ажилчид тосч үйлчилнэ. Нэг хүүхдэд гарах зардал маш өндөр. Хүүхдийн биеийн байдал, өвчний оношоос хамаарна. Шаардлагатай бүх зардлыг БНХАУ-ын Улаан загалмайн сан, УЗН бүрэн хариуцаж байгаа. Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн ирэх буцах онгоцны тийз, хоол унд, зочид буудал, хагалгааны зардал гээд тооцоход багаар бодоход 50 гаруй мянган юань болох байх. Ирэх жил 50 хүүхэд төсөлд хамрагдана. Түүнчлэн Хятадын УЗН-тэй хамтран ахмад настнууд руу чиглэсэн нүдний болор солих төслийг хэрэгжүүлж байгааг энд хэлэх ёстой болов уу. Энэ жил гэхэд 114 хүн Эрээн хотын эмнэлэгт болор солиулах хагалгаа хийлгэсэн нь маш амжилттай болж, бүгд маш сайн хардаг, хараа нь эрс сайжирсныг Элчин сайдад онцгойлон хэлэх байна.
С.Пагмадулам: Хятадын ард түмэнд талархаад баршгүй
-Хүү бид хоёр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас ирсэн. Миний хүү О.Тэмүүжингүн зургаан сартай. Төрөлхийн зүрхний эмгэгтэй учраас бид хоёр амьдрахын төлөө зургаан сар тэмцлээ. Сайн эмч нарын ачаар буянтай төсөлд хамрагдаж чадлаа. Өвчний онош сар гарантай байхдаа батлагдсан. Ховдол цоорхой хүүхэд уйлж болохгүй, ханиад хүргэж болохгүй гээд асаргаа их шаардагддаг. Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй учраас зүрхний эмгэгтэй хүүхэд амьсгалахад маш хүнд. Өнгөрсөн зун Хятадаас зүрхний нарийн мэргэжлийн эмч нар ирж байна гэх сургаар ирж үзүүлсэн. Хагалгаа хийж болно. Магадлал 98 хувь гэж хэлэхийг сонсоод хөл минь газарт хүрээгүй. Хүний сэтгэл гэж ийм юм билээ. Хүүгээ улам сайн асарч, ханиад томуу хүргэхгүйн төлөө маш их хичээсэн. Хүү бид хоёрт аз тохиосон. Хятадын ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байгааг минь дамжуулж өгөөрэй.
Ө.Өнөржаргал: Хүү минь эрүүл болж, эх орондоо ихийг бүтээнэ
-Би хотынх. Хүү минь зургаан сартай. Ц.Үйлсмэргэн маань алтан гартай эмч нарын ач буянаар эрүүл саруул болж, эх орондоо ихийг бүтээх сайн хүн болно гэдэгт итгэлтэй байна. Бид хоёр ЭНЭМҮТ-ийн хяналтад байдаг. “Сахиусан тэнгэрийн аялал” төслийн багийн эмч нарт үзүүлэхэд “Хүү тань эдгэрнэ. Итгэлтэй байгаарай. Төсөлд хамрагдаж, Бээжингийн АнЖи эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ. Төрөлхийн цоорхой ховдлыг нөхөх мэс засал хийлгэнэ гэхэд нь маш их баярласан. Монголд ховдол нөхдөг юм байна лээ. Гэвч маш их дараалалтай. Ээлжээ ирэхийг хүлээж байгаад муу зүйл болох вий гэж айдаг байсан. Хүүгийнхээ төлөө маш их залбирсан. Миний хийж чадах зүйл ердөө энэ байсан. Бурхан ивээж, хүү минь эрүүл саруул болохоор их гүрнийг зорьж байна. Бид хоёр өвчнөө ялж дийлээд ирнэ ээ. Бүх хүнд талархлаа илэрхийлье.
Д.Болорцэцэг: Зээ минь эдгэрнэ гэдэгт итгэлтэй байна
-С.Барсболд маань дөрвөн ойтой. Миний охины хүүхэд. Ээж нь хэдхэн хоногийн дараа төрөх учраас би зээгээ аваад явж байна. Барсболд их сэргэлэн хүүхэд. Гэсэн хэдий ч жаахан тоглоод л ядардаг. Ой гарантай байхдаа ховдол цоорхой гэж оношлогдсон. Түүнээс хойш эмч нарын хяналтад байж, мэс засалд орох дарааллаа хүлээгээд гурван жил болж буй. Монголд ийм төрлийн өвчтэй хүүхэд маш олон. Гэвч мэс засал хийдэг эмнэлэг нь ганцхан болохоор яалтай билээ. Хүлээгээд л байсан. Гадагшаа явж эмчилгээ хийлгэе гэж бодовч онгоцных нь зардлыг ч дийлэхгүй. Гэтэл аз таарч хятад эмч нар үнэ төлбөргүйгээр мэс засал хийх боллоо. Ийм буянтай төслийг хэрэгжүүлж байгаа бүх хүнд баярлаж сууна. Өвчин бол хил хязгаараас үл хамаарах эмгэг.Миний хүүг үзэж оношилсон эмч их сайхан зантай, хүүхдэд хайртай нь харваас андашгүй хүн байсан. Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад гүнээ талархаж байгааг минь дамжуулж өгөөрэй. Их сайхан сэтгэлтэй эмэгтэй байна лээ. Өөрийн биеэр ирж биднийг үдэж өгч байна. Ажил үйлс нь дэвжин дэлгэрч байх болтугай.
М.Мөнхтүшиг: Би онгоцонд суух гэж байгаа
/Тэрбээр гуравдугаар эмнэлэгт хагалгаанд орохоор дугаарлаж байжээ/
-Би дөрвөн настай. Ээж бид хоёр онгоцонд суугаад дүүд ингээд ниснэ. Аавдаа хайртай.
-Миний дүү дуулж чадах уу?
-Чадна, Бөөр алаг бөмбөг
Буруу тийшээ өнхөрдөг
Намайг дандаа уйлуулдаг
Чамайг аавд хэлнэ дээ .
-Миний дүүгийн хаана нь өвдөж байна
-Энд /зүрхний орчмоо заав/.
Б.Шихихутаг: Элчин сайд эгчид баярлалаа
-Би 16 настай. Нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурдаг. Эмээгээ дагуулаад эмчилгээнд явах гэж байна. Элчин сайд эгчид болон эмч нартаа, Улаан загалмайн нийгэмлэгийн ах, эгч нартаа чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. Ухаан орсон цагаас хүн бүхэн “гүйж болохгүй, харайж болохгүй, өвдөж болохгүй” гээд үйлдэл бүхнийг маань хорьдог байсан. Сургуульд ортол биеийн тамирын хичээлд орохыг бас л хориглосон. Ангийн хүүхдүүд гүйж харайгаад л сагс, гар бөмбөг тоглоод л. Миний хувьд энэ бүхэн хаалттай сэдэв. Хэдхэн хоногийн дараа би эрүүл болно. Ирэх зун гэхэд сагс тоглож болох байх. Би сургуулиа төгсөөд АШУҮИС-д элсэж эмч болно. Тэгээд өөр шигээ өвчиндөө энэлэн шаналсан хүүхэд багачуудыг эмчилнэ. Магадгүй хичээвэл Хятадын анагаах ухааны их сургуульд ч элсэж болох юм. Би чадна. Надад итгээрэй.
Х.Түвшинжаргал: Амьдрал танд хайртай
-Говь-Алтай аймгаас ирсэн. Би 16 настай. Дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Дээрээ нэг эгчтэй. Аймгийнхаа политехник коллежид сурдаг. Төрөлхийн зүрхний эмгэгтэй учраас хүүхэд нас минь эмнэлгийн орон дээр өнгөрсөн дөө. Анх зургаан настайдаа оношлогдсон. Өмнө нь гуравдугаар эмнэлэгт мэс засалд орж ховдлоо нөхүүлсэн ч оёдол нь задарсан байна лээ. Ирэх арванхоёрдугаар сард дахиад хагалгаанд орох гэж байсан юм. Бие маань өсч, том болж байгаа болохоор оёдол маань задарсан байх. Ээж тэгж хэлсэн. Аавыгаа дагуулаад явж байна. Аав, ээж хоёр маань малчин. Эрүүл болчхоод аавтайгаа Бээжингээр зугаалж, хүмүүсийн яриад байгаа гоё гоё газруудаар явна. Хятад эмч нар хотод ирсэн байна гэж дуулаад аав бид хоёр ирж үзүүлсэн. Багаж төхөөрөмж нь их сайн юм байна лээ. Шууд л миний оёдол задарсан болохыг хэлсэн. Хятадын ард түмэнд баярлалаа гэж хэлье. Тэдний татварт төлсөн мөнгөөр би эмчилгээ хийлгэх учраас тэдэнд талархаж буйгаа хэлэх ёстой. Бас МУЗН-ийн эмч нартаа баярлаж байна. Гадаад харилцаа, найрсаг хөрш гэж яриад байдаг ч би ойлгодоггүй байж. Харин одоо бол хамгийн сайн ойлгож байна. Хоёр улс маань хөрш байгаагүй бол, бид найрсаг, ах дүүгийн харилцаатай байгаагүйсэн бол ийм олон хүүхдийн эмчилгээний зардлыг хариуцахгүй байсан. Бас ийм олон хүүхэд эрүүл саруул болж чадахгүй, өвчин зовлондоо энэлэн шаналсаар байх байлаа. Та бүхэндээ, Элчин сайдын яамны бүх ажилтан, албан хаагчдад сайн сайхныг хүсээд буцаад ирэхэд минь тосоод зогсч байгаарай гэж хэлье. Амьдралд би хайртай.
Ч.Чулуунцэцэг