УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар /2024.11.21/ Цөмийн энергийн тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор УИХ, Засгийн газрын гишүүд дараах мэдээллийг хийв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж өнөөдөр баталлаа. Тус хуулийн хүрээнд Засгийн газар, Орона группийн хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ уг хуулийн дагуу орж ирнэ. Цөмийн энергийн хууль батлагдсанаар атомын цахилгаан станц барих, түүнд зориулсан бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэж байна. Франц улстай хийж буй Ураны хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгойн гэрээтэй дүйцэхүйц томоохон гэрээ болж байна. Гэхдээ гэрээний хэрэгжилт, үр өгөөжийг илүү сайжруулна.
Тухайлбал, суурь АМНАТ /Ашигт малтмалын нөөц ашигласны татвар/ таван хувь, тусгай АМНАТ таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ есөн хувь нийтдээ 19 хувийн АМНАТ-тай байхаар хуулийг баталлаа.
Газрын доорх баялгийн дийлэнх нь ард түмэнд очдог байх ёстой. Ураны ордоос орох орлогын ихэнх хувь нь Монгол Улсад орж ирж ард иргэдэд өгөөжтэй байх юм. Үүнээс үүдэж Монголын эдийн засаг илүү сайжрах боломж бүрдэж байна. Мөн гадаадад том том төслүүд хэрэгжих эхлэлийг тавьж байна. Монгол Улсад геополитикийн хувьд том боломж нээгдэж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Засгийн газраас хэрэгжүүлэх 13 мега төслийн нэг нь "Орона" групптэй байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ удаа бид хамгийн зөв жишгийг барьж, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгосны дараа түүнд нийцүүлсэн гэрээг УИХ-д танилцуулахаар зорьсон. 1997 оноос хойш үе үеийн Засгийн газрууд энэ ажлыг урагшуулахаар зорьсон ч үр дүнд хүрч чадаагүй.
Цаашид төслийн үйл ажиллагааг Монголын талаас Цөмийн инергийн комисс төлөөлөн хэрэгжүүлнэ. Цөмийн инергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулахаас өмнө нийт 460 санал гаргаснаас 210 санал дээр тохиролцсон байсан. Ирэх долоо хоногоос Засгийн газар хэлэлцээрийг үргэлжлүүлнэ.