АРДЧИЛАГЧИДГҮЙ БОЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ҮГҮЙ
АНУ-ын улс төр судлаач, улс төрийн эдийн засагч, олон улсын харилцааны эрдэмтэн, зохиолч Фрэнсис Фукуяамагийн "Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн" номоос
Бидний энд танилцуулсан Механизм гэдэг маань мөн чанартаа түүхийг эдийн засгийн үүднээс тайлбарласан хэрэг юм. “Орчин цагийн байгалийн ухааны логик” нь хүмүүс шинжлэх ухааныг хэрэгцээгээ хангах буюу аюулын эсрэг өөрийгөө хамгаалахад ашиглахын тулд байгалийг эрхэндээ оруулахыг хүссэнээс бусад тохиолдолд өөртөө ямар нэг хүч агуулдаггүй билээ. Шинжлэх ухаан нь өөрөө (машин үйлдвэрлэл эсвэл хөдөлмөрийн ухаалаг зохион байгуулалт хэлбэрээр ч бай) байгалийн үндсэн хуулиудаар тодорхойлогддогтехнологийн чадамжийн цар хүрээг тогтооно. Чухамдаа хүний хүсэл эрмэлзэл уг боломжуудыг ашиглахад түлхдэг байна: Цөөн тооны жирийн хэрэгцээг хангах хүсэл төдий бус харин ч боломжууд нь улам бүр өргөжин тэлсээр буй маш уян хатан хүсэл эрмэлзэл юм.
Өөрөөр хэлбэл, энэхүү механизм гэгч нь түүхийг мөнөөх марксист онолоор тайлбарлах гэсэн хэрэг боловч эцэстээ огтхон ч марксист бус дүгнэлтэд хүргэж байна. Чухамдаа хүн гэдэг амьтан “биологийн нэг төрөл зүйл”-ийн хувьд үйлдвэрлэж, хэрэглэх хүсэлд хөтлөгддөг ба улмаар газар дээр бус томоохон үйлдвэр эсвэл захиргааны бүтцэд ажиллахын тулд хөдөө нутгийг орхин хот руу шилжин суурьшихад хүрч, өвөг дээдсийнхээ ажлыг эрхлэхийн оронд илүү хөлс төлсөнд нь хөдөлмөрөө худалдахын сацуу боловсрол олж, цаг үеийн сахилга батад захирагддаг аж.
Гэхдээ Марксын онолын эсрэгээр хамгийн тэгш эрхийн үндсэн дээр хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэж хэрэглэх боломж олгодог нийгэм бол коммунист бус харин капиталист нийгэм юм. Маркс Капитал зохиолынхоо III ботид коммунизмын үед бий болох эрх чөлөөний хаанчлалыг дараах байдлаар дүрслэн бичжээ:
Хэрэгцээ буюу амьдралын асуудлын улмаас хөдөлмөрлөх шаардлага үгүй болсон мөчөөс эрх чөлөөний хаанчлал бодитоор эхэлнэ: Ийнхүү өөрийн мөн чанараар материаллаг үйлдвэрлэлийн хүрээнээс дээш гарч байгаа юм. Зэрлэгүүд хэрэгцээ хангах, амьдралаа тэтгэх ба нөхөн үржихийн тулд байгальтай тэмцдэгтэй адилаар соёлт хүн нийгмийн бүх үе шатанд боломжтой бүх үйлдвэрлэлийн арга замын үед үүнийг хийх ёстой.
Хүний хөгжлийн явцад түүний хэрэгцээ өссөний улмаас биет хэрэгцээний хүрээ тэлнэ: гэхдээ үүний зэрэгцээ уг хэрэгцээг хангадаг үйлдвэрлэх хүч мөн нэмэгдэнэ. Энэ хүрээн дэх эрх чөлөө зөвхөн байгальтай харилцан солилцоход оршиж, Байгалийн сохор хүчинд захирагдахын оронд түүнийг ерөнхийдөө хяналтад авна: Үүнийг хүний мөн чанарт зохицохуйц хамгийн таатай нөхцөлд, хамгийн бага эрч хүч зарцуулан хийнэ. Үүнээс цааш өөртөө зорилго болох хүний эрч хүчний хөгжил эхэлж, улмаар зөвхөн хэрэгцээ шаардлагад тулгуурлан цэцэглэн хөгжсөнөөр эрх чөлөөний хаанчлалд хүрэх болно. Өдрийн ажлын цагийг багасгах нь түүний суурь урьдчилсан нөхцөл юм.
Марксист онолын дагуу эрх чөлөөний хаанчлал гэдэг дөрвөн цагтай ажлын өдөр: Өөрөөр хэлбэл, хөгжил дээд түвшиндээ хүрээд үдээс өмнө дөрвөн цаг ажиллахад хүн өөрийн болон ам бүл, ойр төрлийнхөө суурь бүх хэрэгцээг хангаж чаддаг болсноор үдээс хойш нь хүн дур сонирхлын дагуу чөлөөт цагаа өнгөрөөж, жишээ нь ан агнаж, яруу найраг бичиж, шүүмжлэгч болох учиртай гэнэ. Бодит коммунист нийгэм байгуулсан ЗХУ, БНАГУ-д цөөхөн хүн өдөртөө дөрвөн цагаас илүү хугацаагаар үнэнч хөдөлмөр эрхэлдэггүй учир зарим талаар энэ зорилтод хүрч чадсан гэж хэлэх байх. Ажлын өдрийн үлдсэн цагт нь шүлэг буюу шүүмжлэл бичвэл шоронд орох эрсдэл өндөр тул ийм зүйл хийдэггүй байв. Иймээс тэр үлдсэн цагтаа энд тэнд очиж, дугаарт зогсох, архи уух буюу далайн эргийн бохирдсон газарт хүн битүү амралтад очих талаар төлөвлөгөө зохиож өнгөрөөнө.
Нөгөө талаар үнэн хэрэгтээ тэр социалист нийгэмд ажилчид үндсэн хэрэгцээгээ хангахад шаардлагатай ажлын цаг нь дунджаар дөрөв байдаг бол капиталист орнуудад ганц буюу хоёр цагийн дотор үүнийг амжуулаад үлдсэн зургаа, долоон цагийн нэмэлт хөдөлмөрийн хөлс нь зөвхөн хөрөнгөтний халаасанд орох бус харин ч ажилчин хүнд машин унаа, угаалгын машин худалдан авах, аялал зугаалгад зарцуулах боломж олгодог аж. Ийм нөхцөлийг “эрх чөлөөний хаанчлал” гэж нэрлэх эсэх нь өөр асуудал биз. Ямартай ч гэсэн америк ажилчин зөвлөлтийн ажилчинтай харьцуулахад “хэрэгцээ шаардлагын хаанчлалаас” илүү бүрэн дүүрэн чөлөөлөгдсөн нь илэрхий байна.
Нэг хүнд ногдох бүтээмжийн статистик аз жаргалтай ямар ч хамаагүй нь мэдээж. Марксын тайлбарласнаар, биет хэрэгцээ бүтээмжтэй зэрэг нэмэгддэг бөгөөд аль нийгэмд ажилчид илүү сэтгэл ханамжтай байгааг ойлгохын тулд аль нийгэмд нь хэрэгцээ ба үйлдвэрлэлийн чадамж хоёр илүү уялдан зохицожбайгааг мэдэх хэрэгтэй. Хачирхалтай социалист нийгмүүд өрнөдийн хэрэглээний нийгмүүдэд бүтээсэн хэрэглээний өргөжин тэлж буй багцыг хүлээн авсан мөртөө түүнийг хангах хэрэглүүр байдаггүй. БНАГУ-д амьжиргааны түвшин Кайзэрын Герман улсын үеийнхээс хамаагүй илүү болсон гэж Эрих Хоннекер ярих их дуртай байлаа: үнэн хэрэгтээ уг түвшин хүн төрөлхтний түүхэн дэх олонх нийгмүүдийнхээс хавьгүй дээгүүр байсан агаад хүний үндсэн хэрэгцээг хэд дахин хангаж чадахуйц байсан юм. Гэхдээ энэ нь тийм ч ач холбогдолтой бус. Зүүн германчууд өөрсдийгөө Кайзэрын үеийн хүмүүстэй бус харин орчин үеийн баруун германчуудтай харьцуулаад нийгэмд нь ямар нэг юм дутаад байгааг ухаарчээ.
Хэрэв хүн эн тэргүүнд хүсэл эрмэлзэл ба оюун ухаандаа хөтлөгддөг эдийн засгийн амьтан юм болтүүхэн хувьслын диалектик үйл явц янз бүрийн нийгэм ба соёлд нэлээд төсөөтэй байх учиртай.Түүхэн өөрчлөлтийн үндэс сууринд оршдог хүчний талаар эдийн засгийн үзэл санааг үнэндээ марксизмаас зээлж авсан “Модернизацийн онол” ийм дүгнэлт хийдэг. Уг онол эрдэмтдийн зүгээс хатуу эсэргүүцэл дайралттай тулгарсан 15, 20 жилийн өмнөхийг бодвол 1990 он гэхэд хавьгүй илүү итгэл төрүүлэхүйц, ул суурьтай мэт сонсогдож байна. Эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс орон бүр тодорхой хэмжээнд улам бүр (ялгаатай бус) адил төстэй болсон байгаа нь илт харагддаг. Хэрэв түүхийн төгсгөл талаас нь яривал ул орнууд янз бүрийн замаар явж болох хэдий ч капиталист, либерал ардчилсан замаас ялгаатай модернизацийн хэдхэн хувилбар бэрхшээлтэй тулгарч байх шиг байна.2 Испани, Португали, ЗХУ, БНХАУ-аас эхлэн Тайвань, Өмнөд Солонгосхүртэл бүгд энэ чиглэлийг баримталсан.
Гэхдээ түүхийн эдийн засгийн бүх онолын нэгэн адил модернизацийн онол бас л хангалттай бус гэдэг нь тодорхой. Хүн эдийн засгийн өсөлт ба аж үйлдвэрийн учир зорилгын шаардлагад хөтлөгдөж буй хэмжээгээр эдийн засгийн амьтан мөн гэж үзвэл энэ онол ажиллана. Уг онолын маргаангүй хүч нь хүмүүс, ялангуяа нийтдээ, амьдралынхаа ихэнх хэсэгт тийм сэдэлд үнэхээр хөтлөгддөг гэсэн баримтаас урган гардаг. Гэвч эдийн засагтай огт холбоогүй хүний сэдлийн өөр шинж чанарууд байдаг агаад чухам эндээс түүхийн тасалдлууд – хүмүүсийн өдүүлсэн олонх дайн, Гитлер, Хомейни гэх мэт үзэгдэлд хүргэдэг шашны, үзэл суртлын, үндсэрхэг үзлийн гэнэтийн тэсрэлтүүд гэх мэт – эх авдаг байна. Иймд хүмүүн төрөлхтний жинхэнэ Түгээмэл Түүх нь хүний хөгжлийн хувьслын замнал яагаад өргөн аажуухан байдаг төдийгүй заримдаа гэнэт тасалдаж, төсөөлөөгүй байдлаар эргэдгийг мөн тайлбарлах ёстой юм.
Өмнөх өгүүлэмжээс үзэхэд ардчилал хэмээх үзэгдлийг зөвхөн эдийн засгийн томьёоллоор үнэн зөв тайлбарлах боломжгүй гэдэг нь ойлгомжтой байх ёстой. Түүхэнд эдийн засгийн өнцгөөс анализ хийснээр бид өөрийн эрхгүй либерал ардчиллын амласан “диваажин”-ийн үүдэнд аваачих боловч цаад талд нь гарах үүдийг нээж өгөхгүй. Эдийн засгийн модернизаци нь өргөн цар хүрээтэй нийгмийн тодорхой өөрчлөлтүүд, тухайлбал омгийн буюу хөдөөгийн нийгмийг хотын, боловсролтой, дундаж ангийн нийгэмд шилжүүлснээр ардчиллыг материаллаг нөхцөлийг бий болгож магадгүй. Гэхдээ энэ үйл явц ардчиллын өөрийнх нь утга учрыг тайлбарлаж чадахгүй бөгөөд учир ньүүнийг илүү гүнзгийгээр харвал ардчиллыг бараг хэзээ ч эдийн засгийн шалтгаанаар сонгодоггүйг олж мэдэх болно. АНУ, Францад өрнөсөн ардчилсан хувьсгал нь Англи дөнгөж Аж Үйлдвэржих Их Хувьсгалын үе шатанд орж байхад, нөгөө талаар дээрх хоёр орны аль нь ч бидний өнөөгийн ойлголтоор модернизаци хийж амжаагүй байх үед тохиосон аж. Иймд эдгээр оронд хүний эрхийг эрхэмлэх үзэл аж үйлдвэржих явдалд огт холбогдолгүйгээр үүссэн байх нь. Жишээ нь, тэр үеийн Америкийг Үндэслэн Байгуулагч эцгүүд Их Британийн хаант засаг парламентын төлөөлөлтэй болголгүйгээр тэдэнд татвар ногдуулах гэлээ хэмээн бухимдсан байж болох ч Их Британийн эсрэг дайн зарлаж, тусгаар тогтнол, шинэ ардчилсан хэм хэмжээний төлөө тэмцэх болсон нь ямар ч гэсэн эдийн сэдэлтэй байсан гэж хэлэх аргагүй юм. Гэхдээ дэлхийн түүхийн дараагийн үе шатанд эрх чөлөөгүй боловч цэцэглэн хөгжсөн хувилбарууд гарч ирсний жишээ нь, АНУ-ын тусгаар тогтнолыг улайран эсэргүүцсэн Британийн Тори намын засаглалаас эхлээд XIX зууны Герман, Японд модернизацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн авторитар шинэчлэгчид, орчин үед гэхэд л чөлөөт эдийн засгийн хөгжлийг дэмжсэн атлаа коммунист намынхаа дэглэмээс татгалзахыг огтхон ч хүсээгүй Дэн Сяопин,ардчилал нь тус улсын эдийн засгийн гайхамшигт ололтыг үгүй хийнэ хэмээн мэдэгдэж байсан Сингапурын төрийн тэргүүн Ли Куан Юу нар байна. Гэлээ ч гэсэн хүмүүс амь нас ба амьдрах хэрэгслээ эрсдэлд оруулан эдийн засгийн бус алхам хийж байсан нь ардчилсан эрхийн төлөөх тэмцэл мөн. Ардчилагчидгүйгээр ардчилал гэж байхгүй буюу өөрөөр хэлбэл, ардчиллыг хүсэн тэмүүлж, өөрийг нь ардчилал бүтээдэгтэй адилаар өөрөө ардчиллыг бүтээдэг Ардчилсан Хүнгүйгээр ардчилал байх боломжгүй.
Үүгээр зогсохгүй орчин цагийн байгалийн ухааны дэвшил хөгжилд суурилсан Түгээмэл Түүх нь XVI, XVII зууны шинжлэх ухааны арга барил нээгдсэнээс эхлэн дөрвөн зуу буюу тэр орчим жилийн хувьд утга учиртай юм. Улмаар шинжлэх ухаанч арга барил ч тэр, байгалийг эрхэндээ оруулж, хүний зорилгод нийцүүлэх хүн төрөлтний хүслийг чөлөөлсөн явдал ч тэр Дэкарт, Бэкон нарын бичсэн сэдэв биш байлаа. Цаашилбал, Түгээмэл Түүх хэдийгээр орчин цагийн байгалийн шинжлэх ухаанд үлэмж хэмжээгээр суурилсан байлаа ч гэсэн орчин цагаас өмнөх шинжлэх ухааны эх сурвалж, түүний цаадах эдийн засгийн хүний хүсэл эрмэлзлийг ойлгох ёстой болсон юм.
Иймэрхүү бодол санааг задлан үзвэл бид өнөөгийн либерал хувьсгалын үндэс хийгээд түүний хөрс суурь болсон өөр ямар ч Түгээмэл Түүхийг ойлгох оролдлогодоо олигтой урагш ахиагүйгээ мэдэх болно. Орчин үеийн эдийн засгийн ертөнц бол нүсэр цогцолбор бөгөөд манай амьдралын ихэнх хэсгийг маш хатуу дэг жаягт барьж байдаг боловч ийм үр дүнд хүргэсэн үйл явц нь өөрөө тэрхүү түүхтэй ямар ч хамаагүй бөгөөд үүгээр бид түүхийн төгсгөлд ирсэн эсэхээ тодорхойлоход хангалттай бус. Үүний тулд бид түүхийг эдийн засгийн үүднээс хардаг Маркс болон нийгмийн ухааны уламжлалд тулгуурлах бус харин түүний өмнөх үеийн гүн ухаантан, идеалист үзэлтэн, Түгээмэл Түүх бичих Кантын уриалгыг анх хүлээн асан Гегельд хандвал зохилтой. Юу гэвэл,Гегелийн хувьд хүний түүхийн үндсэн хөдөлгүүр нь орчин цагийн байгалийн ухаан буюу түүний тэжээн тэтгэгч үргэлж өргөжин тэлж байдаг хүсэл эрмэлзэл бус харин ч үүнээс илүүтэй огт эдийн засгийн бус тэмүүлэл – хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл аж. Гегелийн өгүүлсэн Түгээмэл Түүх нь түрүүхэн дээр дурдсан Механизм-ыг баяжуулан цогц болгоод зогсохгүй “хүнийг хүн” гэдэг үүднээс илүү өргөн утгаар ойлгуулж, дайн, амар амгалан эдийн засгийн үйл явцын дундуур гэнэт гарч ирдэг учир утгагүй тэсрэлтүүд мэтийн бодит түүхэнд үзэгддэг тасалдлуудыг ухаарахад тусална.
Гегелийн үзэл баримтлал руу буцаж очих нь бас юугаар чухал вэ гэвэл,түүний үзэл санаа бидэнд хүн төрөлхтний түүхийн үйл явц тодорхойгүй уртаар үргэлжилнэ хэмээн бодох уу эсвэл үнэн хэрэгтээ түүхийн төгсгөлд ирээд байна уу гэдгийг ойлгоход туслах чиг зүгийг гаргаж өгдөг. Энэхүү анализыг хийх эхлэлийн цэг болгож, өнгөрсөн түүх диалектикийн дагуу буюу зөрчлийн үйл явцаар дамжин явагдсан хэмээх Гегель-Марксист онолыг хүлээн зөвшөөрөхийн сацуу одоохондоо диалектик нь идеалист уу, эсвэл материалист үндэс суурьтай юу гэдэг асуултыг түр хойш тавья. Өөрөөр хэлбэл, дэлхийн аль нэг хэсэгт тодорхой хэлбэртэй нийгэм эдийн засгийн байгуулал үүсдэг боловч яваандаа өөрийг нь нурааж, илүү амжилттай өөр хэлбэрээр солигдоход хүргэдэг дотоод зөрчил агуулж байдаг аж.
Түүхийн төгсгөлийн асуудлыг дараах байдлаар томьёолж болох юм: Манай өнөөгийн либерал ардчилсан нийгмийн дэг журам дотор түүхийг цааш үргэлжлүүлж, илүү дээд шинэ дэг журам тогтоох ямар нэгэн “зөрчил” байна уу? Хэрэв бид 1960-аад оны хэлээр яривал системийг ганхуулж чадахуйц нийгмийн сэтгэл ханамжгүй байдлын тийм эрс тэс эх сурвалжийг олж харвал, уг “зөрчил”-ийг илрүүлж байгаа хэрэг мөн үү?
Өнөөгийн либерал ардчилалд тохиолддог төсвийн алдагдал, ханш уналт, гэмт хэрэг, хар тамхи гэх мэтийн нэлээд ноцтой асуудлыг заан илрүүлэх нь хангалттай бус. Хэрэв асуудлыг системийн хүрээнд шийдвэрлэх боломжтой бөгөөд системийн эрх зүйн чадамжийг үгүйсгэж, өөрийг нь нураахуйц ноцтой биш бол “зөрчил” болж чадахгүй. Жишээ нь, капиталист нийгэм дэх пролетари анги улам бүр ядуурч байсан нь Марксын хувьд “асуудал” биш “зөрчил” болж харагдсан агаад учир нь уг зөрчил капиталист нийгмийн бүхий л бүтцийг эвдэж, өөрөөр солих хувьсгалт нөхцөл байдалд хүргэх ёстой байжээ.
Гэтэл манай өнөөгийн дэг журамд ямар нэг зөрчил үлдсэн эсэхийг бид хэрхэн таних вэ? Мөн чанарын үүднээс, уг суудалд хандах хоёр хандлага байдаг. Эхний тохиолдолд бид нийгмийн тодорхой нэг хэлбэрийн давуу талыг заадаг илэрхий зүй тогтол түүхэнд байдаг эсэхийг ойлгохын тулд түүхэн хөгжлийн бодит үйл явцыг ажиглан харсаар ирсэн. Үүнтэй яг адилаар, орчин үеийн эдийн засагч бүтээгдэхүүний өөрийн үнэ цэн буюу ашиг хэрэглээг тодорхойлохыг оролдохоос илүүтэй түүний үнээр илэрдэг зах зээлийн үнэлгээг тооцохыг хичээнэ. Мөн үүний адилаар дэлхийн түүхийн “зах зээл”-ийн талаарх үнэлгээг хүлээн авч болох юм. Бид хүн төрөлхтний түүхийг бас нийгмийн зохион байгуулалтын янз бүрийн хэлбэрүүд буюу янз бүрийн дэг журмуудын хооронд харилцан яриа буюу өрсөлдөөн хэмээн авч үзэж болно.
Нийгмүүдийн хоорондын энэхүү харилцан ярианы явцад тэд бие биеэ ялах буюу давч гарах замаар үгүйсгэдэг агаад зарим тохиолдолд байлдан дагуулах аргаар, заримдаа эдийн засгийн системийн давуу талын ачаар эсвэл дотоод улс төрийн нягтралын хүчээр хийдэг байна.3 Хэрэв хүний нийгмүүд олон зууны туршид хувьсан өөрчлөгдсөөр либерал ардчилал мэтийн нийгэм улс төрийн нэгдмэл хэлбэр рүү шилжих буюу чиглэж байгаа бол, хэрэв либерал ардчиллаас өөр амьдрах чадвартай хувилбар байхгүй нь илэрхий бол, хэрэв либерал ардчилалд амьдарч байгаа хүмүүс өөрсдийн амьдралд ханамжгүй байгаагаа эрс тэсээр илэрхийлэхгүй байгаа бол бид тэрхүү харилцан яриа тодорхой түвшинд хүрчээ хэмээн үзэж болно. Тийм бол түүхэн үзэлт философичид либерал ардчиллын давуу тал хийгээд эцсийн төгс төгөлдөрт хүрэх санаархлыг зөвшөөрөх болов уу.
Дэлхийн хамтын нийгэмлэг дэлхийн хууль эрхийг тодорхойлдог (Die Weltgeschichte ist das Weltgericht): Өөрөөр хэлбэл дэлхийн түүх бол шударга ёсны дээд шүүгч мөн.4 Гэхдээ ийм үзэл баримтлалтай хүмүүс эрх мэдэл ба амжилтыг шүтэж, “хүчтэйнх нь зөв” гэдэг зарчмаар явна гэсэн үг биш. Түүнчлэн хоромхон хугацаанд дэлхийн тавцан дээр гарч ирдэг дарангуйлал болон эзэнт гүрэн байгуулагчдын өмнө бөхийх албагүй бөгөөд харин дэлхийн түүхийн бүхий л үйл явцад тэсэж үлдсэн дэг журам буюу системийн хүндэтгэн үзэх ёстой. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд бүр анхнаасаа оршсоор ирсэн хүний хэрэгцээг хангах асуудлыг шийдвэрлэх чадвар ба түүнчлэн хүний оршин байгаа өөрчлөгдөж буй орчинд тэсэж үлдэх ба дасан зохицох ёстой гэсэн утга агуулдаг.5
Ийм түүхэн арга ямар ч нарийн боловсронгуй байлаа гэсэн дараах учир дутагдал бий: Илэрхий ялж буй нийгмийн тогтолцоонд ямар нэг зөрчил байхгүй мэт санагдлаа ч – энэ тохиолдолд либерал ардчилалд – тэр нь хуурамч өнгө төдийн байгаад цаг хугацааны явцад шинэ зөрчлүүд гарч ирснээр хүний түүхэн хувьслын цаашдын үе шатыг эргэн харах шаардлага үүсвэл яах вэ? Хүний төрөлх шинж чанарыг амин чухал ба амин чухал бус хэмээн зэрэг шатлалыг тогтоосон суурь үзэл баримтлалгүйгээр нийгмийн үзэгдэж буй амар амгалан нь хүний хүсэл тэмүүллийн жинхэнэ биелэл мөн үү, цагдаагийн аппаратын үр ашигтай ажиллагааны үр дүн биш үү, эсвэл хувьсгалт салхи шуурганы өмнөх тогтуун байдал уу гэдгийг ойлгох боломжгүй юм.
Францын хувьсгалын өмнөх Европ олон ажиглагчдын бодлоор, амжилттай, ард иргэдийнхээ шаардлагыг хангасан дэг журам шиг санагдаж байсан нь 1970-аад оны Иран, 1980-аад оны Зүүн Европтой төстэй. Эсвэл өөр нэгж жишээ авъя: Орчин үеийн зарим феминист үзэлтнүүд өмнөх олонх түүх эцгийн эрхт нийгмүүдийн мөргөлдөөний түүх байсан, харин халамжтай, энхийг эрхэмлэх хандлагатай эхийн эрхт нийгмүүд амьдрах чадвартай өөр хувилбар мөн хэмээн нотолдог. Гэвч эхийн эрхт нийгэм байхгүй учир үүнийг бодит байдал дээр нотлох боломжгүй. Гэсэн хэдий ч хэрэв хувь хүний эмэгтэйлэг шинж чанарыг чөлөөлөх боломжтой талаар феминист үзэл бодол зөв болох нь нотлогдвол тийм нийгмийн ирээдүйн оршихуйг үгүйсгэх аргагүй. Хэрэв үнэхээр тийм бол бид түүхийн төгсгөлд хэрхэвч хүрч ирээгүй нь ойлгомжтой.
Бид түүхийн төгсгөлд ирсэн эсэхийг тодорхойлох өөр нэг арга барилыг “trans-historical” буюу түүхийн бүхий л хугацаанд авч үздэг байгалийн шинж чанарт суурилсан арга юм. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр оршин буй либерал ардчиллыг тусад нь бус түүхийн бүхий л хүрээнд тавьж үзнэ гэсэн үг. Бид жишээ нь, Хойд Америк, Их Британи дахь ард иргэдийн эсэргүүцлийг бодит нийгэмд нь авч үзэх төдийгөөр хязгаарлахгүй. Харин ч хүнийг хүн болгодог, үргэлж байсаар ирсэн байгалийн шинж чанаруудыг нь ойлгох оролдлого хийх ба ийм стандартад орчин үеийн ардчилал хэр нийцэж байгаад үнэлгээ өгнө. Ийм арга барил өнөөдрийн хязгаарлалт, өөрөөр хэлбэл бидний авч үзэхийг оролдож буй тэр нийгмийн өөрийнх нь тогтоосон стандарт ба хүлээлтээс чөлөөлөх болно.7
Хүний шинж чанар нь “мөнхөд тогтсон зүйл биш”, “түүхийн турш өөрөө бүрэлдэн тогтсон” хэмээн ойлгох нь хүний байгалийн шинж чанарын тухайд, хүн дотор нь өөрийгөө бүтээдэг ямар нэг бүтэц эсвэл хүн төрөлхтний түүхэн хөгжил чиглэж байгаа мэт санагддаг төгс биелэл хэмээн ярих шаардлагаас биднийг чөлөөлнө.8 Жишээ нь, Кантын таамагласнаар, хүний оюун ухаан тухайн нийгмийн дотор болж буй үйл явцаас хуримтлуулсан мэдлэг, туршлага дээр үндэслэн хөгждөг ба энэ нь хүний оюун ухааны байгалийн шинж чанарыг огтхон ч багасгахгүй.9
Эцэст дүгнэхэд, транс түүхийн хувьд (бүхий л түүхийн) байнгын стандарт, өөрөөр хэлбэл, байгальтай уяхгүйгээр Түгээмэл Түүх битгий хэл жирийн түүхийн талаар ч ярих боломжгүй мэт санагдана. Учир нь түүх бол өгөгдөл, өнгөрсөнд болсон бүх үйл явдлын жагсаалт биш харин чиг зорилготойгоор хийсвэрлэн үзэх оролдлого бөгөөд үүний явцад бид чухал үйл явдлуудыг чухал бусаас ялгадаг. Энэхүү хийсвэрлэлийн суурилдаг стандарт нь хувирамтгай зүйл. Жишээ нь, сүүлийн хоёр үеийн хугацаанд дипломат ба цэргийн түүхээс нийгмийн түүх, эмэгтэйчүүд, цөөнхийн бүлэг, эсвэл өдөр тутмын амьдралын түүх рүү шилжжээ.
Түүхэн анхаарал хүчирхэг, баян хүмүүсээс нийгмийн шатлалд доогуур оршдог хэсэг рүү шилжсэн нь түүхэн сонголтын стандартаас татгалзсан хэрэг биш бөгөөд зүгээр л шинэ, илүү тэгшитгэсэн ухамсартай болж өөрчлөгдсөн стандартаас шалтгаалж байгаа аж. Гэхдээ нэг ч дипломатын буюу нийгмийн түүхч чухал ба чухал бусыг сонгохоос зайлж чадахгүй. Иймээс түүхийн хүрээний гадна хаа нэгтээ оршин байгаа ямар нэг стандартыг эш татахад хүрдэг (дашрамд хэлэхэд, мэргэжлийн түүхчдийн үүрэг хариуцлагаас гадуур зүйл). Ээ бүхэн Түгээмэл Түүхэнд илүү ихээр холбогдох ба, хийсвэрлэлийн түвшнийг бүр ч дээд шатанд гаргана. Түгээмэл Түүх бичигч хүн түүхийнх нь гол төв сэдэвт хамаарахгүй гэж үзвэл бүхэл бүтэн ард түмэн хийгээд эрин үеийг түүхийн өмнөх эсвэл түүхэн бус хэмээн орхин өнгөрөөхөд бэлэн байх ёстой.
Ийнхүү хэрэв бид түүхийн төгсгөлийн асуудалд нухацтай хандаж байгаа бол түүхийн хэлэлцүүлгээс байгалийн тухай маргаан руу шилжих ёстой нь зайлшгүй мэт санагдаж байна. Либерал ардчиллын татах хүчийг өөр дээрээ амсаагүй хүмүүсийн хувьд, зөвхөн орчин цагийн ертөнц бидэнд өгч байгаа бодит хэмээх баталгаа дээр төвлөрөн либералын ардчиллын урт хугацааны ирээдүйн талаар ярьж хэлэлцэх нь зохисгүй хэрэг. Үүний оронд бид дурын дэглэм буюу нийгмийн тогтолцооны сайн буюу хорон муу талыг үнэлж болохуйц транс түүхийн стандартуудыг шууд, хоёрдмол утгагүйгээр тайлбарлах ёстой. Иргэдээ бүрэн дүүрэн хангаж чадсан нэгдмэл бүтэцтэй, нийтлэг улсад амьдарч буй өнөөгийн бид түүхийн төгсгөлд хүрсэн хэмээн нотолдог. Өөрөөр хэлбэл, орчин цагийн ардчилсан ертөнц зөрчлөөс ангид гэсэн үг.
Ийм нотолгоог үнэлж цэгнэхдээ бид Кожевийн санааны мөн чанарыг буруу ойлгосон хүмүүсийн шүүмжлэлийг авч үзэхгүй. Жишээ нь, ядуурал, арьс өнгөөр ялгавар үзэл гэх мэтийн улмаас нийгмийн сайн зүйлсээс тэгш хүртэж чадаагүйдээ сэтгэл хангалуун бус байдаг тусдаа хүмүүс буюу бүлгийн шүүмжлэл. Илүү гүнзгий асуудал нь үндсэн зарчмуудын нэгэнд орших ба өөрөөр хэлбэл, манай нийгмийн сайн зүйлс нь үнэхээр сайн бөгөөд хүнийг хүнийх нь хувьд хангаж чадаж байгаа уу, эсвэл хүнийг хангах илүү дээд хэлбэр-нэг бол өөр төрлийн дэглэм эсвэл нийгмийн байгуулал зарчмын хувьд оршин байна уу? Энэ асуултад хариулах тулд бид бидний цаг үе үнэхээр хүн төрөлхтний “хөгширсөн эрин үе” мөн үү гэдгийг ойлгох хэрэгтэй ба бид түүхэн үйл явц эхлэхээс өмнөх үе рүү буцаж очоод байгалийн хүн өөрөөр хэлбэл, “анхны хүн” ямар байсныг харах хэрэгтэй юм.
НЕПКО