2024 оны дөрөвдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтанд оролцохоор Улаанбаатарт 2165, улсын хэмжээнд 5011 иргэн бүртгүүлжээ.
Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 20-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Өдөртөө дөрвөн ээлжээр шалгуулах бөгөөд нэг ээлжинд 130 иргэн шалгалт өгөх юм байна.
2024 оны эхний гурван улирлын шалгалтанд Улаанбаатар хотод 5606 иргэн бүртгүүлж, 3963 иргэн шалгалтанд оржээ. Үүнээс 1399 иргэн шалгалтанд тэнцэж, төрийн жинхэнэ албанд орох нөөцөд бүртгэгджээ.
Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд:
-Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл, орон нутагт цахимаар зохион байгуулж байна. Шалгалтын агуулга, зохион байгуулалт улам боловсронгуй болж байна. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Төрийн албаны шалгалтын сорил, даалгаврыг бөглөх, холбогдох хууль журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон.
Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахимд шилжиж, ил тод, нээлттэй явагдаж, шалгалтын дүн хэн нэгнээс биш, зөвхөн өөрсдөөс чинь хамаарч, сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, өндөр оноо авах нөхцөл бүрдсэн" гэв.