Тамирчны замналаа дуусгаж буй Испанийн нэрт теннисчин Рафаэл Надаль "Мөрөөдөлдөө хүрэхийн тулд бүх хүчээ дайчлан хөдөлмөрлөж ирсэн Майоркагийн жижигхэн тосгоны сайн хүн гэж намайг дурсаарай" хэмээжээ.
Энэ оны зургаадугаар сард 38 нас хүрсэн тамирчин Дэвисийн цомын тэмцээн өөрийнх нь хувьд сүүлчийнх байх болно гэдгийг мэдэгдэж байв. Испанийн Малага хотод болж буй тус тэмцээний ¼-ийн плей-оффын тоглолтод испаничууд Нидерландын багт хожигдсон бөгөөд Надаль ганцаарчилсан төрөлд Ботик ван де Зандсхюлпэд 4:6, 4:6 харьцаагаар ялагджээ.
“Тоо ба алдар нэр бол чухал биш ээ. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд бүх хүчээ дайчлан хөдөлмөрлөж ирсэн Майоркагийн жижигхэн тосгоны сайн хүн гэж намайг дурсаж байгаарай. Мартагдашгүй цаг мөчүүдийг өнгөрүүлсэн би бол азтай хүн. Би мөрөөдсөнөөсөө илүү зүйлд хүрч чадсан учраас теннисээс сэтгэл хангалуун явж байна” гэдэг үгийг Испани-Нидерландын тоглолтын дараа теннисний талбайдаа зогсож байгаад хэллээ. Мэргэжлийн тамирчны замналаа дуусгана гэдгээ Надаль аравдугаар сарын 10-нд Х нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Надаль Их дуулгын тэмцээнүүдэд хамгийн олон буюу 22 удаа түрүүлсэн теннисчин. Мөн 2008 онд ганцаарчилсан төрөлд, 2016 онд хосын төрөлд Олимпын аварга болсон. Тамирчныхаа замналд 134 сая гаруй долларын шагнал урамшуулал авсан нь теннисний спортын түүхэнд хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт юм.