Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томиллоо.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Нийслэлийн Засаг даргын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүнээр сонгогдсон тул нөхөн томилгоог хийж байна.
Л.Хосбаяр нь инженер, нягтлан бодох бүртгэл, эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр зэрэгтэй. ХААИС-ийг 2002 онд газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер-технологич мэргэжлээр, ХҮДС-ийг 2005 онд нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, Шихихутаг дээд сургуулийг 2017 онд эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
Ажлын туршлага:
2006-2009 онд Монголын хоршоологчдын холбооны нягтлан бодогч,
2009-2020 онд УИХ-ын Тамгын газарт нягтлан бодогч, референт, ахлах референт, дотоод аудитор, захиргаа, санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга,
2020-2023 онд ХЗДХЯ-нд Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга,
2023 оны 10 дугаар сараас НЗДТГ-ын даргаар ажилласан.