Өлгий, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 2024 оны элсэлтийн шалгалт өчигдөр 10:00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлсэн.
Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулж байгаа тус шалгалтад энэ жил нийт 35939 шалгуулагч орохоор бүртгүүлсэн байна.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 1620 хүүхэд 12 дугаар анги төгссөн. Үүнээс өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 914 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Математикийн хичээлийн шалгалтад хамгийн олон буюу 478 шалгуулагч орно. Мөн химийн хичээлийн шалгалтад 267, газар зүйн шалгалтад 34, нийгэм судлалын шалгалтад 388, биологийн шалгалтад 252, англи хэлний шалгалтад 326, физикийн шалгалтад 140, орос хэлд 85, монгол хэлний хичээлийн шалгалтад 211 шалгуулагч тус тус орно гэсэн мэдээллийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас өглөө.