Вээрс.
ХУЛАНГ СУЛЛАЯ !!!
Оршил.
Монголын эрх ашгийн эсрэг үйлдэл хийсэн хэргээр хоригдож буй яруу найрагч Ц.Хулан, лам Санждорж нарыг Монголын эрх ашгийн төлөөнөө суллах хэрэгтэй байна.
-Ийм авъяаслаг найрагч ингэсэн гэхэд итгэхгүй. Лам хүн хэрхэвч урвахгүй гэхчлэн уянгалах гэсэн биш ээ. Тэднийг хэлмэгдүүллээ, хилс хэрэгт гүтгэлээ барилаа гэж попрох ч гээгүй. Угаасаа яруу найрагч гэхээрээ л бүх юмыг яруу найруулдаг, лам гэхээрээ л ямагт Бурхан багшийн талд байдаг ч юм биш. Манай яруу найрагчид өөрөө өөртөө тодорхойлолт биччихээд тэрэндээ өөрөө үнэмшээд, өөрөө шүтээд дэгдчихдэг “цайлган” улс. Лам нарын дунд мунхагийн нойроос сэрээх ачит блам ч байгаа, “Сэрэлт” киноны “ах лам” ч суугаа.
Гэхдээ, гэмтэй гэмгүйг ярилгүйгээр энэ хоёрыг суллах нь цаг үеийн хэрэгцээ болоод байна. Үүгээрээ далимдуулж анхаарал татаад мань чинь сонгогдож барих гэсэн юм бүүр биш. Учир нь УИХ-ын сонгууль болоод өнгөрсөн. Намар болох Орон нутгийн сонгуульд бол хэтэрхий томдох пиар. Зүгээр л цаг үеийн шаардлага ярьж байна.
Киссинжерийн гэрээс ба Монголын тусгаар тогтнол
Тээр жил Баабар тэргүүтэй хэдэн хүн Хэнри Киссинжертэй уулзжээ. Тэр бол ХХ зууны сүүлийн хагасын дэлхийн улс төрийн хувь заяаг зурсан нэгэн. Баабар түүнээс
-Орос, Хятад хэмээх хоёр том гүрний дунд, ардчиллын замыг сонгосон Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний хувь заяаг юу гэж үзэж байгааг асуухад ганцхан үгээр “balance of Power” хэмээн хариулжээ. Хүчний тэгш харьцаа, ашиг сонирхлын тэнцвэр хэмээн янз янзаар илэрхийлж болох энэ үгний цаана Орос-Хятадын ашиг сонирхлыг тэнцүүлж байж Монголын тусгаар тогтнол, ардчилал бодитой болно гэсэн утга буй. Угаасаа тэрбээр, дэлхий дахины амар амгалан ч гэсэн хүчний зохистой харьцаан дээр тогтоно гэж номлодог нэгэн.
ХХ зуунд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсэн нь энэхүү ашиг сонирхлын тэнцвэр дээрээс урган гарсан юм. Аль алиных нь ашиг сонирхол тэгш шингэсэн энэ зурвас нутгийг хэн нэгэн нь бүүр авсанд орвол, хэнийх нь ч биш байх нь хэн хэндээ ашигтай тул буфер буюу гуупэр улс болгохоор шийджээ. Монголчууд “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэж ярьдаг даа. Орос, Хятадын хувьд Монголын тусгаар тогтнол нь “хүний ч нохой идэхгүй, өөрийн ч нохой идэхгүй” хувилбар байв.
Гэхдээ ХХ зуун бол Зөвлөлтийн зуун байсан учраас өөрийнхөө нохойнд илүү илүү идүүлэх боломжтой байлаа. 1939 онд Монголын нутаг дээр Японтой байлдаж амташсан зөвлөлтүүд хүний газар нутаг дээр дайсантайгаа тулбал иргэдээ хохироохгүй, хот сууринаа бөмбөгдүүлэхгүйгээс гадна “бусдын тусгаар тогтнолын хамгаалсан хүмүүнлэгийн үйл хэрэг” маягтайгаар сурталчлах боломжтойг мэдээд авлаа. Хоёр машин мөргөлдөхөд гүүпэр нь эвдрээд бусад нь бүтэн үлдэх лүгээ адил хоёр улс байлдахад буфер нь дайны хөлд шатаад өөрснөө бүтэн үлдэх ажгуу.
Сталин “амташсан хэрээ арван гурав дахина” гэгчээр дараагийн ээлжинд социализм доторхи гол дайсан болох Хятадтай байлдах, чингэхдээ улс орондоо аюул багатайгаар Монголын нутагт байлдах, тулалдах хувилбар сонгожээ. Ингээд БНМАУ-ын нутаг дахь цэргээ нэмж 100.000 хүргэв. Тайлбар нь “БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятадын аюулаас хамгаалж байгаа” юм гэнэ. Бурханы авралаар “Халх гол II” болсонгүй. Түүгээрч барахгүй Хятадын шаардлагаар Зөвлөлтийн цэрэг Монголоос гарлаа.
Харин XXI зууны хориод онд хүчний харьцаа зуун жилийн өмнөх 1920-иод онд байсныхаа эсрэгээрээ эргэв. Европ тал руугаа дайн хийж, тэр утгаараа Өрнөдтэй тулж байгаа Орос нь Хятадаас маш их хараат болов. Хэрвээ, ХХ зууны БНХАУ нь зөвхөн социализм байгуулагчийн хувьд үзэл суртлаараа Москвагаас хамаарч байсан бол өнөөгийн дэлхийгээс таслагдаж байгаа Орос нь эдийн засгаасаа гадна байж болох юм юмаараа Хятадаас хамааралтай болж үлдэв.
Хүчний харьцаа ингэж эсрэгээрээ эргэсэн ч эргэж давтагдахгүйгээр улирсан юмс, үзэгдэл олон байна. Жишээлэхэд, Хятадууд Оростой байлдахдаа Монголын нутгийг ашиглахгүй, ингэхийн тулд 100 мянган цэргээ байрлуулахгүй, түүнийгээ “Москвагийн аюулаас Улаанбаатарыг хамгаалж байна” гэж сурталчлахгүй. Монголд хайртайдаа ингэж байгаа юм биш ээ. Ерөөсөө Хятадууд Оростой байлдлаа гэхэд Монголын нутаг байтугаа өөрийнх нь цэрэг ч хэрэггүй. Зүгээр л “Танай, манай хоёр наймаа хийхгүй баа” гэхэд гүйцэхээр байна.
Яг ийм тохиолдолд хоёр хөрштэйгээ хүчний балансыг байгаа боломжоороо хамгаалах нь Манай тусгаар тогтнолын баталгаа
Заяа тодорхойгүй од
Өнөөдөр Жэнко шиг од нь гялалзсан улстөрч харагдахгүй байна. Тэрбээр Ардчилсан намын сонгуулийн нэр дэвшилтийг хүссэнээрээ залуурдсан. Түүний ялагдаасай гэж хүссэн нь ялагдсан. Баруун Монголын улс төрийн бэлгэдэл, тэр байтугаа “Дараагийн Ю.Цэдэнбал” гэж нутагтаа яригддаг Хүрэлбаатар нь төрөлхи хязгаартаа ялагдаж ч байх шиг. Гэтэл Жэнок өөрөө Хөвсгөлөөс нэгээр гарч сонгогдож ч байх шиг.
Орчлонгийн хүрдэнд нэг хүний үйл хэрэг ингэж бүтэж, ийм азтай байж болдог ч юм уу гэмээр. Үгүй ээ одоо, болдог болоод л энэ байх даа. Монголчууд азтай юу, Жэнко азтай юу ч гэвэл Жэнко гэчихээр. Гэхдээ энэхүү хурц тод одны гэгээ одоо асч байгаа одных уу, аль эрт унтарсан одны гэрэл үү, бүү мэд? Дэлхийгээс сая гэрлийн жилийн зайтай од сая жилийн өмнө унтарсан ч гэрэл нь өнөө харагддаг шиг үү? “Хэрхэхийг тэнгэр мэдэхээс, би яахин мэдэх?
Гэвч, тэнгэр яаж таалахаас үл хамаараад манай Жэнко бээр Цэдэнбалын хувь заяаг давтах магадтай байгаа нь бол бодитой. Цэдэнбал дарга шигээр нам, төрийн жолоог атгана гэсэн юм биш ээ. Тэр сэзоон нь өнгөрчихсөн.
Бал дарга яасан гэхээр Зөвлөлт, Хятад хоёр харилцаагаа сайжруулах гэж байгааг мэдэхгүй, Улаанбаатараас хятад иргэдийг хөөж тууж дүвчигнээд Москвад гай болж, түүнийхээ ч гэсгээлийг амссан тухайд ярьж байна. Хамгийн муухай нь: Хятадтай харилцаагаа сайжруулах гэж байгаагаа хайрт дүүдээ тоож хэлээгүй байгаа юм, ах нь.
1983 оны тэр нэг өдөр. Кремлийн улс төрийн гал тогооны цонх муутай харанхуй өрөөнд дараахь яриа өрнөсөн шиг.
Энгийн хувцастай, хурандаагаас дээш цолтой хэдэн эр шаариг тоглонгоо ертөнцийн асуудлыг эрчүүдийн үгээр ярилцана. Шаариг алдсан эрхэм хараал тавингаа,
-Пяздаа чинь... гэснээ цааш залгуулж,
-Пяздаа нартай яг учраа олох гэж байтал нөгөө пяздаа чинь пяздаа царайлдаг гэжээнэ шдээ. Тэгээд хар даа, пяздаанууд чинь уурлаад ийм пяздаа ирүүлж хэмээн БНХАУ-ын Гадаад яамнаас ирүүлсэн “Улаанбаатарт байгаа хятад иргэдийг Цэдэнбалаар хөөлгөсөн явдлыг эсэргүүцсэн” ноотны эхийг харуулна.
-Пяздаад өмнө нь наад пяздаагаа хэлсэн юм уу?
-Тэр пяздаад хэлж, ямар пиздаагаа хийх юм бэ?
-Тийм шүү... ээ пяздаа...дахиад алдчихлаа гэж оноогүй шааригныхаа араас гаслаад,
-Одоо тэгээд энэ пяздааг яах вэ?
-Пяздааг пяздаа болгохоос өөр зам харагдахгүй л бна. Ерөөсөө ингэе, пяздаагийн чинь пяздаа нь бас өвчигнөөд пяздаануудынхаа пяздааг хөдөлгөөд байгаа дуулдсан. Пяздаатай нь хамт буулгаад, Москвад аваад ир. Ерөөсөө, Пиздаа Пиздич Та өөрөө... уучлаарай. Нөхөр Всеволод Кузьмич... та өөрөө Улаанбаатар явж, Цэдэнбалыг эхнэрийнх нь хамт албан тушаалаас буулгаж, энд гэрийн хорионд байлгах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
Ийнхүү, Улаанбаатарт байсан хятад иргэдийг хөөчихөөд Москвагийн ээлжит магтаалыг хүлээж суусан Ю.Цэдэнбалын хувь заяа шийдэгдсэн юм.
Өнөөдөр ч гэсэн Москвагийн зүгээс төлөөний хүнээрээ туг тахиж Бээжинд тал засдаг түүхийг давтаж тун магадгүй санагдана. Учир нь энэ хоёр хүн тоглоом дуусчихсан байхад өрөг үргэлжлүүлснээрээ ижилсэж байна. Нэг нь тоглоом дууссаныг ухамсарлаагүй, нөгөөх нь мэдсээр байж цааш нь тоглосон.
“Их ах” айлд өргөгдсөөн !
XX зуунд байсан Хятад-Оросын харилцаа байтугаа Орос-Украйны дайны урьдах Хятад-Оросын харилцаа өөрчлөгдөж байна. Тэр хэрээр Монгол дахь төлөөлөгч нартаа Москвагаас өгдөг үүрэг даалгавар ч өөр болсон. Украйнтай байлдах хүртэл Монгол дахь “ажилтан”-уудаараа дамжуулан Хятадыг дарамтлах, Хятадыг Монголтой холбож болох эдийн засгийн зам магистралыг гацаах зэргээр Улаанбаатарыг Москва руу шахах бодлого явж байж.
Харин өнөөдөр Москвагийн зүгээс Улаанбаатар-Бээжинг холбосон нарийн төмөр зам тавихыг урьдынх шигээ эсэргүүцэхгүй. Хятад руу нүүрс зөөх замыг хааж хүчрэхгүй болохоор “төөрсөн зам” барих аргаа ахиад сонгохгүй.
Украйнтай хийж байгаа дайнаа аль болох удаан үргэлжлүүлэхийн тулд Хятадыг хэр чинээгээрээ царайчлана. Оросууд “Хятадын сэтгэлд юм хийсэн” алхам шинээр эхлүүлэх байтугаа, урьд хийж байсан зүйлсээ боломжоороо залруулахыг хичээнэ. Яг л БНМАУ-ын үед “зөвлөлтийн мэргэжилтний сэтгэл юм хийчих вий” гэдэг айдас бидэнд байсан шиг “Бээжингийн сэтгэл юм оруулахгүй” гэж тэд хичээж байгаа.
Москвагийн “залруулахыг хичээх” алдаан дотор манай “Жэнко ба түүний команд” зүй ёсоор орж байж мэднэ.
ХХI Зууны Цэдэнбал болсон Женко Баттулга “Залруулгад багтсан байх магадлалтай” эсэхээ үл тоомсорлон хуучин дүрмээрээ амжилттай тоглож сонгуульд яллаа. Энэ нь Оросыг баярлуулсан болов уу, яасан бол?
Жэнкогийн хувьд энэ сонгууль нь “Оросын нөлөөг хамгаалах” гэхээсээ илүү, Орост хаягдахаас аврах, шууд утгаараа амиа аврах гэсэн оролдлого байх магадтай. Оросууд нөхрөө хаяхдаа ч мөрөөр нь хаягдаггүйг мань хүн мэдэхгүй бол хэн мэдэх билээ? Жишээлэхэд, иргэн Женко талийгаач боллоо гэхэд нас баралтын ерийн статистик, харин УИХ-ын гишүүн Женко “үхвэл” ядаж л үйл явдал. Тэр үүнийг мэдэж байгаа. Иймээс түүний тулаан бол Их хурлын гишүүн болохын төлөө ч юм биш, орон шоронгоос зулбаж яваа төдий ч юм биш, амь насаа аврахын төлөө ч биш, зөвхөн амьд явах хугацаа сунгахын төлөө л амь өрссөн дайн юм биш биз?
Ийм учраас бүхнээ зориулж сонгуульд яллаа.Одоо тэр намын дарга болбол, сайд болбол амь насаа ядаж дөрвөн жилаар баталгаатай болгоно. Тэрний дараа Орос байгаа ч уу, үгүй ч үү л гэж бодож яваа болов уу?
Өдгөө Жэнко ямар ч эрх мэдэлд хүрлээ гээд Оросын цэрэг Монголд оруулж чадахгүй. Магадгүй тэр, жирийн Жэнко биш Лука Жэнко болохыг мөрөөдөж байлаа ч гэсэн ингэж чадахгүй. Яагаад гэвэл Хятад ингэхийг зөвшөөрөхгүй.
Жэнко хэн ч боллоо гээд Монголыг дахиад Оросын дагуул, гадаад нэртэй дотоод республик болгож дийлэхгүй, яагаад гэвэл Хятад зөвшөөрөхгүй.
Тэр Хятад руу тавьсан замыг дахиад хааж, төөрүүлж хүчрэхгүй, яагаад гэвэл Хятад таалахгүй.
Хэрвээ, Хятадад таалагдахгүй алхам хийвэл Москва руу ноот бичнэ. Тэгээд Кремлийн подвальд мөнөөх “пяздаа” урсгасан яриа дахиад өрнөж “II Цэдэнбал”-ын хувь заяа “ай, бсдаа” л болно.
Юу үнэн бэ гэвэл, Хятадын тал Жэнко нарын талаархи гомдлоо Монголын талд биш Оросын талд л тавина. Жэнкод Монголчууд биш Оросууд л арга хэмээгээ авна. Энэ л ёстой “правда” шүү.
Нэрмээсэнд нь , Орос-Хятадын тоглоомын дүрэм ингэтлээ өөрчлөгдөөд байхад Жэнко хуучин дүрмээрээ тоглоод Монголын парламентад орж ирсэн нь Бээжингийн гэхээсээ илүү Москваг бажгадуулсан байж мэднэ.
-Монголыг Хятад эзлэх гээд байна. Эртхэн Оросыг дагасан нь дээр гэж “Жэнко и его команда” ухуулах дуртай. Энэ бүтэхгүй. Хятадууд дүрэмтэй улс, Монголыг эзлэх гэж явахгүй. (Тэр байтугаа, эзлэнэ эзэлнэ гээд байгаа Тайваныг ч өнөө маргаашдаа эзлээд авахгүй) Улмаар, Монголыг дахин эзлэхийг Оросуудад зөвшөөрөхгүй. Монголд байтугаа Орост ч байдаггүй нэг зүйл тэдэнд байдаг нь нэр төр хэмээх “шал дэмий” зүйл юм.
Иймээс, Хятад ирж эзлэхээс өмнө бушуухан Оростой нийлэх гэдэг нь бүтэхгүй мөрөөдөл. Үлгэрлэвээс, бичиг үсэг ч үгүй нэгэн хүдэх хархүү хонь хариулж, хомоол түүнгээ “Португалийн мисстэй суусанд орвол Испанийн мисстэй гэрлэсэн нь хамаагүй дээр” энэ тэр гэж мөрөөдөж суугаатай адил.
Хувь тавилан өөрөөр эргээд, үнэхээр “Жэнко и его команда”-гийн хэрэг бүтээд Орос цэрэг ороод ирдэг юм аа гэхэд тэр нь Хятадын арми Улаанбаатарыг чөлөөлөхөөр орж ирэх шалта гболж харин ч магадгүй. Яг л Цагаантнууд Монголд орж ирсэн нь тэднээс чөлөөлөх нэрээр Улаан арми орж ирээд эзлээд авдагтай агаар нэг шалтгаан. Чингэвэл, Зайсан толгойн хөшөөний далбаанд 5 таван хошуу нэмж сийлдэг л байх даа?
Хуланг суллая!
Киссинжэрийн гэрээслэснээр, өнөөгийн нөхцөлд хоёр том хөршийнхээ оролцооны балансыг тохируулж гэмээнэ бид тусгаар тогтнолоо, түүнийхээ тулгуур болсон эдийн засгаа аварч үлдэнэ. Хятад өнөөдөр дэлхийн бодлогыг тодорхойлогч хүчний нэг талыг бараг л толгойлоод байна. Орос орон Украйнд ялагдаж байгаа ч, ерөөсөө Орос улс ялагдтал өдий. Цаашид “Их гүрэн нь их гүрэн. Гэхдээ Хятадаас хамааралтай их гүрэн” байдлаар удаан явах байх.
Ийм тохиолдолд Оросын өмнөөс Хятадтай дайсагнах нь аюултай. Чам руу биш гэхэд дагуулж яваа хүн рүү чинь боргоод байгаа нохойг чулуудаж хөөх л болдог шиг хандана. Хятад өөртөө дагуул их гүрэнтэй байх нь ядаж л Америк, Европтой учраа олоход хэрэгтэй. (Байлдах биш учраа олох шүү) Бас Хятадын өмнөөс Оростой дайсагнах нь ч ухаалаг бус.
Орос-Украйны дайны хувьд Монголын Засгийн газар нь Оростой хэвийн харилцаагаа хадгалсан маягтай ч тал талд шалиглах байдалтай, харин ард түмэн нь Украйны талд байгаа төдийгүй, энэ асуудлаар төр засгаа байнга “гөвж” байгаа нь тунч эвтэйхэн хүчний баланс. Тэр чигээрээ Украйны талд орчихвол “хэтэрхий заяатай хүнийг хараад тэнгэр нар үл баясах” гэгчээр Оросоос гадна Хятад бас таагүй хандана.
Яг түүн шигээ хоёр талын ашиг сонирхлыг төлөөлдөг этгээдүүдэд хандахдаа ч энэ балансаа барих ёстой.
Бидний ойлгосноор, яруу найрагч Хуланг ч, Санждорж ламыг ч тэр Хятадын талд ажилласан, тэдний байгууллагатай хамтарсан хэргээр ялласан. Хаалттай болсон шүүх хурлын уур амьсгалаас үзэхэд тэд “хятадын тагнуул” байсан байна. Шинэ юм биш. ХХ зууны туршид мянга мянган “хятадын тагнуул” байтугаа “хятадын тагнуул юм шиг санагдсан” шалтгаанаар гэм зэмгүй өчнөөн хүнийг хорьж цагдаж, шийтгэсэн. Тэдний л нэг болж. Гэхдээ, “тагнуул ч юм шиг” санагдахаар нь шийтгээд байдаг цаг өнгөрснийг бодоход нэг учир бол байгаад байх шиг байгаа юм.
Улс л юм чинь тэд ч тагнуултай, бид ч тагнуултай байж таарна. Гэтэл хоёрхон том хөрштэй манайд Оросын “тагнуул” ерөөсөө байхгүй, зөвхөн Хятадын тагнуул л баригдаад, хоригдоод байдаг нь үнэхээр баланс алдуулаад байна. Нэг талаасаа, тагнуулуудыг ил тод ажиллавал дэмжээд, харин нууцаар ажиллавал дургүйцээд барьж хориод ч байгаа юм уу гэмээр.
Оросын талын Монголын эрх ашигт илт харш бодлогыг ил тод хэрэгжүүлж, эх орноо хохироогчид чөлөөтэй бөгөөд албан ёсоор ажилллаж, төрийн эрхийг тааваараа барилцаж байна. Оросын тагнуулаараа бахархаж, эх орныхоо тусгаар тогтнолоос татгалзахыг чөлөөтэй уриалж болж байна. Энэнийхээ төлөө тэдний төрийн одон медаль энгэртээ гялалзуулж гайхуулах нь бүүр юу ч биш.
Гэтэл Хятадын талтай хамтран ажилласан гээд яруу найрагч Хуланг хаалттай шүүгээд шорон руу шидчих юм. Хоёр том хөршийнхөө хүчний балансыг барих гэж байгаа бол ингэж болохгүй л дээ. Нэгэнт оросын тагнуул, хорлон сүйтгэгчдийг яаж ч чадахгүйгээс хойш нөгөө талд нь учиртай хандах нь Монголын эрх ашиг.
Яг нарийндаа бол Хулан энэ тэр яасан гэхээр, аравдугаар Богдыг Монголоос тодруулахгүй байх тал дээр Хятадын сонирхлыг төлөөлсөн бололтой юм шиг. Энэ бол, Монголд нарийн төмөр зам тавиулахгүй, нүүрс зөөх замыг Хятадтай холбуулахгүй байх Москвагийн сонирхлыг төлөөлөхтэй л төсөөтэй явдал. Гэтэл нэгийнх нь хэрэг 200 хувь бүтээд, одоо ч үргэлжлэн бүтээд байхад хөөрхий Хулан ажил нь ч бүтсэн юмгүй, өөрөө ч шоронд байх нь арай л, арай л санагдахгүй байна уу?
Оростой залгасан хилээр долларыг(төгрөг биш доллар) тав, арван саяар нь, нэг биш хоёр гурав биш дахин дахин оруулж ирээд яах ч үгүй байхад, хөөрхий Хулан чааваас 500 мянгыг авч чадсан юм уу? Нөгөөх нь оруулж ирсэн хэдэн арван сая сая доллараа чөлөөтэй хэрэглэж байхад, заяагүй Хулан буцааж төлж ч байх шиг.
Тэр Санждорж ч гэж Санждорж. Нэгэнтээ л “тагнуул болохгүй бол таван цаасны атгахгүй хорвоо юм байна” гэж үзсэн юм бол эргэн тойрноо жаахан харахгүй дээ. Хэний тагнуул бурзайж, хэнийх нь ярзайж байгаа нь нүдэнд илхэн байхад, “мээдрэмж бааку” золиг. Мэдрэмжтэй урвасан бол гишүүн болохоо байг гэхэд хэхрэхдээ дойлуур ханхлуулаад шүдээ чигжийлж суухгүй юу? Заяа л юм даа.
Ингэхэд Хулан нар юуг гацааж, юуг хорлосон юм бэ? Эх орноо юугаар хохироосон юм бэ? Есдүгээр Богдыг Монголоос, Далай ламын оролцоотойгоор тодруулахад саад хийх гээд хүчирсэнгүй. Бид хүссэн Богдоо тодруулчихлаа, Америкт аваачаад “айдгийгаа авдартаа хийчихлээ” бүүр.
Ерөөсөө ч, Хятадууд Монгол Богдтой байхад дургүйцсэн ч юм биш. Харин өнөөгийн Далай ламын нөлөөлөл үе залгамжлахаас болгоомжилдог. Үүнийгээ ч нуудаггүй. Өөрөөр хэлбэл, ХХ зууны аргаараа XXI зуунд зөрчилдөхгүй шиг явъя л гээд байгаа хэрэг.
Хуланг суллах ажилд Жэнко оройлон зүтгэлээ гэхэд нэг талаасаа өөрийнхаа багт явсан хүнийг хэзээд хамгаалдаг нэрийг зүүх, улмаар Хятадыг тайтгаруулах, эцэст нь Хятадыг баясгаснаараа Оросын сэтгэлийг зассан “насан хутгыг бататгасан гүрэм” гэлтэй алхам болно доо. Тоглоомгүй, үнэн шүү.
Манай ерөнхийлөгч ч гэсэн нэрэлхэж барилгүй цаадахыгаа өршөөлөө гэхэд нэг талаасаа “яруу найрагт элэгтэй сайн ерөнхийлөгч” гэж зохиолчид нь баярлана. Нөгөө талаасаа, хөршдөө тал зассан алхам болж нөгөө гацсан чингэлэгүүд маргаашаас нь наашаа хөвөрч мэднэ. Тэгвэл ачаа бараагаа хүлээж цөхсөн олон амьтан баярлана. Ямартаа, хүн шоронд хийж байгаа биш, суллаж байгаа үйл болохоор дургүй хүн гарсан ч тэрийгээ нэг их ярихгүй өнгөрнө. Лам хуврагууд ч гэсэн Х Богдоо тодруулж, ажил хэрэг нэгэнт бүтсэн тул хамаг амьтныг энэрэн нигүүлсэхүйн сэтгэлээр хандах буйз аа?
Хятад ч хятад. Нууж хааж байхаар ашиг сонирхлоо ил яриад, илэрхийлээд, оролцох оролцохгүй юмаа зарлаад байхын оронд хоёрын хооронд “тагнуулдаж” явдаг нь юу ч билээ? Хэрвээ, Хулан нар “Бид Хятадын ийм сонирхлыг шийдэх ёстой” гэж ил яриад явсан бол ийм хэрэг болоо ч уу, үгүй ч үү?
Хятадууд ч гэсэн нэг их Жэймс Бонд царайлж, цөөхөн хэдэн Монголыг шоронд хийлгэхээ болимоор байна. Хөөрхий Хулан нь шүлгээ бичээд, Санждорж нь мааниа уншаад(худлаач гэсэн) явж л байх байсан. Ямар хэрэг байна. Бээжингийнхэн эрх ашиг, улс төрийн сонирхлоо ил хэлээд, ингэвэл алалцана, тэгвэл тэврэлдэнэ гэдгээ шулуухан ойлгуулахын оронд битүү дүлэгнээд явахаар чинь “Хонинд янцгаахыг заасан үхэрчний үлгэр” гээч болоод дууслаа, хөөш.
Ер нь ингэхэд, манай тагнуулыхан “Оросын тагнуулууд ил тод ажиллаад сайхан болоод байхад, Хятадууд нэг их нуугаад байх даа яадаг юм бэ” гэж зэвүүцсэндээ тэднийг бариад авсан ч юм билүү?
Хуланг суллах хэрэгтэй. Тэр хүүхэн зүгээр ч суухгүй, бас зүлгэн дээрээ гэрээ ч барихгүй л дээ, гэхдээ л хичнээн гай болов гэж.
Хуланг суллаад, Зам тээврийн сайдаар тавиадах гэсэн үг биш л дээ. Гэхдээ хоёр талын ашиг сонирхлыг төлөөлж буй этгээдүүд баланслах л ёстой байх. Женко ид мандаж, "төрийн замнал гацааж, төмөр зам төөрүүлж" байхад зэрэгцээд Хятадын ашиг сонирхлын бүлэг ил тод ажиллаж байсан бол хажуугаар нь нарийн төмөр зам тавьчихсан байх байсан юм. Тэгсэн болж гэм нүүрсний орлого их наяд төгрөгөөр биш их наяд доллараар яригдаж, Тянжинд “гацсан” 7000 чингэлэг нэг л өдөртөө Улаанбаатарт буух байсан юм.
Хоёр хөршийн тагнуул харагдвал нэг их ивээгээд, одон зүүж өгөөд байх нь ч хаашаа юм бэ? Гэхдээ ашиг сонирхлынх нь балансыг барих, барьж байгаагаа ил тод илэрхийлэх цаг ирсэн байна.
Монгол дахь хоёр хөршийн ашиг сонирхлын харьцаанд гарсан ийм тэгш бус байдлаа хэрхэхийг Хятадууд эгдүүцэн харж байгаа. Одоохондоо чингэлгийн төдийхэн хориг тавиад ажиглаж буй? Хоолойд тээглэсэн чингэлгийг уулын чинээн болохоос урьтах нь манайд ашигтай. Хөрш чинь танай хүүхдийг хулгай хийхээр цагдаад барьж өгөөд, харин нөгөө айлын хүүхдийн хулгай баригдвал нэмж шагнаад байвал та ч гэсэн эгдүүцнэ биз дээ?
Бид парламентад хүчний харьцаа хичнээн чухал, сөрөг хүчин ямар их хэрэгтэйг ойлгосноо саяны сонгуулиар харууллаа. Гадаад харилцаанд ч, дайснуудын харьцаанд нь энэ баланс чухал. Дорнын мэргэд “Дайснуудын хүч тэнцэх тэнцэх нь дайсангүй болохтой агаар нэг” хэмээн сургасан нь оргүй ч биш бололтой.
-Орос аварна, Орос ирээд Хятадаас хамгаална гэдэг үлгэр ХХ зуундаа архивлагдсан. Орос харин ч Хятадаас аврал эрж байгаа цаг. Ингэлээ гээд Оросыг өшиглөх нь муухай. Харин Орост сайн хүн болох гэж Хятадыг өшиглөвөл хоёуланд нь аюултай.
Дашрамд дурьдахад, эл өгүүллийг “хятадын тагнуул”, “урвагч” илрүүлэх шинэ боломж гээд поопорч гүйвэл эзнийхээ сэтгэлд юм хийхээс цаашгүй шүү гэдгийг сайхан сэтгэлээр сануулчихъя. Эзний сэтгэлийн сэв эрүүл мэндэд халтайг та нар юу эс андах вэ?
Уг нь амархан боловч ярихад “хүнд” сэдвээ “Украйн, Орос хоёрын хэн нь ялах вэ гэж үү? Хятад л ялж таарна даа” гэсэн онигоогоор өндөрлөе.
Б.Цэнддоо /2024.07.01/