x

Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт оруулж, удирдлагадаа байлгахыг хүсч байна

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар олонх болсон Монгол Ардын Нам(МАН) бусад нам эвсэлтэй зөвшилцөх, дараагийн Засгийн Газар(ЗГ)-ыг байгуулах асуудлаар ажлын хэсэг гаргасан талаар өчигдөр мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулан "Тасралтгүй боловсрол судалгааны институт"-ийн судлаач, АНУ-ын Корнеллийн их сургуулийн нийтийн удирдлагын магистр Сүхбаатарын Өнөртэй ярилцлаа. 

-Энэ жилийн сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, эрх баригч нам дахин олонх боллоо. МАН эвслийн Засгийн газар байгуулах тухай асуудал ярьж байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ? 

-1992 оноос хойш манай улс ес дэх УИХ буюу парламентаа байгууллаа. Өнгөрсөн 32 жилийн турш эрх барьж буй хүчин парламентын 80-аас дээш хувийг буюу "супер" олонхыг 24 жилийн турш бүрдүүлсэн. Үндсэндээ 32 жилийн 24 нь "супер" олонхын засаглалтай байсан. 

Үлдсэн найман жилд нь сөрөг хүчин 30 хувь давсан суудалтай байсан байна. Монголчууд хэзээ ч эрх барьж буй намд нийт саналын 50-аас илүү хувийг өгч байгаагүй. Мажоритар гэх сонгуулийн тогтолцооноос болж нэг нам хэт олонх болчихдог.

Санал гээгдэж буй энэ согогийн залруулахаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийг холимог тогтолцоонд шилжүүлсэн. Үр дүн нь маш тэнцвэртэй гарч, УИХ солонгорсон. Гэтэл гэнэтхэн гурван том нам хоорондоо эвсэх тухай асуудал гарч ирлээ. Ард түмэн сөрөг хүчинтэй байлгахаар саналыг хувааж, тэнцвэржүүлсэн.

МАН, АН, ХҮН нам хоорондоо эвсэх тухай ярьж байгаа нь парламентын сөрөг хүчин, хяналт гэх зүйлийг үгүй хийж байгаа юм. Хэрэв гурван нам нийлбэл 93 хувийн олонх болно. МАН, АН нийлбэл 87 хувийн олонх болно гэсэн үг. 

-Парламентын хяналт гэж яг юуг тодорхойлж байна вэ. Энэ зүйлийг олон нийт юу гэж ойлгох вэ?

-Эрх баригч буюу Засгийн газрыг бүрдүүлсэн нам УИХ-д хууль өргөн барих үед сөрөг хүчин хэр сайн хууль оруулж ирсэн бэ гэдгийг хянаж байдаг. Хэрэв эрх баригч маш сайн хууль оруулж ирсэн бол сөрөг хүчинтэйгээ хамт батална. Сэжигтэй, муу хууль оруулж ирвэл эцсийн мөчид сөрөг хүчин ажлаа хийж, ард түмэнд хандах, батлахгүй байх арга зам хэрэглэдэг. 

Техникийн хувьд энэ гурван нам нийлээд "супер" эвсэл бүрдүүлбэл цөөн хэдэн хувь гишүүн эсрэг санал гаргаж, үг хэлж болох хэдий ч  бүтцийн хувьд эвссэн намууд нэгнийхээ эсрэг юм ярьж чадахгүй. Засгийн газраа унагахгүй хамгаалахын тулд зарим нэг хууль дээр нүдээ аниад өнгөрөөх магадлал өндөр.

Иргэд парламентыг шууд хянаж чадахгүй. Зөвхөн сөрөг хүчнээр дамжуулж парламентын үйл ажиллагааг хянах боломжтой. Парламент ямар нэг асуудлыг хүч түрж шийдэж байна уу гэдгийг эцсийн мөчид сөрөг хүчин хянадаг. Үүнийг парламентын хяналт гэж тодорхойлж болно. 

-МАН төсөл хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэх учраас эвсэх байр суурийг илэрхийлсэн. Улсын эрх ашигт тохирох том төсөл, хөтөлбөрүүдийг заавал эвсэж хийх ёстой гэж ойлгуулах нь зөв үү? 

-Төсөл, хөтөлбөр хэрэгжинэ гэдэг нийт иргэдэд таалагдах ёстой. Улсын нийтлэг эрх ашигт нийцэх учиртай. Жишээлбэл, шинээр цахилгаан станц барина гэвэл эсэргүүцэх хүмүүс бараг гарч ирэхгүй байх. Учир нь эрчим хүчний хараат байдлаас гарах асуудалд сөрөг хүчний хамааралгүйгээр ард түмэн дэмжинэ. Иймэрхүү зүйлд намууд эвсэхгүйгээр зөвшилцөл үүсгэдэг.

Гэтэл зөвшилцлийг заавал эвсэж Засгийн газар байгуулснаар үүсдэг зүйл хэмээн олон нийтэд тайлбарлаж буй нь маш буруу. Эрх барьж буй нам болон сөрөг хүчин дундын нэг үнэт зүйлтэй буюу тэр нь бүх монголчуудын хүсэл эрмэлзэл түүн дээр үндэслэн байгуулсан төр юм. Сөрөг хүчин гэхээр эрх баригчдаа санаатайгаар унагаадаг зүйл биш. Том төсөл, хөтөлбөрүүд нь явах ёстой бол сөрөг хүчин, эрх баригч хоёр заавал эвсэхгүйгээр хоорондоо зөвшилцөөд ажиллаж болно.

УИХ-ын тухай хуульд олонх, цөөнх гэж заадаг ч, угтаа бол эрх баригч, сөрөг хүчин л гэж хоёр хуваагдах ёстой. Олонх бүрдүүлсэн нь эрхээ барина, цөөнх нь сөрөг хүчин болж хяналтаа хэрэгжүүлэх учиртай. Гэвч эрх баригч нь цөөнхөө Засгийн газартаа оруулчихвал, цөөнх нь сөрөг хүчин байх боломжгүй. 

-"Хэрэв гурван нам нийлбэл 93 хувийн олонх болно. МАН, АН нийлбэл 87 хувийн олонх болно" гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу? 

-МАН, АН эвсээд парламентад 87 хувийг эзэлчихвэл Засгийн газраас орж ирсэн хуулийг бараг л хяналтгүйгээр батлах дээрээ тулна. Хяналт байсан ч тэр нь сөрөг хүчинтэй байхаас хэд дахин сул байх болно. Тэд хамтдаа эвслийн Засгийн газарт орчихсон учраас "энэ хуулийг батлахгүй бол сайдаас чинь зайлуулна, Засгийн газраа тараана" гэдэг байдлаар АН-ыг шахаж эхэлнэ. 

Энэ тохиолдолд АН-аас эвсэлд орсон сайд нар "Засгийн газраас гарвал сайд байхаа болино" гэж МАН-ын шахаанд орж эхлэх магадлалтай. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт элсүүлж аваад өөрийнхөө удирдлага дор байлгахыг хүсэж байна. Үндсэндээ сайдын суудлаар урхидах гэхэд хилсдэхгүй, улс төрийн тактик, стратеги явж байна.

Тэгэхээр эвслийн Засгийн газарт АН-ынхан ороод ирвэл манай улсын парламент маш сул сөрөг хүчинтэй болж эхэлнэ гэсэн үг. Сул сөрөг хүчин парламентын хяналтыг алдагдуулдаг. 

-Дэлхийн улс орнуудад ямар тохиолдолд эвслийн Засгийн газар байгуулагддаг вэ? 

-МАН эвсэх санал тавьж байна гэдэг нь парламент дахь хяналт тэнцвэрийн зарчмын үгүйсгэж буй хэлбэр юм. Нэг нам парламентад 50-аас дээш хувийн суудал авч чадаагүй тохиолдол гарцаагүй эвсдэг. Нэг нам олонхоо бүрдүүлж чадаагүй бол жижиг намууддаа эвслийн Засгийн газар байгуулах санал тавьдаг. 

50 хувиас дээш парламентын суудал авсан нам эвслийн Засгийн газар байгуулах тохиолдол маш ховор. Их Британид 2015 онд Дэвид Камерүний Консерватив нам 50.8 хувийн санал авсан. Хэдий олонх болсон ч эвсэл байгуулсан. Гэхдээ ердөө 1.2 хувийн суудал авсан Либерал ардчилсан намтай л эвссэн. 

Гэтэл парламентын суудлын 54 хувийг эзэмшиж буй МАН эвсэх санал тавьж байна гэдэг нь улс төрийн болон хяналт тэнцвэрийн зарчмын үгүйсгэж буй хэлбэр юм. Түүхэн талаас харвал 50 хувиас дээш суудал авсан нам сөрөг хүчинтэйгээ зөвхөн дайн дажинтай үед эвссэн тохиолдол байдаг. Үүнийг их эвсэл гэж нэрлэдэг. Өнөөдөр манай улсад дайны нөхцөл үүсээгүй. Геополитикийн хувьд эмзэг нөхцөл үүсэж болзошгүй ч, энэ нь их эвсэл байгуулах хэмжээний том асуудал биш юм. 

2008 оны долдугаар сарын 1-нд үймээний улмаас Ерөнхийлөгч онц байдал зарлаж байсан удаа бий. Энэ үед МАХН УИХ-д 45 суудалтай ч АН-д эвсэх санал тавьж байсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл 2008 оныг энэхүү эвслийг тодорхой хэмжээнд зөвтгөж болно. Гэтэл өнөөдөр бид эвсэл ярина гэдэг бол парламентын дотоод хяналт, эрх мэдлийн хяналтын зарчмаас ухарч байна гэсэн үг.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 6 цаг 3 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 7 цаг 53 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 8 цаг 5 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 8 цаг 10 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 9 цаг 27 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 9 цаг 35 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 9 цаг 56 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 10 цаг 47 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 10 цаг 51 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 11 цаг 1 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 11 цаг 10 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 11 цаг 24 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 11 цаг 32 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top