Монголчууд цаг наашилж тэнгэр хангай дулааран, хайруу хүйтэнд гэртээ галын дэргэд өнжих шаардлагагүй болсон зуны дэлгэр цагт баяр наадмаа тэмдэглэдэг уламжлалтай. Зуны сард зүйл зүйлийн цагаан идээ элбэгшин дэлгэрч, гэдэс цатгалан болохуйд хэнэггүй гүдэсхэн зантай монгол хүн ёстой л тааваараа жаргах билээ.
Монголчууд цаг наашилж тэнгэр хангай дулааран, хайруу хүйтэнд гэртээ галын дэргэд өнжих шаардлагагүй болсон зуны дэлгэр цагт баяр наадмаа тэмдэглэдэг уламжлалтай. Зуны сард зүйл зүйлийн цагаан идээ элбэгшин дэлгэрч, гэдэс цатгалан болохуйд хэнэггүй гүдэсхэн зантай монгол хүн ёстой л тааваараа жаргах билээ. Монгол хүн өнөөдөртөө амьдарч, ирээдүй хожид, тэр байтугай маргаашийн тухай эргэцүүлж бодох нь тун ховор. Тартагтаа тулсан ядууг нь эс тооцвол зун бараг айл болгон айрагтай болж, адуу тарган байхад амьдрал ахуйд илүү юм хэрэгтэй гэж үү? Өвөл цагаан сарын (Шинэ жил) баяраа тэмдэглэх боловч тэр үед найр наадам хөгжөөхгүй, хоорондоо золгох төдий юм. Энэ үед идээ ундаа элбэг болж, ерөөс монгол хүний хувьд хоол хүнс арвин байх нь ямар ч баяр ёслолоос ялгаагүй сайхан бэлгэшээлтэй явдал болой.
Халх монголчуудын үндсэн баяр - Долоон хошуу даншиг наадмыг хутагт гэгээнд зориулан Өргөө хотноо зохион байгуулна. Баяр наадмыг гурван жил тутам хийдэг ч халдварт өвчин тархвал түүнээс олон жил өнжих нь элбэг. Ноднин наадам хийх байсан боловч цэцэг өвчин тархсан тул өнжиж, энэ жилийн зургаан сарын сүүл, долоон сарын эхээр наадацгаав. Наадмын товыг амбанууд хутагт гэгээн, лам хувраг, чуулганы дарга нартай зөвшилцөн тогтооно. Өргөөгийн ойролцоо хурдан морь уралдуулах тохиромжтой газрыг томилсон төлөөлөгчид урьдаар газар дээр нь очиж шинжээд, амбан, чуулганы дарга нарт илтгэж батлуулна. Адуу мал нэлээн хэд хоног бэлчих учраас уралдааны газар нь өвс, ус элбэгтэй, оготно зурамны нүх багатай байх ёстой.
Ийнхүү энэ жилийн зургаан сарын сүүлээр өндөр албан тушаалтай, өвчтэй, настайгаас бусад Халхын бүх хан, ноён, хошуу засаг, шавийн яамныхан, Өргөөд ирэх боломжтой хүн бүхэн өрх бүлээрээ цувран ирцгээж, Туул голын хөндийд Маймаачин хотоос хутагтын зуслан хүртэл гэр, майхнаа босгон бууцгаав.
Халхын хан, ноёд хутагт гэгээнд арвай будаа, алт мөнгө, торго тэргүүтэн даншиг өргөснөөр наадам эхлэв. Бүгдээр тавдугаар сарын 13-ны (буюу зургаан сарын 27-ны) өглөө эрт гэгээний ордны хажууд барьсан зотон даавуун том асар майханд цуглахад хутагт гэгээн өндөр сэнтийдээ заларч, ич этгээдэд нь хүндтэй хэдэн лам газарт сууж байлаа (энэ үед манж амбан эзгүй байв, байсан бол тэрээр гэгээний зүүн талд мөн газарт суудаг журамтай. Амбан даншиг өргөхийг ажиглахаас биш ёслолд өөрийн биеэр оролцохгүй). Эхлээд ном уншиж, дараа нь хан, чуулганы дарга нар арвайгаар дүүргэн Аюуш бурхан залсан том мөнгөн мандлыг барьж, Халх даяарын өмнөөс “Халх дөрвөн аймгийн хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг, хар,шар бүхэн өвдөг сөгдөж алга хавсран энэ түмэн наст өргөлийг өргөж, амьтай бүхэнд авралаа хайрлахыг хүсэмжлэн залбиръя!” хэмээн гэгээнд өргөнө. Энэ үгийг Түшээт хан өгүүлэхүйд ард нь буй отог овгийн ноёд тус бүрдээ гэгээний сангаас авсан жижиг мандал барин зогсмуй. Алт мөнгө, торго дурдан зэрэг бусад бэлэг барьцыг өөр хэдэн монгол хүн барьж байлаа. Гэгээн Аюуш бурхныг авч, арвайгаас атгаж аваад “Амьтай бүхэн бурхны орноо залрах болтугай!” хэмээн хоёр тийш цацахад өргөн олон түүнд талархан залбирав. Тэгмэгц хоёр лам өргөл барьцыг бүртгэж, гэгээний сан тийш зөөлөө.
Ноёд гэгээний заллагаар газарт тойрон сууж, гэгээний ширээн дээрх идээ ундаагаар дайлуулав. Тэр өдөр даншиг өргөснөөс хойш хэдэн цагийн дараа бөхийн барилдаан эхэллээ. Халхын алдар цуутай бөхчүүд цөм цуглажээ. Барилдаан эхлэхээс өмнө бөхчүүдийг зүүн, баруун хоёр жигүүрт зөвлөлдөн хувааж, хос хосоор нь дүйцүүлнэ. Бөхчүүд хутагтын ордны өмнөх талбайд барилдана. Энд хэд хэдэн асар босгосны нүүрэн талынхад гэгээн хутагт өндөр сэнтийдээ заларч, асрын хоёр талд (хутагтын ариун гэгээнийг бэлгэдэх) барсын арьс мөрлөсөн нэжгээд лам зогсоод, албат зардас хоёр талаар нь сууцгаалаа. Гэгээний эцэг, эх үе үе асарт ирнэ. Ээж нь төвөд эмэгтэйн хувцастай бол эцэг нь манж түшмэлийн отго жинс бүхий өмсгөлтэй ажээ. Гэгээний асрын зүүн талаар амбаны асар, улмаар ноёд, тэдний гэр бүлийн асар, баруун талаар шанзав (шавийн яамны захирагч), да лам (шанзавын туслах), эрхэм хүндтэй лам нар, оросуудын асар байрлана. Зарим ноён нас бага боловч зэрэг дэвээрээ томчуудын дунд эрэмбийн дагуу сууцгаана.
Бөхчүүд нарийн эмжээртэй зодог, шуудаг, монгол гуталтай. Тэдэн дунд олон лам байх агаад бөхийн барилдааны үеэр тэднийг хар хүнд тооцно. Лам бөхчүүд наадмаар жирийн дээл өмсөж, харчуудтай адилхан гэзэг тавих хэсгийнхээ үсийг хусалгүй үлдээнэ.
Хоёр жигүүрт хуваагдсан бөхчүүдийг барилдааны талбайд засуулууд дагуулан гарч, овог нэр, аймаг хошуу, цол зэргийг нь уянгалуулан дуудна. Цолоо дуудуулсан бөхчүүд хэдэнтээ дэвээд золголцоно. Давсан нь гэгээний өмнө гүйж ирээд гурван удаа гурвантаа мөргөн залбирч, дараа нь амбаны өмнө гурвантаа дэвээд хишиг болгож авсан боорцгоо хоёр талаар суугаад давсан бөхийн нэрсийг тэмдэглэж буй ноёдод шидэж тараана. Унасан бөхчүүд барилдаанаас хасагдаж, давснууд нь аанай хоёр жигүүрт хуваагдан хоорондоо барилдсаар үзүүр түрүүнд хоёр бөх үлдэж, тэр хоёр давалцсанаар барилдаан өндөрлөнө. Сүүлийн даваануудад нэг хошуунаас хэд хэдэн бөх үлдсэн ч ялгаагүй хоёр жигүүрт хуваагдан, үзүүр түрүүнд үлдэхээр хүч үзнэ. Золголцсон хоёр бөх омогшин тун ширүүн барилдахад тэднийг хэсэгтээ салгана. Шилдэг 17 бөх арслан, заан, барс зэрэг цол хүртэж, түрүү бөх дээдийн дээд далай цолтон болно. Бөхийн барилдаан найман өдөр үргэлжилж, нийт 1032 бөх барилдав. Энэ жилийн долоон хошуу наадамд Сэцэн хан аймгийн Жанжин бэйсийн хошууны бөх Дэмчиггомбо (Дэчик-Гомбо) түрүүлсэн боловч тэрээр гэгээнийг хүндэлж түүний бөхөд тахимаа өглөө. Гэвч хошуу нутгийн бөхчүүд дундаа Дэмчиггомбо түрүү бөхөөр шалгарсан тул Богдын бөхтэй эн тэнцүүхэн бай шагнал хүртэв.
Шай шагналыг наадмын төгсгөлд олгоно. Нэгийн даваанд давсан бөх боорцог, хоёрын даваанд давсан бөх нэг хонь, гурвын даваанд давсан бөх 2 хонь, дөрвийн даваанд давсан бөхийг адуугаар шагнана. Үзүүр, түрүүний хоёр бөх хэд хэдэн тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа, толгой торго, бөс тэргүүтнийг хүртэнэ. Долоон хошуу наадамд гурав түрүүлсэн бөх наадамд зодоглосон эсэхээсээ үл хамаараад насан туршдаа үзүүр, түрүү бөхийн бай шагналаас гадна аварга, даян, дархан, далай цол хүртмүй.
Наадмын найман өдөр өглөө бүр эртээ нум сум харвав. Эхлээд морьт харваачид хоорондоо 15 сажингийн зайтай босгосон шонд бэхэлсэн арьсан бөмбөлгийг давхиут дундаа харваж өрсөлдлөө. Эхний сумаа тавиад, унасан морь нь 15 сажин зайг туулах хооронд саадагнаасаа ахиж сум гарган нумаа сумлаж татаад байндаа тавихын тулд багагүй самбаа шаардагдана. Энэ мэт оносон бөмбөлгийнх нь тоогоор морьт харваачийг нэжгээд лан мөнгөөр байлав.
Морьт харвааны дараа зангидаад эгнүүлж өрсөн сур харваа, модон хүрээнд тэлж татсан нэхий харвааны тэмцээн боллоо. Гэхдээ сур харваан дээр гэгээн, амбанууд үзэгдсэнгүй, ноёд хүрэлцэн иржээ. Сур харваанд түрүүлсэн харваачийг нэг толгой торго, нэжгээд морь, шахмал цай, булганы арьсаар; нэхий харваанд түрүүлсэн харваачийг гунжин үхэр, 6 хониор мялаав.
Хурдан морьд зургаан сарын 13-нд (зургаан сарын 27-нд) Өргөөгөөс баруунш 25 мод газрын зайд Бөхөг (Бухук) хэмээх газарт уралдав.
Хүмүүсийн олонх наадмаас хэд хоногийн өмнө Бөхөгт очиж, гэгээн, амбан хоёр 11-нд заларлаа. Туул гол хүртэл урдаас хойш сунаж тогтсон Бөхөгийн уужим хөндийд хаа сайгүй асар, гэр босгож, төвд нь шар торгон хоёр хашаагаар хүрээлсэн хэд хэдэн монгол гэр бүхий хутагт гэгээний аяны ордон сүмийг байгуулжээ. Амбан сайд, Өргөөгийн лам, ноёд түшмэдийн асар гэрийг эндээс холгүй, Өргөөд хутагтын ордноос аль зүгт байрладагтай нь адилхан жишгээр барьж босгожээ. Туул голын эрэг дагуу, түүний арлууд дээр 6 мод газрын турш, мөн ойр орчмын уул толгодоор нилдээ гэр, майхан үзэгдэнэ. Монголчууд энд бараг 3000 гэр, майхан босгож, хэдий ихэнх нь морь уралдахаас өмнө тарж нүүсэн боловч хоёр түм гаруй хүн цугласан гэж билээ. Бүгд баярын хувцастай, хэд хоногтоо Бөхөг-Өргөөгийн хооронд өдөржин шөнөжин ирэх очих хүний хөл тасарсангүй. Тарчиг амьдралтай монгол айлууд сүү, цагаан идээ зарахаар малаа тууж, олноороо нүүн иржээ.
Гэгээний өргөөнөөс баруун тийш зуугаад сажингийн зайд, бөхийн талбайд барьсантай адилхан журмаар гэгээн, амбан, ван, гүн, оросуудын асрыг босгожээ.
13-ны үүрийн дөрөв хагаст лам нар бүрээ, бишгүүрээ дуугарган хутагт гэгээн ордноосоо гарч, хурдан морины уралдаан эхэлж буйг зарлан мэдээлэв. Цагаан зүсмийн морин дээр залрах гэгээний эмээлийг цацагтай улаан торгон нөмрөгөөр хучиж, цувааг хөгжмийн зэмсэг дуугаргах хэд хэдэн лам, шар дугуй шүхэр барьсан нэг лам тэргүүлэн, ард нь гэгээний дагалт тавиад лам, тайж ноёд, энгийн ард цувран явна. Хутагт гэгээн, лам нартай адилхан улаан өнгийн номт дээл, шар өнгийн богино хүрэм өмсөж, мөрөн дээгүүрээ өргөн улаан орхимж тохоод, тэргүүндээ төвөд шар малгай тавьсан боловч тэр нь бусад ламынхтай харьцуулахад жижгэвтэр, нямбай хийцтэй ажээ. Уралдааны морьд хошуу хошуугаараа хуваагдан, тус бүрийн хиур дор цугларч, гараанд бэлхэн зогсоцгооно. Гэгээний буюу шавийн морьд шар, хошууны морьд улаан хүрээтэй хар, цагаан хүрээтэй хөх зэрэг өнгө өнгийн хиуртай байлаа. 10-14 настай унаач хүүхдүүд хошуу хошууны тэмдэгтэй, адилхан өнгийн өмсгөлтэй учраас аль хошуунаас уралдаж буйг нь холоос хараад мэдэх боломжтой юм. Хурдны морьд жижиг эмээлтэй. Хутагт гэгээнийг сэнтийдээ залармагц хүүхдүүд мориноосоо явгалан бууж, асрынх нь өмнө сангаар ариулцгаах зуур хажууханд нь хэдэн лам ном уншина. Сан тавьж дуусмагц хүүхдүүд мориндоо эргэж мордоод, том шар туг барьсан ламын дохиогоор асар майхнуудыг тойров. Цувааг том шар тугтай лам тэргүүлж, шавийн тэмдэгтэй лам удаалснаар эхлээд шавийн морьд жагсаж, улмаар хошуу нутгийн морьд хиураа даган алхлаа. Унаач хүүхдүүд морьдоо сэргээн гийнгоо дуудахад морьд эрэмшин, зарим нь жагсаалаас гарна. Асар майхнуудыг ийнхүү гурвантаа тойроод цувааг тэргүүлж буй ламын дохиогоор гарааны газар руу мод хэртэй морьдоо давхиулан, тэндээс цааш алхуулав. Энэ өдөр Халх даяараас зорьж ирсэн, долоогоос дээш настай буюу их насны 480 морь 25 мод газарт хүч сорин уралдлаа.
Үдийн 12 цагт толгойн хоёр морь тэртээ холоос айсуй харагдсаны нэг нь хар, нөгөө нь бүгээн зүстэй юм. Энэ хоёр морь бусдаасаа хол тасарч, уралдааны урт зам туулсан ч хөнгөн давхисаар барианд оров. Бөөн бөөнөөрөө барианд орох морьдыг ялгахын тулд сайн морьтой морь бариачдыг угтуулж илгээв. Морь бариачид барианд орохоос 400 сажингийн өмнө эхний 160 морийг жолооноос нь барьж, асар майхнуудын өмнүүр хамтдаа давхиулан өнгөрнө. Эд гэгээний асарт очиж, овог нэрээ тусгай пайз дээр жагсаасан дугаартай дүйцүүлж бичүүлээд, уралдааны морьдыг угтаж барихаар мордоцгоов. Түрүү магнай, аман хүзүүний хоёр морь хоёул Хэрлэнгээр нутагтай Сэцэн хан аймгийн (Гупу Дайгик)-ийн адуу юмсанжээ. Энэ хошууны адуу угаас хурдан удамтай, аливаа уралдаанд ер нь айргийн таваас буудаггүй гэнэ. Наадамд нийт 480 морь уралдсанаас 26 нь замын дунд унаж, түрүү магнайн хар морьтой жолоо холбон давхиж явсан нэг морь барианаас 450-иад сажингийн зайд, морь бариач өмнөөс нь давхиулж байхад унаад өглөө. Айрагдсан морьдын цолыг тэр өдрийн үдээс хойш дуудахаар товлов.
Гурав хагаст хүмүүс асар майхнуудыг тойрон цугларч, хагас цагийн дараа гэгээн, амбан хоёр морилон ирлээ. Түрүүлж барианд орсон 160 хүлгийг унаач хүүхдүүд нь унаж, морь бариачид жолооноос нь хөтлөн зогсоно. Хутагт гэгээнийг сэнтийдээ залармагц морь бариачид хурдны морьдыг нэг нэгээр нь гэгээний асрын өмнө хөтөлж аваачин цолыг нь дуудлаа. Тэр хошууны, тэр ноёны (хүлгийн эзний цол зэргийг бүтэн дуудаж) ийм зүстэй энэ хүлэг болбоос ийм тийм сайхан чанартай хэмээн цоллооч нэгэн үгийн урнаар хүлгийг магтан дуулна. Морины цолыг гэгээний асрын өмнө дуудаад, дараа нь амбан, тэнд морилсон тайж ноёдын өмнө бас дуудна. Ард олон өдөржин хурдан морины уралдааны тухай ярилцаж, түрүү магнайг магтан, аль морь ямар учраас сайн хурдлаагүйн учир шалтгааныг өгүүлэн хэлэлцэнэ. Хойгуур барианд орсон хүлгийн эзэд хараал жатга хүрснээс зайлахгүй гээд, хариулж сэргийлэх дом[1] хийсэн боловч өрсөлдөгчийн хийсэн юм илүү хүчтэй байж гэлцэх нь хэвийн үзэгдэл бөгөөд эцсийн дүндээ урдуур давхисан морьдын хошуу нутгийнхан бүх юмны буруутан болж өндөрлөнө.
Маргааш нь мөн ийм журмаар (дөрвөн настай) 500 гаруй соёолон уралдав. Соёолонгууд их насны морьдын уралдааны замын ⅔ буюу 16 мод газарт хурд сорилоо. Морьдыг гараанд гаргахаас өмнө хошуу бүрээс томилсон төлөөлөгчид шүдийг нь тоолж, дөрвөн наснаас ахмад морьдыг уралдаанаас хасав. Энэ өдөр уралдааны замд 9 морь энджээ.
Гурав дахь өдөр (гурван настай) мөн 500-гаад хязаалан уралдлаа. Хязаалан морьд их насны морьдын уралдааны замын ⅓ буюу 8 мод газарт хүч сорьж, зам зуур 19 морь эндэв.
Хурдан морьдын дийлэнх нь тайж ноёдын адуу юм. Сүүлийн хоёр өдрийн уралдаанд мөнөө Сэцэн хан аймгийн Жанжин бэйсийн уясан морьд түрүүлэв. Оросууд баяр хүргэж, хурдан морьд нь Халх даяар алдар суугаа түгээх болтугай хэмээн өдий төдий ерөөл баярын үг өгүүлэхэд бэйстэн хэдий сэтгэл хангалуун байсныг бичээч би энд онцгойлон дурдахыг хүснэм.
Эхний зууд орсон 30 үрээг 100 болон түүнээс бага мөнгөөр байлж унаач хүүхдүүдэд хишиг хүртээв. Хурдан морь ноёны адуу биш болбоос бай шагналыг морины эзэн, овгийн тайжид гардуулна. Хошуу нутгаас бүрдүүлэх бай шагнал нь даншиг болгонд харилцан адилгүй хэмжээтэй байна.
Энэ жил Монгол нутаг хаа сайгүй гантай байсан учраас долоон хошуу даншиг наадамд харьцангуй цөөн хүн цугларчээ. Хур сайтай жил 3000 гаруй хурдан морь уралдаж, 2000 гаруй бөх зодоглох аж.
Гэгээн, амбан хоёр долдугаар сарын 30-нд Өргөө рүү буцаж, наадамчид нутаг нутагтаа тарцгаав.
Өргөө хот, 1862 оны наймдугаар сарын 25-наа
[1] Хурдан морины уралдаанаас өмнө лам нар ном уншиж, уралдах морины дэл, эсвэл сүүлэнд тарнийн үсэгтэй цаас уяж домнодог уламжлалтай боловч ингэлээ гээд хүч, хурд муутай моринд тус болохгүй нь лавтай юм.
Орчуулсан: Б.Гэрлээ /baabar.mn/
Сэтгэгдэл (2)