Хэнтий аймгийн Хэрлэн суманд айлын гэр шатаж, хоёр настай хүүхэд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар тодруулбал тус сумын Сариг 5 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба долдугаар сарын сарын 3-ны 00:09 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00:12 цагт очиход дөрвөн ханатай гэр бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт өртсөн 31 настай эрэгтэйн биеийн байдал хүнд, 3 дугаар зэргийн түлэгдэлтэй аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн хоёр настай хүүхэд өртөж нас барсан тул цогцсыг аймгийн Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлэв.
Иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй аюулаас сэргийлнэ үү.
Ikon.mn