x

Б.Батмөнх: Үнэндээ бид боомтын худалдаа л эрхэлж байна шүү дээ

“Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан, “Биг Могул” хөрөнгө оруулалтын сангийн захирал Б.Батмөнхтэй ярилцлаа.

-Сүүлийн үед Оюутолгой, Тавантолгойн талаар иргэдийн дунд янз бүрийн яриа гарч, янз бүрээр тайлбарлаж байна. Мэргэжлийн хүний хувьд энэ тухай юу гэж бодож явдаг вэ? Оюутолгой төсөл монголчуудад үнэхээр хэрэгтэй төсөл үү, эсвэл бид зүгээр л өрөнд ороод дуусах юм болов уу?

-Оюутолгой төсөл бол хөрөнгө оруулалт, ордын хэмжээгээрээ ч тэр эдийн засгийн үр ашигтай, дэлхийн хэмжээний маш том төсөл. Энэ төслийг уул уурхайн салбарын тэргүүлэгч, нэг номерын компани болох “Рио Тинто” хэрэгжүүлж байгаа. Тухайн ордыг ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэн явуулах бүх техник, технологи ч дэлхийн хэмжээний, тэргүүний техник технологийг ашиглаж, тэр бүү хэл, дэлхий дээр өмнө нь ашиглаж байгаагүй шинэ технологийг гүний уурхайдаа ашиглахаар бэлтгээд явж байгаа.

Энэ төсөл нэг талаасаа, улс орны эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд маш ач холбогдолтой, нөгөө талаасаа Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол улсын нэр хүндийг дэлхийн уул уурхай, хөрөнгийн зах зээлд гаргаж ирсэн өндөр ач холбогдолтой төсөл. Гэрээний хувьд олон төрлийн хэд хэдэн гэрээнүүд байгуулагдаж, УИХ-аар орсон, олон ч Засгийн газраар явлаа. Гэрээний нарийн заалтуудыг би хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан хэмжээнд л мэдэж байна.

Гэхдээ би энд нэг зүйлийг бодож явдаг юм. Бид энэ төсөл дээр дэлхийн хэмжээний, үндэстэн дамнасан “Рио Тинто” гэх ийм том компанитай хамтарч ажиллахаар болж, гэрээ байгуулсан нь нэг талаараа аз. Хэрэв энэ төслийг хэрэгжүүлэгч нь Хятадын Засгийн газар, эсвэл ОХУ байсан бол яах вэ гэдгийг бид бодож үзэх хэрэгтэй. “Рио Тинто” бол ганц Монголд ч биш, дэлхийн олон оронд уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг, биржүүд дээр арилжаа нь явагддаг нээлттэй хувьцаат компани. Ийм нээлттэй хувьцаатай компанитай яриа хэлэлцээр хийх, ширээний ард суух боломж дандаа нээлттэй байдаг. Аливаа нэг зүйл хэлэлцэж тохирч, тохиролцоонд хүрч байж урагшилдаг, эсвэл ухардаг.

-Монгол Улсад энэ гэрээ ямар сургамж өгөв өө?

-Хэрвээ бид Хятад, эсвэл Оростой гэрээ хийсэн бол ямар гэрээ хийх байсан бол, ямар өөрчлөлт оруулж чадах байсан бэ гэж асуувал би “Ямар ч боломжгүй байх байсан” гэж хэлэх байна. Аз болоход бид харилцан хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрэх бололцоотой компанитай гэрээ байгуулсан шүү дээ. Бид улс төрийн хувьд тийм ч хүчтэй байр суурьтай улс биш учраас хоёр хөршийнхөө аль нэгтэй Оюутолгой шиг төслөөр гэрээ байгуулсан бол гэрээг цаашид өөрчлөх, засаж залруулах, сайжруулах ямар ч боломж байхгүй. Бид цаашдаа улс орны эдийн засагт голлох болон нөлөөтэй уул уурхай болон бусад салбарын бизнесийн аливаа хэлэлцээрийг хоёр хөрштэйгөө маш болгоомжтой байгуулах хэрэгтэй. Энд бас “Эрдэнэт”-ийн асуудлыг дурдах нь зүйтэй байх. Жишээ нь, Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэлэлцээ хийгээд авчирах боломж байсан болов уу?

Харин Оюутолгойн хувьд хэлэлцээрийн ширээний ард дэлхийн хэмжээний компани болон түүнийг санхүүжүүлж буй томоохон хөрөнгө оруулагч банкууд, санхүүгийн зах зээлийн тэргүүлэгч зэрэглэлийн компаниуд байгаа. Тиймээс бид улс төржүүлсэн үйл ажиллагаагаа багасгаж, илүү бодитой зүйлд анхаарлаа хандуулж “Рио Тинто”-г хэлэлцээрийн ширээний ард уриад, асуудлаа зөв цэгцтэй гаргаж тавиад, харилцан буулт хийж, хэлэлцээрээ зөв хийх хэрэгтэй. Ингэсэн байхад сайжруулах боломжтой зүйлс олон бий.

Мэдээж, анх хэлэлцээр хийх үед “Рио Тинто”-гийн талд дэлхийн хамгийн шилдэг хэлэлцээр хийдэг баг, хуулийн байгууллагууд оролцсон бол харин манай улсын хувьд тийм том хэлэлцээрийг анх удаа хийхдээ бие дааж оролцсон учраас алдаж оносон зүйл их бий нь ойлгомжтой. Түүнийгээ тэдэнд тайлбарлаж хэлэх ёстой. Мөн бид дэлхийн хэмжээнд хэлэлцээр хийдэг мэргэжлийн олон компаниудаас туслалцаа авч болно шүү дээ.

Нөгөө талаас, “Рио Тинто”-г хэт шахаад бид ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ ч бодож үзэх хэрэгтэй. “Рио Тинто” томоохон компаниудаас зээл авсан, даатгал ч хийлгэсэн учраас энэ төслийг орхиод гарахад тэдэнд бараг ашигтай болж байгаа юм. Харин бид ямар нөхцөл байдалтай үлдэх вэ гэдгээ ч бодох ёстой. “Рио Тинто” бидэнд нэг том хичээл заасан. Хөрөнгө оруулалтын стратегийн хамгийн мундаг хувилбарыг Оюутолгой дээр хийсэн. Хувьцааны 66 хувийг эзэмшиж байгаа компани нь дангаараа олон улсын хөрөнгийн зах зээл дээр бие даагаад  гаргачихлаа шүү дээ. Үүнийг бид бодох ёстой. Хэрвээ Монголын 34 хувь давхар олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарчихсан байсан бол тэр хэмжээгээр Монгол Улсын хөрөнгө дэлхийн зах зээл дээр гарах, магадгүй тэр хувьцааг өөр бусад санхүүгийн хэрэгслээр тодорхой хугацаанд ашиглах бодитой бололцоог бид “гудсан доороо дарсаар байгаад” алдчихсан юм болов уу гэж би хувьдаа боддог.

Хэрвээ арилжаанд оролцсон бол манай валютын цэвэр нөөц тэр 34 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр үнэлэгдээд явах хувилбар байсан юм билээ. Тиймээс манай улстөрчид цаад үр дүнг сайтар тооцож, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, гадаад, дотоодод бэлтгэгдсэн мэргэжлийн шинжээч, хуульч залуусаа урьж авчраад зөвлөгөөн хийж, санаа оноог нь сонсоод, мэдлэг, ур чадвар, ухаанаа уралдуулж байж ийм том хэлэлцээрийг хийх ёстой.

-Тавантолгой төслийн талаар таны бодол?

-Тавантолгой мөн л дэлхийн хэмжээний орд. Дэлхийн хэмжээний маш олон сайхан ордууд байдаг ч дэд бүтэц зэрэг олон асуудлаас болоод эдийн засгийн эргэлтэд орж чаддаггүй. Харин манай Тавантолгойн хувьд хэрэглэгчийнхээ хажууд байгаа нь том давуу тал. Дэлхийн хамгийн том зах зээлд түшиглэсэн ордын хувьд үнэлгээ нь ч өндөр байгаа. Үйл ажиллагаагаа нэлээд олон жил явууллаа, алдаж оносон зүйл ч их бий. Уул уурхайн салбарт ашиглаж болох хамтын ажиллагааны бүх хэлбэрээр, оффтэк, оператор оруулах зэргээр ажиллаж байна. Энэ бүхэн дээрээ шинжилгээ судалгаа хийж, дараа дараагийн үйл ажиллагааны хэлбэр нь ямар байвал дээр вэ гэдэг дээр мэргэжлийн хүмүүс, том банк, компаниуд дүгнэлтээ хийж, зөвлөмжөө хүргүүлж уул уурхайн салбарыг хөгжүүлэх зөв шийдлүүдийг гаргаж байх хэрэгтэй. Ер нь бүх цаг үед таарсан цорын ганц шийдэл гэж огт байдаггүй. Тухайн цаг үе, нөхцөл байдалд таарсан шийдэл л байдаг. Мөн дунд ба урт хугацааны стратегийн зохилт гэж бий. Тэрийгээ л баримтлаад явбал хөгжиж чаддаг.

-Өнгөрөгч онд “Эрдэнэс тавантолгой” компани ашигтай ажилласан нь тэгвэл юунаас шалтгаалсан бэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай сайн ажилласан. Гэхдээ энэ нь цаанаа менежментээ сайн хөгжүүлсний үр дүн үү, үгүй юу гэдгийг сайтар шинжлэн судлах хэрэгтэй. Миний бодлоор бол энэ нь түүхий эдийн үнийн өсөлтийн циклийг дагасан үр ашгийн өсөлт гэж би харж байгаа. Миний олж харж байсан судалгааны тайлангаас үзвэл 2017 оны төгсгөл болон 2018 онд нүүрсний үнэ 2017 оны дунджаас бууна гэсэн таамаглалтай байсан ч гадаад зах зээлийн шалтгаанаас болж уналтын хурд саарсан байдалтай байгаа. 2019 онд ч мөн адил тийм байна. Гэхдээ дэлхийн томоохон мэргэжлийн экспертүүд 2020 онд нүүрсний үнэ унана гэж таамаглаж байна. Тэгэхээр бид 2019 оны сүүлээр, жилийн дараа гэхэд нүүрсний үнэ нэлээн буучихсан байна гэсэн төсөөлөл, хүлээлттэй, үүнд бэлтгэлтэй байх ёстой.

Миний харж байгаагаар “ЭТТ”-н менежмент тийм сайн биш. Засаглалын хувьд ч сайн гэж хэлэхгүй. Ямаршуухан бүрэлдэхүүнтэй гүйцэтгэх удирдлагын баг ажиллаж байгааг бүгдээрээ харж байгаа шүү дээ. Аливаа компанийн удирдлага, менежментийг ажлын үр дүнг тухайн цаг үеийн орлогын дүнгээр биш, зэрэгцүүлсэн суурь мөнгөн дүнгээр харьцуулж ашгийн түвшинг дүгнэдэг.

-Тэгвэл ЭТТ-г бид цаашдаа хэрхэн тогтвортой үйл ажиллагаатай болгох вэ?

-Бидэнд огцом өсөлт, үйлдвэрлэлийн өндөр хэмжээ чухал биш. Технологийн горимийг баримталсан тогтвортой олборлолт, тогтвортой орлого, ашиг, тогтвортой, аюулгүй үйл ажиллагаа чухал. Дээр нь энэ том ордыг бид гадаадын хөрөнгийн зах зээлтэй заавал холбох хэрэгтэй. Өнөөдөр манай төрийн мэдлийн томоохон ордууд хөрөнгийн зах зээл дээр гараагүй байна. Хөрөнгийн зах зээл дээр гарч, IPO хийсний давуу тал нь нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ. Тодорхой хэмжээний, томоохон валютын урсгал манайд шууд орж ирнэ гэсэн үг.

Харьцуулбал, бид зээл авч, бонд босгож болно. Гэтэл энэ бүгд тодорхой хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэй. Гэхдээ бондын хүү, бусад зардал нэмэгддэг, мөн ханшийн эрсдэлд байнга оруулдаг сул талтай. Бид доллараар зээл авчихаад эргээд өндөр хүү төлдөг, тэр нь байнга л зардал болдог. Хэдхэн жилийн өмнө доллар 1700 байсан, гэтэл өнөөдөр 2600 төгрөг болчихлоо. Энэ хэмжээний ханшийн эрсдэл компани дээр бууна гэсэн үг. Харин бид IPO хийх юм бол энэ бүх нэмэгдэл зардал, эрсдлүүдээс зайлсхийх бүрэн бололцоотой.

Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээлд гарснаар бид компанийн засаглалыг сайжруулах боломжтой. Хамгийн сайн техник, технологийг ашиглаж, гадны хөрөнгө оруулагчдыг татсанаар, тэдний төлөөллийг оруулан чадварлаг менежментийн багийг бүрдүүлснээр улстөрчид, аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын нөлөөлөл, түүхий эдийн үнийн өсөлтийн циклийн нөлөөллийг бууруулна. Нээлттэй компани болж, тогтмол ашигтай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлнэ. Аливаа бизнес эрхлэгч жижигхэн компани байгуулаад, үйлдвэрлэл эрхлээд эхэлсний дараа компанийн хөгжлийн дээд цэг нь хаана байдаг вэ гэвэл, том корпораци болоод хөрөнгийн зах зээл дээр гарах явдал байдаг. Жижиг санаанаас эхлээд компани болоод, түүнийгээ хөгжүүлж, хөрөнгө босгоод сайжруулаад томоохон хэмжээний үйлдвэрлэл явуулсны эцэст хөрөнгийн зах зээл дээр гардаг. Энэ бол компанийн хөгжлийн дээд цэг юм л даа. Тэгж байж тухайн компани тухайн зах зээл дээрээ хамгийн шилдэг технологийг ашиглаж, хамгийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамгийн шилдэг менежментийн багийг бүрдүүлж, эдийн засгийн чадавхитай компани болж хувиргадагт л IPO-ийн гайхамшиг оршиж байдаг юм.

Жишээ нь, ЭТТ  компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн зах дээр  хөрөнгө оруулагчдад санал болгосноор Засгийн газрын эзэмшиж буй 70 хувийн хувьцаа гадаад зах зээл дэх актив болон бүртгэгдэж санхүүгийн хэрэгсэл, валютын нөөц хэлбэрээр ашиглагдах боломж бүрдэнэ. Хэрэв “ЭТТ” IPO хийж чадвал Монголын маш олон компаниудад хөрөнгийн зах зээл дээр гарах эхний гарц, жимийг гаргаж өгч буй хэрэг юм л даа. ЭТТ бол зөвхөн 2016-2020 оны хоорондох 4 жилд оршин тогтнож буй Засгийн газрын төрийн өмчит компани биш учраас эдийн засгийн, түүхий эдийн үнийн өсөлт бууралтын цикл, улс төрийн циклийн нөлөөллийг энэ компаниас аль болох хол байлгах гол арга зам нь IPO гэж би харж байна.

Нэгэнт гадаад зах зээлээс хөрөнгө татах учраас Хятадын хөрөнгө оруулагч нар орж ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Тэгвэл хувьцааг нь аваад хөрөнгө оруулсан хүмүүс компанийг ашигтай ажиллуулах тал дээр шаардлага тавьж, санаа тавьж, дэмжлэг үзүүлж чадна гэсэн үг. Хонконгийн бирж л гэхэд Азийн хөрөнгийн томоохон зах зээл. Эндээс бид хөрөнгө татсанаар олон улс болон Ази, Хятадын зах зээлээс томоохон дэмжлэг авч байна гэж ойлгох хэрэгтэй

-Яг өнөөдрийн хувьд ЭТТ компани ямархуу байдалд байна вэ?

-Үнэндээ бид өнөөдөр боомтын худалдаа л эрхэлж байгаа шүү дээ. Монголчууд худалдаачин үндэстэн болох ёстой гэсэн шаардлага тавигдаж байна. Үйлдвэрлэн гаргаж байгаа бүх бүтээгдэхүүнээ дотооддоо хэрэглэж чадахгүйгээс хойш гадагшаа л зарна. Зэсийн хүдэр, төмрийн хүдэр, эрчим хүчний нүүрс, жонш, цайр гээд 10-аад төрлийн уул уурхайн түүхий эдийг Хятад руу боомтын худалдаагаар зарж байна. Тэгэхээр бид “ЭТТ” дээрээ худалдааны том бодлого баримтлах хэрэгтэй. Улс үндэстнээрээ бид худалдааны стратеги болон бодлоготой болох ёстой. Уул уурхайн бус бүтээгдэхүүнээс л гэхэд ноолуурыг бид мөн л боомтын худалдаагаар арилжиж байна. Тэгэхээр энэ чиглэлээр нэлээн хөгжиж, худалдааны бодлогоо боловсруулж, Хятадтай яаж худалдаа хийх вэ, Оростой яаж худалдаа хийх вэ гэдгийг бид ойрын хугацаанд яаралтай авч хэлэлцэж, бодлого төлөвлөлтөө хийх ёстой. Худалдааны бодлогыг эрхлэж буй байгууллагуудаа нэгтгэх ч байдаг юм уу. Ингэж нэгдсэн цэгцтэй, алсыг харсан бодлоготой байж түүхий эдийн үнийн өсөлт, бууралтын циклд нэрвэгддэггүй, хөгжингүй гадаад худалдааны төлбөр тооцооны системтэй, санхүүгийн бусад хэрэгслүүдийг хэрэглэсэн, урт хугацаагаа харсан худалдааны бодлоготой байж, түүнийгээ хэрэгжүүлдэг байгууллагатай болмоор юм уу гэсэн бодол надад төрөөд байгаа. Гадаад валютаас орж ирж байгаа манай бүх орлого худалдааны орлого л байгаа шүү дээ. Ихэнх нь боомтын худалдааны орлого байна.

Нэг компанийг бирж дээр амжилттай гаргаж, үйл ажиллагаа явуулж, тогтвортой үйл ажиллагаатай компани болгож чадвал араас нь дэлхийн хэмжээний маш олон төслийг хөрөнгийн зах зээлд гаргаж, үнэд хүргэх боломж байна. Ингэснээр Монголын Засгийн газар, Монгол Улсад гадны хөрөнгө оруулагчдын итгэх итгэл нэмэгдэнэ. Нэг доллар орж ирвэл араасаа хоёр долларыг чирдэг гэдэгтэй адил хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр валютын нөөц нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрээ дэмжин хөгжүүлэх, санхүүгийн сектороо хүчтэй болгох олон давуу талууд, боломж нь ашигт малтмал, түүхий эдийн олборлолтын салбарын нуруун дээр байна. Тэгэхээр энэ салбараа бэхжүүлж, худалдааны бодлогоо хүчтэй болгосноор бусад салбараа хөгжүүлэх, эдийн засгаа солонгоруулах боломж, нөхцлүүд ар араасаа үүснэ. Бүгдийг нь нэг зэрэг хүчтэй болгох бодитой бололцоо өнөөдөр бидэнд байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Уул уурхайн салбараа түлхүүхэн хөгжүүлээд, олон улсын тавцанд, хөрөнгийн зах зээл дээр гарган компаниудаа хүчтэй болгож байж бусад салбар нь дагаж хөгжин хөл дээрээ бат зогсож, бие даан хөгжиж, эдийн засаг солонгорно. Үүний дараа шилдэг техник, технологийн салбарууд нь хөгжөөд, буцаад уул уурхайн салбараа хөгжүүлэх, шинэ төвшинд гаргах, боловсруулах үйлдвэрүүд баригдах зэргээр харилцан бие биенээ чирэх, нөхөх байдлаар явах болов уу гэж би боддог.

-Төмөр зам барих асуудал нэлээд хурцаар яригдаж байна. Зүүн төмөр зам нээлтээ хийчихлээ. Үүнийг “Нүүрсний зам” гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа...

-Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар зүүн төмөр зам, Гашуунсухайтын төмөр замын асуудлыг ярилаа. Маш зөв зүйтэй стратегийн шийдвэр болсон. Би түрүүн хэлсэн дээ, бид боомтын худалдаа эрхэлдэг улс гэж. Гэтэл нэг өдөр эрт урдын цаг үе шиг урд хөрш маань гэнэт боомтуудаа хаагаад худалдаа хийхгүй гээд суучихвал бид яах вэ? Хятад улс 1000 жилийн өмнө ч боомтоо хааж байсан, 1000 жилийн дараа ч хаах магадлалтай. Улс орнууд хувьсан өөрчлөгддөг ч хүн төрөлхтөн өөрчлөгддөггүй. Болж байсан үйл явдал өрнөдгөөрөө өрнөнө, цаашдаа ч болно. Бид Хятадыг боомтоо нээсэнгүй, худалдаа хийхгүй байна гэж олон зуун жил дайн байлдаан хийж байсан түүх байгаа. Тиймээс тэд нэг өдөр боомтоо хаачихвал яах вэ гэдгийг үргэлж бодож байх ёстой. Харин Зүүнбаян руу явж байгаа төмөр замын гарц бол нэг талаараа худалдааны хөгжлийн бодлого. Миний түрүүн хэлсэн худалдааны бодлогын нэг жигүүр гэсэн үг.  Тэгэхээр бид өөр зах зээлийг заавал эрэлхийлж явах нь зөв.

Хоёрдугаарт, энэ замаар зөвхөн нүүрс зөөх гээд байгаа юм биш. 460-аад километр үргэлжилсэн энэ бүсэд Монгол Улсын зэсийн үргэлжилсэн бүс байгаа. Нэг үзүүрт нь МАК-ийн Цагаан суваргын зэсийн орд бий. Дунд нь Хармагтай байна. Зэс, өнгөт метал, нүүрс, жонш, алт зэрэг гэх мэтчилэн маш олон төрлийн ашигт малтмалын бүс байгаа юм л даа. Энэ бүсэд олон зуун лиценз олгогдсон. Гадна, дотнын олон хөрөнгө оруулагч хайгуул хийгээд, олборлолтдоо бэлдчихсэн байгаа. Энэ төмөр замыг барьснаар дээрх ордууд дэд бүтэцтэйгээ холбогдоно гэсэн үг. Ингэснээр ордуудын үнэ цэнэ хэд дахин өсөөд явчихна. Нэг тэрбум доллараар үнэлэгдсэн орд байлаа гэхэд төмөр зам тавигдсанаар үнэ цэнэ нь тав дахин өснө. Ийм л жишигтэй байдаг. Энэ төмөр зам баригдсанаар эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байсан олон ордуудыг идэвхжүүлнэ. 300-400 км газарт хүдрээ тээвэрлээд ашиггүй ажиллаж байсан ордууд төмөр замтай ойр болсноор өндөр ашигтай төсөл болж хувирч байгаа юм. Нэг тэрбум доллараар баригдсан төмөр зам таван тэрбум, магадгүй түүнээс ч илүү үнэ цэнийг бий болгоно. Мөн дээрх ордууд бүгдээрээ үйл ажиллагаанд орж эхэлнэ, улс орондоо татвараа төлнө. Олон мянган ажлын байр бий болно, хоол хүнс, ажилчдаа галт тэргээр зөөнө гээд шууд бус ашиг нь их л дээ.

Ер нь зориглоод хийж чадвал дэд бүтцийн бүтээн байгуулалт дээр нэг долларын зардал 5, 10, 20 дахин нэмэгдэж орж ирдэг. Энэ өгөөжийг дэд бүтэц маань бий болгож байдаг учраас бид түүнийг аль болох цааш нь хөгжүүлэх шаардлагатай.

-Тэгвэл баруун бүс рүүгээ ч гэсэн төмөр зам тавья л даа...

-Баруун бүс рүү бидэнд авто замаас өөр юу ч байхгүй. Гэтэл тэнд маш баялаг ордууд байж байна. Тийшээ төмөр зам тавьснаар дагаад суурьшлын бүс бий болж, нийслэл рүү чиглэсэн хүний их урсгал багасах зэрэг сайн талууд бий болж болох юм. Ер нь аливаа улс, орон дэд бүтцээ маш сайн хөгжүүлснээр тухайн орны байгалийн нөөц баялаг нь эдийн засгийн эргэлтэд орох нөхцөл бүрдэж, үнэ цэнэ нь өсдөг. Дээр нь төмөр замын тусламжтайгаар “Тавантолгой”-н үнэ цэнэ бас тэр хэмжээгээр өсөж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр зам тавигдсанаар энэ орд маань хоёр тийшээ борлуулалт хийх бололцоотой болж байгаа. Хятад руу коксжих нүүрс нийлүүлэх хэмжээ нэмэгдэнэ. Мэдээж, авто замаар тээвэрлэхийг зогсоохгүй нь тодорхой байх. Тэгэхээр өнөөдөр 20 сая тонныг гаргаж байсан бол төмөр зам тавигдсанаар 60 сая болох зэрэг өсөлтүүдийг эдийн засагт бий болгох юм. Ийм төслүүдийг хөгжүүлснээр эдийн засаг, нийгмийн маш өндөр ач холбогдолтой гэдгийг бид олж хармаар байгаа юм.

Төгсгөлд нь хэлэхэд, “холбогдох” гэдэг үгэнд ач холбогдол өгмөөр байна. Дэд бүтцээ хөгжүүлж гадаад ертөнцтэйгээ холбогдон үр ашигтай худалдаа хийх боломжыг бий болгох, гадаадын хөрөнгийн бирж дээр гарч  олон улсын хөрөнгө санхүүгийн зах зээлтэй холбогдон үр ашигтай хөрөнгө оруулалт, сайн засаглал, шилдэг менежмент, технологийг оруулж ирэх, одоо хамтран ажиллаж буй бидэнд, Монгол Улсад итгэж хөрөнгө оруулалт хийсэн дотоод, гадаадын түнштэйгээ холбогдон харилцан ашигтай, ойлголцлын хэлэлцээрт урих, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө гадаад ертөнцтэй аль  болох олон судал, шижмээр холбогдоосой гэж хүсэх байна даа. Бид чинь хоёр их далайн дунд орших арал улс шүү дээ.

-Ерөөлөөр болтугай. Ярилцсанд баярлалаа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Эсен (46.244.29.144)
    Бүгдээрээ сайн уу! Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: dantecooperativehelp@hotmail.com Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: dantecooperativehelp@hotmail.com хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593 Баярлалаа Эсен
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 56 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 56 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 26 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2 цаг 54 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 1 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 11 мин 1968 оны Чехословакийн хавар 3 цаг 38 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 3 цаг 52 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 26 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 5 цаг 35 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 5 цаг 56 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 6 цаг 46 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 6 цаг 56 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 35 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top