Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон УИХ-ын гишүүдийн хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймагт ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын түвшинд Төв аймгийн Зуунмодыг “Хүннү хот” болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн талаарх мэдээллийг иргэдэд хүргэв. Уг санаачилгын хүрээнд хиймэл оюуны олон улсын дата төвийг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус хотыг Ази тивийн “Цахиурын хөндий” болгон хөгжүүлэх зорилтыг тодорхойлжээ.
Цахим төрийн үйлчилгээг орон нутагт тэгш хүртээмжтэй болгох зорилгоор Төв аймгийн бүх суманд буюу нийт 27 суманд төрийн үйлчилгээний КИОСК машиныг хүлээлгэн өглөө. Өмнө нь тус аймагт зөвхөн хоёр киоск ашиглагдаж байсан бол одоо сум бүрд хүрч, төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойрхон хүрэх боломжийг бүрдүүлэв. Ингэснээр иргэд цахим үйлчилгээ авахын тулд аймгийн төв рүү зорчих шаардлагагүй болж байна.
Мөн интернэтийн хүртээмж муутай, алслагдсан бүсийн сурагчдыг дэмжих зорилгоор боловсролын салбарын судалгаанд үндэслэн нийт 10 сургуулийг Starlink төхөөрөмжөөр хангаж, дэлхийн боловсролыг хөдөө орон нутагт хүргэх чухал алхам боллоо.
Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам орон нутгийн сүлжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2025 онд нийт 139 цэгт сүлжээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Төв аймгийн дараах 11 алслагдсан цэгт шинэ сүлжээ тавигдах аж:
-
Мөнгөнморьт сум – 2-р баг, Байдлаг баг
-
Угтаалцайдам сум – 1-р баг, Талын уул
-
Эрдэнэ сум – 2-р баг, Чулуут
-
Цээл сум – 4-р баг, Сүүл буга
-
Баян-Өнжүүл сум – 1-р баг, Бараат
-
Алтанбулаг сум – 2-р баг, Аргал
-
Баяндэлгэр сум – 1-р баг, Байдлаг
-
Баянцогт сум – 1-р баг, Гуна
-
Дэлгэрхаан сум – 3-р баг, Давст
-
Бүрэн сум – 3-р баг, Монгол, Мэргэн толгой
-
Бүрэн сум – төв хэсэг
Ийнхүү Төв аймагт мэдээллийн технологийн дэд бүтэц, боловсролын цахим хүртээмж, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох чиглэлээр бодит ахиц гарч, “Хүннү хот” төслийн эхлэл тавигдаж байна.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам.