Видео тоглоомоос сэдэвлэсэн “A Minecraft Movie” уран сайхны кино Хойд Америкийн кино театруудад нээлтээ хийсэн даруйдаа 157 сая ам.долларын орлого олж, 2025 оны бокс-оффисын жагсаалтыг шууд тэргүүллээ. “Warner Bros. Pictures” студийн бүтээл болох тус кино шинжээчдийн урьдчилсан таамгийг даван гарч, эхний долоо хоногтоо хамгийн өндөр орлоготой кинонуудаас нэгээр бичигдэж байна.
Кино шүүмжлэгчид тус бүтээл 60 сая ам.долларын ашиг олно гэж тооцоолж байсан ч, бодит орлого үүнээс хоёр дахин давсан нь кино салбарын анхаарлыг татаж байна. Энэ үзүүлэлтээрээ “A Minecraft Movie” нь 2023 онд гарсан “The Super Mario Bros. Movie” (146 сая доллар), “Five Nights at Freddy’s” (80 сая доллар), 2022 оны “Sonic the Hedgehog 2” (72 сая доллар) зэрэг видео тоглоомоос сэдэвлэсэн кинонуудыг давж, тус төрлийн хамгийн амжилттай эхлэлтэй бүтээл болжээ.
Киноны амжилт зөвхөн тус бүрийн орлогод нөлөөлөөд зогсохгүй салбарын нийт орлогын бууралтыг тодорхой хэмжээгээр сааруулсан байна. “Comscore”-ийн мэдээлснээр 2025 оны кино салбарын нийт орлого өнгөрсөн оныхоос 5 хувиар бага байгаа бөгөөд “A Minecraft Movie”-н нээлтийн өмнө энэ үзүүлэлт 13 хувийн бууралтад хүрээд байсан юм.
Сүүлийн саруудад томоохон кино бүтээл ховор байсан нь үзэгчдийн сонирхол, оролцоог бууруулсан гэж үзэж байгаа бөгөөд салбарынхан энэ оны хоёрдугаар улиралд илүү их ашиг орлого хүлээж байна. Тодруулбал:
-
Тавдугаар сарын 2-нд “Disney”-ийн Thunderbolts,
-
Тавдугаар сарын 23-нд “Paramount”-ын Mission: Impossible - The Final Reckoning,
-
Зургаадугаар сарын 27-нд “Warner Bros”-ын F1 кинонууд нээлтээ хийх хуваарьтай байна.
Эдгээр бүтээлүүд нээлтээ хийснээр кино театруудын орлого нэмэгдэх, үзэгчдийн идэвх сэргэх хүлээлт өндөр байна.
Эх сурвалж: Comscore, Box Office Mojo