Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Бүтээмжийн Төв хамтран төрийн байгууллагын үйл ажиллагааны чанар, бүтээмжийг системтэйгээр сайжруулах, олон улсын жишигт нийцсэн загвар байгууллага төлөвшүүлэх төслийн бэлтгэл ажлыг эхлүүллээ. Энэхүү төслийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар сонгогдон, загвар байгууллага болохоор болж байна.
Төсөл хэрэгжих явцад төрийн албаны үр ашиг, үйлчилгээний чанар эрс сайжрахаас гадна бий болсон сайн туршлагыг бусад байгууллагад түгээн дэлгэрүүлэх боломжтой болно. Уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оны дөрөвдүгээр сарын 7-нд гурван талт гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Монголын Бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр нар гарын үсэг зуржээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал уг гэрээний үеэр хэлэхдээ:
“Хоёр жилийн өмнө манай салбарт процессын дахин инженерчлэл хийгдэж, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагыг нэгтгэн зохион байгуулж, үр ашиггүй орон тоог цөөлөх, шат дамжлага, хүнд суртал, ил тод байдлыг сайжруулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Цаашид илүү хүртээмжтэй, иргэн төвтэй үйлчилгээг бий болгохоор зорин ажиллана” хэмээн онцолсон юм.
Уг төсөл нь зөвхөн нэг байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх бус, Монгол Улсад сайн засаглал төлөвшүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг шинэ түвшинд гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын Бүтээмжийн Төв.
Сэтгэгдэл (1)