Монголын тээвэрчдийн төлөөлөл Зам, тээврийн яаманд албан шаардлага хүргүүлж, автозамын даацын стандартыг өөрчлөхийг хүсжээ. Тэдний зүгээс тээврийн хэрэгслийн тэнхлэг тус бүр дээр ногдох жинг 11.5 тонн, нийт зургаан тэнхлэгт тээврийн хэрэгслийн жинг 66 тонн байхаар стандартчилсан ч, хууль сахиулагчид жинг хэтрүүлсэн хэмээн үзэж тээврийг зогсоож буйг шүүмжилсэн байна.
Энэхүү шаардлагын дагуу Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монголын түлш тээвэрлэгчдийн өлзийт зам холбоо” ТББ-ын төлөөлөл болон холбогдох албаныхантай уулзаж, албан ёсны тайлбар өгсөн юм. Тэрбээр, одоо мөрдөгдөж буй MNS 4598:2025 стандартын дагуу:
-
Нэг тэнхлэгт ногдох дээд жинг 11 тонн,
-
Нийт жинг 44 тонн байхаар тогтоосон гэдгийг тодотгожээ.
Мөн энэ стандарт нь зөвхөн Монголд бус, БНХАУ-д 49 тонн, ОХУ болон Европын холбооны орнуудад 44 тонн гэх мэт олон улсад ч мөрдөгддөгийг онцолж, олон улсын жишигтэй нийцүүлэн зохицуулж буйг тайлбарласан байна.
Түүнчлэн хэтрүүлсэн жинг тооцоолоход тэнхлэгийн тоо болон хоорондын зай, дугуйн тоо зэрэг хүчин зүйлсийг зөв тооцох шаардлагатай гэж үзжээ. Эдгээр үзүүлэлтүүд нь жинг зөв хуваарилахад нөлөөлөх тул буруу аргачлалаар нийт жинг тооцох нь зохисгүй гэж үзсэн байна.
Нэмж хэлэхдээ, Замын хөдөлгөөний Венийн конвенцид нэгдсэн Монгол Улс нь авто тээврийн салбарын олон улсын эрх зүйн орчныг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд авто замын тухай хуульд зааснаар даац хэтэрсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр зорчуулахыг хориглодгийг сануулсан байна.
Одоогоор урин дулаан улирал эхэлсэнтэй холбоотойгоор авто замын чийгшил нэмэгдэж, бат бөх байдал буурч байгаа тул даац хэтрүүлсэн тээвэр нь замын хучилтад нүхэн эвдрэл, торон хагарал үүсгэх аюултай. Үүний улмаас тээврийн хэрэгслийн эвдрэл нэмэгдэх, улмаар осол гарах эрсдэлтэй бөгөөд 2024 онд л гэхэд ийм шалтгаанаар 500 гаруй хүн амь насаа алдсан тухай мэдээлжээ.