Монгол Улс мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх шинэ шатанд шилжиж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулийн хүрээнд үндэсний хэмжээний бодлого, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг байгуулж, виртуал бүсийн үйл ажиллагааны журам, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг боловсруулан Засгийн газарт өргөн барихаар бэлэн болгоод байна.
Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд дэд даргаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, нарийн бичгийн даргаар Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал О.Золзаяа ажиллаж байгаа юм. Түүнчлэн зөвлөлд төр, хувийн хэвшил болон их, дээд сургуулиудын төлөөлөл багтаж, хамтран ажиллаж байна.
Боловсруулж буй гол баримт бичгүүд нь дараах чиглэлүүдийг хамарч байна:
-
Виртуал бүсийн үйл ажиллагааны журам
-
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх журам
-
Татварын бус дэмжлэгийн механизм
-
Дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний стратеги
Эдгээр бодлогын баримт бичиг нь дотоодын IT компаниудад бизнесийн таатай орчин бүрдүүлж, инновац, өндөр технологийн хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлснээр, тус салбарыг төрөөс бодлогоор дэмжих нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, шинэ ажлын байр бий болгох, экспортын боломжийг тэлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Мэдээллийн технологийн үндэсний парк, Цахим хөгжил, харилцаа холбооны яам.