Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгаснаас 401 мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна. Үлдсэн 463 нэр дэвшигчийн мэдүүлэг хяналтын ажиллагаанд үргэлжлэн байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 58 гомдол, мэдээлэл ирүүлснээс 10-ыг нь хянан шийдвэрлэж, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлжээ. Эдгээр зөрчил нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөнтэй холбоотой аж.
Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хөрөнгө, орлого болон ашиг сонирхлын мэдүүлгийг шалгасан байна.
Авлигатай тэмцэх газрын зүгээс нийтийн албан тушаалтны ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хяналт шалгалт хийж буйг тус мэдээнд онцолжээ.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар