Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах үйл явцыг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн шүүх хурлын сүүлчийн сонсгол өчигдөр болж өнгөрлөө.
Юн Сог Ёль энэ үеэр сүүлчийн үгээ хэлэхдээ иргэдээсээ уучлал хүсэж, улс орон, ард түмнийхээ эрх ашгийн үүднээс онц байдал тогтоосон гэдгээ онцлон дурдсан байна.
"Улс орон, ард түмний эрх ашгийн үүднээс онц байдал тогтоосон хэдий ч явцын дунд эрхэм иргэд та бүхэнд хүндрэл учруулж, төөрөгдүүлсэндээ би чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна" гэж тэрбээр мэдэгджээ.
Шүүх хурлын явц
Хоёрдугаар сарын 25-нд болсон Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах эсэхийг хэлэлцэх эцсийн сонсгол болж магадгүй байв. Түүнийг ардчилал, эрх мэдлийг хуваарилах зарчмыг алдагдуулсан болон бусад гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Сонсголын үеэр талууд баримт нотолгоогоо гарган тавьж, яллагч болон шүүгдэгч нар сүүлчийн үгээ хэлсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн дараагийн шийдвэр
Үндсэн хуулийн цэц хоёрдугаар сарын 27-ны 10:00 цагаас Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мокийн зүгээс Үндсэн хуулийн шүүгчээр Ма Юн Хюкийг томилохоос татгалзсан асуудал Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шийдвэрлэхээр болсон байна.
Парламентын дарга Ву Вон Сик парламентын нэрийн өмнөөс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж, гурван нэр дэвшигчийн зөвхөн хоёрыг нь томилсон нь Үндэсний Ассамблейн эрхийг зөрчсөн гэж мэдэгджээ.
Юн Сог Ёлийг огцруулах шийдвэр хэзээ гарах вэ?
Хэрэв Үндсэн хуулийн цэц парламентын шаардлагыг хүлээн авбал Чой Сан Мок Үндсэн хуулийн шүүгчээр Ма Юн Хюкийг томилох үүрэг хүлээх бөгөөд энэ нь Ерөнхийлөгчийг огцруулах үйл явцад нөлөөлж болзошгүй.
Хэрэв шүүгчдийн бүрэлдэхүүн хэвээр үлдвэл дахин хэд хэдэн сонсгол хийх, санал хураах, шийдвэрийг боловсруулах шаардлагатай бөгөөд үүнд хоёр долоо хоногийн хугацаа шаардагдана. Үндсэн хуулийн цэц зургаадугаар сарын 12-ныг хүртэл шийдвэр гаргах хугацаатай ч гуравдугаар сарын дундуур шийдвэр гарах магадлалтай байна.
Эх сурвалж: RIA Novosti