УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын Шяоми цахилгаан автомашины үйлдвэр, Хятадын Хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн, Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцлаа.
Бээжин хот дэлхийн хэмжээний технологийн төв болохоор зорьж, стартап, инновацын төвүүдийг хөгжүүлж буй. Энэ хүрээнд УИХ-ын дарга Шяоми цахилгаан автомашины үйлдвэрт зочлов. Тус компани 2021 оны гуравдугаар сараас ухаалаг, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд цагт 40 автомашин үйлдвэрлэж, хиймэл оюун ухаан, робот технологийг ашиглан байгальд ээлтэй автомашин үйлдвэрлэж байна.
БНХАУ-тай хийж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлд өндөр технологийн хөгжил, хиймэл оюун ухаан онцгой байр суурь эзэлж буйг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов. Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзах үеэр Монгол Улс БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: УИХ