АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд тэрбээр гадаад, дотоод бодлогын хэд хэдэн томоохон алхмыг хэрэгжүүлж, амлалтуудаа биелүүлж эхэлжээ.
Орос-Украины асуудал дээр дипломат яриа хэлэлцээ эхлүүлэв
Трамп Ерөнхийлөгч болохоос өмнө Украинд дайн зогсоохоо амлаж байсан ч 24 цагийн дотор биелүүлэх боломжгүй гэж хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч тэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украинтай холбоотой хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр тохиролцов. АНУ Оросын эсрэг шинэ хориг тавиагүй бөгөөд өмнөх Жо Байдены Засаг захиргааны Оросыг дипломат тусгаарлах бодлогоос татгалзсан. Мөн АНУ, ОХУ хоёр тал хоригдлуудыг солилцож, Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны орон тоог нэмэгдүүлэх, мөргөлдөөнийг зохицуулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн АНУ Украинд цэргээ оруулахгүй, Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэдгээ мэдэгдэв.
Европын холбоотой харилцаагаа эргэн харав
Трамп Европыг ашиггүй түнш гэж үзэн харилцаагаа дахин тодорхойлох алхам хийж, АНУ Европыг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх чухал бүс гэж харахаа больж магадгүйг илэрхийллээ. Одоогоор тодорхой арга хэмжээ аваагүй ч Европын холбооны орнуудад татвар, тариф тогтоох бодлогоо хэрэгжүүлэх төлөвтэй байна. Түүнчлэн Данийн харьяат Гренландыг худалдан авах эсвэл цэргийн замаар эзлэх санаа бодлоо хаяагүй гэдгээ илэрхийлсэн байна.
Гадаад худалдаа, тарифын бодлого хэрэгжүүлж эхлэв
Трамп Канад, Мексикийн импортод 25 хувийн тариф тогтоож, Канадын эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний татварыг 10 хувиар өсгөв. Мөн Хятадын бараанд нэмэлт 10 хувийн татвар ноогдуулж, гуравдугаар сарын 4-нөөс хэрэгжүүлэхээр болсны зэрэгцээ ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн гаалийн татвар тогтоож, зөвхөн Австралийг чөлөөлөв. АНУ-ын Худалдааны яаманд бусад улс орнуудад нэмэлт татвар тогтоох асуудлыг судлах үүрэг өгчээ.
Төрийн байгууллагуудын зардлыг танах бодлого хэрэгжүүлэв
Холбооны агентлагуудын ажилчдын орон тоог бууруулж, хүнд сурталтай тэмцэх ажлыг эхлүүлсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийг татан буулгах ажиллагаа эхэлсэн бөгөөд эрчим хүч, цөмийн аюулгүй байдал, иргэний агаарын тээврийн агентлаг зэрэг байгууллагуудын төсөв танагдаж, ажлын байрууд цомхотгогдож байна.
Хууль бус цагаачдыг бөөнөөр нь нутаг буцаах ажиллагааг эхлүүлэв
Цагаачлалын ба гаалийн цагдаа (ICE) сургуулиуд, эмнэлэг, сүм хийдэд шалгалт хийх эрхтэй болж, эхний 14 хоногт 8.8 мянган хууль бус цагаачийг баривчилж, 5.7 мянгыг нь нутаг буцаасан байна. Мөн хууль бус цагаачдыг Куба дахь Гуантанамо шоронд байршуулах шийдвэр гаргасан бөгөөд АНУ-д төрсөн хүүхдэд шууд иргэншил олгодог бодлогыг зогсоосон нь шүүхийн маргаан үүсгэжээ.
Консерватив бодлого хэрэгжүүлж эхлэв
Трамп жендерийн олон янз байдлыг хязгаарлаж, зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрөхөөр болсны зэрэгцээ трансжендер хүмүүсийн спортын тэмцээнд оролцох эрхийг хязгаарлаж, армид алба хаахыг хориглосон байна. Түүнчлэн Аляскад ашигт малтмал олборлох ажлыг өргөжүүлж, Парисын уур амьсгалын гэрээнээс дахин гарсан. Цахилгаан автомашины татварын хөнгөлөлтийг цуцалж, уламжлалт түлшний хэрэглээг дэмжих бодлого баримталж эхэлсэн бөгөөд Мак-Кинли уулын нэрийг сэргээж, Мексикийн булангийн нэрийг өөрчлөх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: iz.ru, REUTERS