Өмнөд Солонгосын Ансон хотод хурдны замын барилгын талбайд гүүр нурж, дөрвөн ажилчин амиа алдаж, зургаан хүн гэмтсэн тухай албаныхан мэдээллээ.
Осол Сөүл хотоос өмнө зүгт 65 км-ийн зайд орших Ансон хотод мягмар гарагийн өглөө 9:50 цагийн орчимд Сөүл-Сэжон чиглэлийн хурдны замын нэг хэсгийг барих явцад гарсан байна. Барилгын талбайд байрлуулсан хэд хэдэн бетон хавтан унаж, ажиллаж байсан 10 хүнийг даржээ. Үүний улмаас дөрвөн хүн амиа алдаж, тав нь хүнд, нэг нь хөнгөн гэмтсэн байна. Аврах ажиллагаа 14:20 цагийн орчимд дууссан бөгөөд хамгийн сүүлд амиа алдсан хүнийг нурангин доороос гаргажээ.
Барилгын ажлыг хариуцаж буй “Hyundai Engineering” компани ослын улмаас хүний амь эрсдсэнд хүлцэл өчсөн бөгөөд ослын шалтгааныг тогтоохын тулд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа мэдэгдсэн байна.
Гал түймэртэй тэмцэх ерөнхий газраас ослын улмаас сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд гал сөнөөгчдийг дайчлах тушаал гаргажээ. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок аврах ажиллагаанд бүх боломжит нөөцийг дайчлахыг үүрэг болгосон гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap