2025 оны хоёрдугаар сарын 23-нд Германд парламентын доод танхим—Бундестагийн ээлжит бус сонгууль явагдлаа. Урьдчилсан мэдээгээр сөрөг хүчний Христийн ардчилсан холбоо (ХАХ)/Христийн нийгмийн холбоо (ХНХ) эвсэл бараг 30 хувийн саналаар ялалт байгуулсан бол канцлер Олаф Шольцийн тэргүүлдэг Социал демократ нам (ГСДН) түүхэндээ хамгийн муу үзүүлэлт буюу 16 хувийн санал авчээ. Өнгөрсөн гурван жилд тус нам 9 хувийн сонгогчоо алджээ.
Шольц ялагдлаа хүлээн зөвшөөрч, Христийн ардчилсан намын тэргүүн Фридрих Метцэд баяр хүргэн, шинэ засгийн газраа бүрдүүлэхэд амжилт хүссэн байна.
Германы төлөөх Альтернатив (ГтА) нам 20 хувийн санал авснаар хоёрдугаар байр эзэллээ. Хуучин Зүүн Германы бүх тойрогт тус нам ялалт байгуулсан.
Сонгогчдын оролцоо 83 хувь хүрч, дээд үзүүлэлт тогтоолоо.
-
"Холбоо 90"/"Ногоонтнууд" - 12 хувийн санал авсан (өмнөх сонгуульд 14% байсан).
-
"Зүүний нам" - 8.7 хувь санал авч, байраа бэхжүүлэв.
-
"Сара Вагенкнетийн холбоо" - 5 хувь орчим санал авч, сонгуулийн босго давсан эсэх нь тодорхойгүй байна.
-
Чөлөөт ардчилагчид - Хэрэв сонгуулийн босго давбал ГСДН-тай эвсэх боломжтой.
Шинэ эвсэл ямар байх бол?
Сонгуулиас өмнө Христийн ардчилагчид ба социал демократууд эвсэн том эвсэл байгуулах нь Берлинд ашигтай гэж үзэж байсан. Гэвч ГСДН маш бага санал авсан тул тэднийг оролцуулсан эвсэл бүрдүүлэхэд хүндрэлтэй болжээ.
Ногоонтнуудтай хамтрах хувилбар байсан ч Гадаад хэргийн сайд Анналена Бербок, Эдийн засаг, уур амьсгалын сайд Роберт Хабек нарын ажлын үнэлгээ тааруу байсан тул энэ боломж бараг үгүй болсон байна.
Өөр нэг хувилбар бол ХАХ/ХНХ эвсэл + "ГтА" хамтрах явдал. Хэрэв тэд нэгдвэл 337 суудал авч, засгийн газар байгуулах хангалттай суудалтай болох ч "ГтА"-тай хамтарсан эвслийг олон нийт хүчтэй эсэргүүцэж буй юм.
Олаф Шольцийн тухай 5 баримт
1. НАТО-гийн эсрэг зогсож, Зүүн Германд очиж байв
-
Улс төрийн карьераа ГСДН-ийн залуучуудын "Юзос" хөдөлгөөнөөс эхэлж, дэд дарга болж байв.
-
Залуу насандаа марксист үзэлтэй байсан ба НАТО-г "түрэмгий империалист эвсэл", Баруун Германыг "том капиталын түшиц газар" хэмээн шүүмжилдэг байв.
-
1980-аад онд Зүүн Германы Социалист намын арга хэмжээнд есөн удаа оролцож, удирдлагуудтай нь уулзаж байжээ.
2. Бөөлжүүлэх үрлийг дэмжигч
-
2001 онд Хамбургийн дотоод хэргийн сенатор (орон нутгийн ДХЯ-ны сайд) болж, хар тамхины наймаатай эрс тэмцэж байв.
-
Хар тамхи хадгалж байсан сэжигтнүүдээс нотлох баримт гаргуулахын тулд бөөлжүүлэх үрэл хэрэглэхийг дэмжиж байжээ.
-
2001 оны арванхоёрдугаар сард Нигерийн дүрвэгч 19 настай Ачиди Жон бөөлжүүлэх үрлээс болж нас барсан бөгөөд энэ хэрэг Германд бөөлжүүлэх эм хэрэглэхийг хориглох үндэслэл болсон.
3. Хар цүнхэндээ үнэнч
-
Bree брэндийн хар цүнхийг 40 жилийн өмнө хуульчаар ажиллаж байхдаа авчээ.
-
Шольц энэ цүнхэндээ хэт дассан тул канцлер болсон ч ашигласаар ирсэн.
-
Өөрийн TikTok хуудсаараа цүнхэндээ баримт бичиг, нүдний шил, цахим таблет хадгалдаг гэдгээ харуулж байв.
4. Далайн дээрэмчний нүдний боолт зүүсэн
-
2023 онд нүүрэндээ шархтай, хар боолт зүүсэн зургаа олон нийтэд харуулж, хүмүүсийн анхаарлыг татсан.
-
Потсдамд гүйлт хийж байхдаа унаж гэмтэл авсан ч хүнд бэртээгүй.
-
G20 уулзалтад оролцохдоо ч хар боолтоо зүүж ирсэн нь хүмүүсийн дунд ярианы сэдэв болжээ.
5. Шүтлэггүй анхны канцлер
-
Шольц бол Германы анхны шашингүй канцлер юм.
-
Өмнө нь зөвхөн 1928-1930 онд Генрих Мюллер шашингүй байсан.
-
Лютераны гэр бүлд төрж, багадаа евангелийн загалмайлагдсан ч, 2021 онд тангараг өргөхдөө "Бурхан надад туслах болтугай" гэсэн үгийг орхисон.