ОХУ хөнгөн цагааны үйлдвэрлэл, экспорт нь улсын орлогын чухал эх үүсвэр болсон орнуудын нэг юм. Хориг арга хэмжээний шинэ багцад хөнгөн цагаанаас гадна видео тоглоомын консолуудын экспортыг хязгаарлах шийдвэр багтжээ. Албаны хүмүүсийн үзэж байгаагаар, Оросын цэргүүд нисгэгчгүй онгоцыг удирдахад эдгээр төхөөрөмжүүдийг ашигладаг байна.
Мөн хориг арга хэмжээнээс зайлсхийж, Оросын эрчим хүчний салбарт нууцаар орлого оруулдаг "сүүдрийн флот" гэгдэх 74 хөлөг онгоцыг хар жагсаалтад оруулсан байна. Ингэснээр хоригт багтсан хөлөг онгоцны тоо 153 болж өсжээ.
Үүнээс гадна ЕХ-ноос Украинд 3.5 тэрбум еврогийн нэмэлт тусламж үзүүлэх шийдвэрийг Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Киевт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ. Тэрбээр "Украины дайн бол Европын ирээдүйд нөлөөлөх хамгийн том хямрал хэвээр байна. Украины эсэргүүцэн тулалдах чадварыг бэхжүүлэх нь бидний эн тэргүүний зорилт хэвээр байна" гэж онцолсон байна.
Эх сурвалж: NHK