Америкийн "Blue Origin" компани "New Shepard" хөлгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр дэд тойрог замд амжилттай хөөргөжээ. Энэ нь тус компанийн сансрын жуулчдын 10 дахь нислэг юм.
Хөлгийг АНУ-ын Техас мужийн Ван-Хорн хотын ойролцоох сансрын буудлаас мягмар гарагт хөөргөсөн бөгөөд нислэг 10-12 минут үргэлжилжээ. Энэ хугацаанд жуулчид хэдэн минутын турш жингүйдэл мэдэрч, сансраас эх дэлхийгээ ажиглах боломжтой болсон байна.
"New Shepard" хөлөг нь дахин ашиглагдах зориулалттай бөгөөд дэд тойрог замд жуулчдыг тээвэрлэх зорилгоор бүтээжээ. Уг хөлөг нь зөөгч пуужин болон зургаан хүний багтаамжтай капсулаас бүрдэх ба Америкийн анхны сансрын нисгэгч Алан Шепардын нэрээр нэрлэгджээ.
Энэ удаагийн нислэгт бизнес эрхлэгч Лейн Бесс, Испанийн телевизийн хөтлөгч, уралдаанч Хесус Кальеха, физикч, бизнес эрхлэгч Элейн Чия Хайд, нөхөн үржихүйн эндокринологич эмч Ричард Скотт, хедж сангийн хувь нийлүүлэгч Тушар Шах нар оролцсон байна.
Тус компанийг "Amazon"-ын эзэн Жефф Безос 2000 онд үүсгэн байгуулсан бөгөөд "New Shepard" хөлгийн анхны туршилтыг 2015 онд хийжээ.
Эх сурвалж: TASS