Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 24-нд Орос-Украины дайны гурван жилийн ой тохиож байна. 2022 оны энэ өдөр Оросын зэвсэгт хүчин Украинд халдан довтолсноор дэлхий нийтийн анхаарлыг татсан өргөн хүрээтэй мөргөлдөөн эхэлсэн юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ ойг угтан өчигдөр Киев хотноо хэвлэлийн бага хурал хийж, АНУ-тай холбоотой санхүүгийн асуудлууд болон дайны нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ.
АНУ-Украины санхүүгийн асуудал
Зеленскийн мэдээлснээр, АНУ-ын өмнөх засаг захиргаа Украинд үзүүлсэн тусламжийг $500 тэрбумын ашигт малтмалын гэрээгээр төлж барагдуулахыг шаардаж байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. Тэрээр уг тусламж нь үнэндээ $100 тэрбум байсан бөгөөд Конгрессын хоёр гол нам болон Ерөнхийлөгч Жо Байден үүнийг “буцалтгүй тусламж” гэж шийдвэрлэсэн тул Украин төлөх ёсгүй гэж үзэж байна.
Зеленский "Би Украинчуудыг 10 үеэр нь өрөнд оруулах зүйлд гарын үсэг зурахгүй" хэмээн мэдэгджээ.
Трампын засаг захиргааны шахалт ба АНУ-ын байр суурь
Зеленский мөн АНУ-ын одоогийн удирдлага Украинд тавьж буй "100 хувийн хүүтэй" тусламжийн нөхцөлийг ил болгожээ. Өөрөөр хэлбэл, АНУ-аас авах нэг доллар тутамд хоёр долларыг буцаан төлөх шаардлага тавьж байгаа аж.
Тэрээр энэ нөхцөл байдлыг шүүмжилж, АНУ Израиль, Саудын Араб зэрэг холбоотнууддаа ийм шаардлага тавьж байгаагүй тул Украинд ингэж өөрөөр хандах болсон шалтгааныг тайлбарлахыг Вашингтоноос шаардсан ч хариу аваагүй байна.
Хэдий тийм боловч Зеленский АНУ-тай стратегийн түншийн харилцаагаа хадгалах хүсэлтэй байгаагаа онцолжээ.
Украины дотоод нөхцөл байдал, сонгуулийн асуудал
Зеленский дайны нөхцөлд ерөнхийлөгчийн сонгууль явуулах боломжгүй байгааг дахин тодотгожээ. Өөрийг нь "дарангуйлагч" гэж нэрлэсэн Трампын мэдэгдэлд хариулт өгөхдөө тэрээр “Дарангуйлагч хүн л дарангуйлагч гэж хэлүүлэх дургүй байдаг биз дээ” гэжээ.
Тэрээр 2019 оны сонгуульд 73 хувийн саналаар сонгогдсоныг сануулсан бөгөөд хэрэв түүний Ерөнхийлөгчийн албан тушаал Украины аюулгүй байдлын баталгаанд саад болж байгаа бол огцроход бэлэн гэдгээ мэдэгджээ.
"Би засгийн эрхэнд хэдэн арван жил үлдэх бодолгүй байна. Гэхдээ бид Украины нутаг дэвсгэрт Путиний засаглал тогтохыг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн тэр онцлов.
Оросын довтолгоо ба агаарын цохилт
Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө Оросын арми Украины нутагт 267 нисгэгчгүй онгоцоор довтолжээ. Энэ нь дайны түүхэнд хамгийн том агаарын довтолгоо болсон бөгөөд Москвагийн эрх баригчид дайны гурван жилийн ойд зориулсан цохилт хэмээн мэдэгдсэн байна.
Украины мэдээлснээр, Оросын арми мөн гурван баллистик пуужин харважээ.
Зеленский ийнхүү сонгууль явуулах ямар ч боломжгүй гэдгийг дахин онцолж, сонгууль явуулахыг шаардсан барууны зарим улс орнууд Оросын суртал нэвтрүүлэгт автсан байж болзошгүй хэмээн мэдэгдсэн байна.
НАТО болон барууны улс орнуудын дэмжлэг
Зеленский энэ долоо хоногт Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Вашингтонд хийх айлчлалууд Украины аюулгүй байдлыг баталгаажуулахад тус болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (1)