Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуурын хотгороор 20-25 хэм, Байдраг, Завхан, Тэс, Туул голын хөндийгөөр 12-17 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -1 хэмээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө -5-10 хэм хүйтэн байна.