Хятадын хиймэл оюун ухааны (AI) салбар дахь шинэ өрсөлдөгч DeepSeek богино хугацаанд эрчимтэй хөгжиж, АНУ-ын технологийн томоохон компаниудын анхаарлыг татаж байна. АНУ-ын эрх баригчид уг компанийг хязгаарлах боломжийг судалж байгаа ч энэ нь тийм ч амархан хэрэг биш бололтой.
DeepSeek-ийн технологи нь OpenAI зэрэг АНУ-ын тэргүүлэгч AI компаниудын загвартай өрсөлдөхүйц түвшинд хөгжиж, илүү хямд өртгөөр хэрэглэгчдэд хүрч байна. Энэ нь АНУ-ын технологийн корпорациудын бизнес загвар, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй тул Вашингтоны эрх баригчид тус компанийн үйл ажиллагааг хязгаарлах талаар судалж эхэлжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI) болон Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) DeepSeek АНУ-ын AI хөгжүүлэлтийн өгөгдлийг хууль бусаар ашигласан эсэхийг шалгаж байгаа бөгөөд Microsoft болон OpenAI ч мөн өөрсдийн технологийг хулгайлагдсан эсэхийг мөрдөн шалгаж байна. Гэвч DeepSeek-ийн өсөлтийг зогсоох нь АНУ-ын эрх баригчдын хувьд хүндрэлтэй асуудал болж магадгүй байна.
АНУ-ын эрх баригчид өндөр түвшний хиймэл оюуны загваруудын хөгжүүлэлтийг хянахын тулд NVIDIA-гийн AI чипүүдийн экспортыг Хятад руу хязгаарласан боловч Бээжин өөрийн бие даасан чип үйлдвэрлэлийн хөтөлбөрийг эрчимжүүлж, АНУ-ын хоригийг тойрч гарах арга замуудыг эрэлхийлж байна.
DeepSeek-ийн амжилт нь Хятадын хиймэл оюуны хөгжлийн томоохон ахиц байж болох ч АНУ-ын өндөр түвшний технологийн хяналт, хязгаарлалтууд тус улсын AI хөгжлийг удаашруулах магадлалтай хэвээр байна.
Эх сурвалж: Reuters