Фото: Reuters
FTX криптобирж, түүнийг санаачлагч Сэм Бэнкман-Фридын сүйрлийн тухай өгүүлсэн зохиолч Майкл Льюисийн номоор Apple компани, A24 кино урлантай хамтран кино бүтээхээр төлөвлөж байгааг Variety сонин мэдээлжээ.
Льюисийн Going Infinite: The Rise and Fall of a New Tycoon ном өнгөрсөн оны аравдугаар сард гараад The New York Times сонины бестселлер болсон юм. Сонины мэдээгээр, номыг жүжигчин, кино зохиолч, найруулагч, “Охид” гэсэн олон ангитаар алдартай болсон Лина Данем кинонд тааруулан өөрчилж байна.
Гуравдугаар сард FTX биржийг үндэслэгч Сэм Бэнкман-Фридыг залилангийн хэргээр 25 жил хорих ялаар шийтгэжээ. FTX нь хоёр дахь том бирж гэж хэлэгдэж ирсэн ба 2022 онд дампуурал зарлажээ.
Бэнкман-Фрид ерөнхий захирлаасаа огцорсон ба түүнийг сарын дараа Хавайгаас баривчилсан байв. Хожим түүнийг 250 сая долларын барьцаатайгаар сулласан байлаа. Тэр шүүх хурал дээр дампуурлыг хакерүүдийн үйл ажиллагаа гэж нэрлэжээ.