УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Ж.Энхбаяр:
-"Цагаан алт" үндэсний хөдөлгөөнийг бүрэн хэрэгжүүлэхэд 2.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнээс арилжааны банкны 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэрээр аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгоно. 2025 онд эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтад 488.9 тэрбум, нийт 788.9 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан. Үүний Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг төсөвт суугдаад, зээл олгож эхэлсэн. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн гурвалсан гэрээгээр эргэлтийн хөрөнгийн 169.3 тэрбум төгрөгийн 43 зээл, хөрөнгө оруулалтын 74.6 тэрбум төгрөгийн 15 зээл олгоод байна. Хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүд зүүн аймгуудаас ноолуур худалдан авч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй үйлдвэр 450 тн ноолуур худалдан аваад байна.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Энэ жилийн ноолуурын борлуулалтад төвөгшил үүссэн. Улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн ноолуур татан төвлөрүүлэх ёстой. Үүнээс 230 тэрбумыг эргэлтийн хөрөнгийн зээлээр гаргаж байгаа юм байна. Энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар энэ зээлийн 32 хувийг гаргаж, эргэлтийн хөрөнгийн мөнгөжүүлэлт дутаад байна. Энэ тал дээр банкуудтай байгуулсан гэрээний хүрээнд цаг хугацаатай асуудалд анхаарлаа төвлөрүүлж үндэсний үйлдвэрүүдээ мөнгөжүүлэх, ноолуурын ханшийг тогтвортой байлгах шаардлага байна. Үндэсний үйлдвэрээс дутахгүй ченж нэг хэсэг улсууд байна. Ноолуур бэлэн мөнгөөр худалдан авдаг. Мөн Гаалийн мэдээгээр угаасан ноолуур орж ирээд байна, энэ ямар учиртай вэ?
Ж.Энхбаяр:
-Одоогийн байдлаар 600 орчим тонн ноолуур худалдан авсан байна. Дорнод аймагт ноолуур нэг кг нь 163000-165000, Сүхбаатар, Хэнтий аймагт 155000-158000 төгрөгийн үнэтэйгээр худалдан авалт хийж байна. Зөвхөн самнах угаахын хооронд 200 гаруй сая ам.доллар буюу 800 тэрбумын өртөг Монгол Улсад үлдэж байгаа. Татвар болж, цалин болж, цахилгаан, дулаан болж, НДШ болж Монгол Улсад шингэж байна.
Боловсруулалтын шат сайжраад ирэхээр өмнө энд угаагаад шууд Хятадын үйлдвэрт нийлүүлдэг байсан ченжийн тогтолцоонд сөрөг нөлөөлж байгаа. Тэр талаас зохион байгуулалттай арга хэмжээ хийхийг үгүйсгэхгүй. Дотоод үйлдвэрлэлээ босгож байгаа цаг үед ноолуурын үйлдвэрийн хувьд алтан үе. Ноос ноолуурын боловсруулалтыг босгож авах үе. Үнэ ч боломжийн байна. Таван жилийн дунджаар түүхий эдийн үнийг хардаг. 2020 онд ноолуур 1 кг нь 50000-60000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 150000-160000 төгрөгөөр авч байна. УИХ-аас баталсан бодлогын дэмжлэг эерэг нөлөө үзүүлж байна. Гэхдээ улсын төсөв батлахдаа манай салбараас 130 тэрбумыг хассан. 1,3 их наядын ноолуурыг дотооддоо 100 хувь авсан бол Монгол Улсад орох өгөөж өндөр байсан. Боловсруулах чадвар сул байгаа учраас үйлдвэрүүд маань бэлэн утас гадагш нь явуулаад будуулаад, нарийн боловсруулалт хийсэн утас авч ирэх, эцсийн бүтээгдэхүүн хийх хольцоо оруулж ирээд байгаа.
Дундын ноолуур авч байсан хүмүүс Монгол Улсад угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал 200-300 хувь бүрэн суурилсан. Дэлхийд өрсөлдөх чадвартай 10 мянган тонн ноолуураа 100 хувь угаагаад, 100 хувь самначихъя. Самнасан ноолуур гэдэг бол Европ, Америкийн хамгийн том зах зээлд том тоглогч болно. Манай зарим иргэд Казахаас ноолуур оруулж ирээд Монголд угааж болосвруулаад Хятад руу экспортолсон статистик байна. Үйлдвэрлэх боловсруулах төвшнөө нэмэгдүүлээд байх тусам ноолуур улам үнэ цэнэтэй болно. Ноолуур бол алт. Угаагаад самначихвал гулуузалсан алт. Бэлэн валют.
100 хувь угааж байгаа бол 100 хувь самная. Дараа нь 100 хувь ээрч утсаа хийх юм бол 4,7 тэрбум ам.долларын ноолуурын зах зээлийн 50 хувийг барилаа гэсэн үг. Зөвхөн ноолуур 2 тэрбум ам.долларын экспорт хийх боломжтой. Одоо бид 404 сая дээр гацчихаад байна. Угаагаад самнахаар энэ жил хамгийн багадаа 600 сая ам.доллар, утас хийдэг хүчин чадлаа нэмэгдүүлэхэд 2 сая ам.доллар луу үсэрнэ. Үүний цаана малчдын амьдрал үр өгөөжтэй болно.
Ноолуурын үнийн өнөөдрийн 5, 10 мянган төгрөгийн уналт түр зуурынх, түүгээр дамжуулж гар хөл болж дайрах юм гарч байна. Дэлхийгээрээ дотоод үйлдвэрлэлдээ анхаарч байна. Тиймээс бид ноолууран тогтвортой бодлого хэрэгжүүлье гэж байгаа юм. Нүүрс, алт зөвхөн валют болоод байгаа юм биш ноолуур ч бас валют.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд олгогдож байгаа зээл Дархан-Уул, Орхон, Улаанбаатар хотод олгогдоол байна, бусад аймгууд яах вэ. Нийт улсыг хамрах хүрээнд ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ? Зээлийг ААН-үүдэд олгох шийдвэрийг хаанаас гаргаж байгаа вэ?
Ж.Энхбаяр:
-Боловсруулах үйлдвэр сая дурдсан аймгуудад байна. Жишээ нь арьс ширний үйлдвэр улсын хэмжээнд 27 байна. Үүний 24 нь Улаанбаатар хотод, нэг ААН Өвөрхангайд, хоёр нь Дархан-Уулд. Ноолуурын боловсруулах үйлдвэр үндсэндээ 99 хувь Улаанбаатар хотод, ноос мөн адил. Үйлдвэрлэлийн дэд бүтэц нь төвлөрсөн газар бий болчихсон.
Зээл олголт дээр ноос, ноолуур, арьс ширний холбоодтой бүрэн дүгнэлт хийгээд, аль үйлдвэр дээр ямар технологи нэвтрүүлэх вэ, алийг нь сайжруулах вэ гэдэг дээр маш сайн ажилласан. Сонгон шалгаруулалтаа холбоодууд хийж байгаа. Ноолууран дээр угаах, зөвхөн ээрэх, сүлжих, утсаа будах, эцсийн бүтээгдэхүүн хийх буюу ахисан төвшиндөө гол хөрөнгийг зориулж байгаа. Бодлогоо ч тэгж гаргасан. 200-300 хувийн хүчин чадал суурилсан байхад шаардлагагүй газар хөрөнгө оруулалт хийхгүй.
Зээл улс орны хэмжээнд хэрэгжиж байгаа. Аймгуудын төвшинд дэд бүтцээ хангасан маш цөөн тооны ААН орж чадаж байна. Ихэнх нь шинээр байгуулна, шинээр боловсруулна гэж байна. Арьс шир боловсруулахад химийн бүтээгдэхүүнийг маш ихээр ашигладаг. Байгаль орчныг хамгаалах зорилгоор цэвэрлэх байгууламжийн асуудал хөндөгддөг. Ховдод хийгдэж байгаа үйлдвэр технологийн парк боловсруулах чиглэлээр бэлтгэгдэж, цэвэрлэх байгууламж нь баригдаж байгаа. Баруун таван аймгийн түүхий эдийг боловсруулах ажил Ховд руу ирэх жилээс төвлөрч хүчин чадал нь нэмэгдэх байх.
Сэтгэгдэл (3)