Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын дээд танхим болох Олий Мажилисын сенатын дарга Танзила Нарбаевад бараалхаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр сенатын танхимын дарга Танзила Нарбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны айлчлал хоёр улсын харилцаанд шинэ үеийг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсныг онцолж, парламент хоорондын харилцан айлчлал, туршлага солилцоог идэвхжүүлэх хэрэгцээ, ач холбогдлыг тодотголоо. Мөн Монголын төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар Ассамблейд оролцож буйд талархал илэрхийлж, хоёр орны найрсаг харилцаа цаг үеийн хөгжлийн нөхцөлд улам бэхжиж байгааг дурдсан юм.
Х.Булгантуяа дэд дарга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал, Элчин сайдын яамны нээлт, шинэ Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент, түүний 32 нь эмэгтэй гишүүнээр сонгогдсон талаар танилцууллаа. Мөн тэрбээр Ташкент хотноо болж буй Олон Улсын Парламентын Ассамблейн ач холбогдлыг онцолж, бүс нутгийн түншлэл, парламент хоорондын харилцааг бататгахад чухал боломж болж байгааг тэмдэглэв.
Талууд цаашид:
-
Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх,
-
Хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх,
-
Туршлага солилцох уулзалтыг тогтмол зохион байгуулах,
-
Парламентын эмэгтэй гишүүдийн оролцоог өргөжүүлэх,
зэрэг асуудлуудаар харилцан санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Х.Булгантуяа дэд дарга Танзила Нарбаеваг 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохыг албан ёсоор урив.
Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Н.Наранбаатар, Б.Пунсалмаа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Монгол Улсаас Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар нар оролцлоо.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар.