АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын бараанд шинэ татвар ногдуулах бодлогоо зарласны дараа 70 гаруй улс АНУ-ын засаг захиргаатай гаалийн татварыг бууруулах асуудлаар хэлэлцээ эхлүүлэх санал тавьсан талаар Сангийн сайд Скотт Бессент “Fox Business” сувгийн “Kudlow” нэвтрүүлэгт оролцох үеэр мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Трамп импортын бүх бараанд доод тал нь 10 хувийн гаалийн татвар ногдуулах бодлого танилцуулсан бөгөөд улс орнуудын нөхцөл байдлыг харгалзан, улс бүрт тусгайлсан татварын хувь тооцоолохоор болсон байна.
С.Бессент ярилцлагын үеэр “Дөрөвдүгээр сарын 2-нд би гадаадын албаны хүмүүст хандан, тайван хандаж, татварыг хэрхэн бууруулах, тарифын бус саадыг арилгах, валютын манипуляци, татаасыг зогсоох талаарх саналаа ирүүлэхийг зөвлөсөн” хэмээжээ. Тэрбээр эдгээр хэлэлцээнд Д.Трамп шууд оролцоно гэдгийг онцолсон юм.
Япон улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба татварын асуудлаар Трамптай утсаар ярилцсан талаар мэдээлсэн бөгөөд АНУ, Япон хоёрын хэлэлцээг Сангийн сайд С.Бессент болон Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар ахлах ажээ. Бессентийн хэлснээр, Япон улс АНУ-тай шуурхай холбогдсон тул тэдэнтэй хийх хэлэлцээг нэн тэргүүнд тавихаар төлөвлөж байгаа гэлээ.
АНУ-ын шинэ тарифын бодлогын суурь тооцоололд худалдааны алдагдал багтсан бөгөөд АНУ гадаад зах зээлд чөлөөтэй, шударгаар нэвтрэхэд тарифын бус саад их байгааг академик судалгааны дүнгээр нотолсон гэж Бессент онцолжээ.
Иймд АНУ-ын шинэ тарифын бодлого нь зөвхөн татвар нэмэх зорилготой бус, харин харилцан ашигтай, шударга худалдааны орчныг бүрдүүлэхэд чиглэсэн алхам болохыг засгийн газрын төлөөлөл тодотголоо.
Эх сурвалж: Fox Business.